Засгийн газар нүүрсний экспортод “найдаж” буй ч гадаад хүчин зүйлс дахин дарамт болж магадгүйг ОУВС анхааруулав
Төсвийн тогтвортой байдал, сахилга батыг чанд дагаж мөрдөх нь нэн чухал болохыг ОУВС онцолж байна
Олон Улсын Валютын Сан Дүрмийн IV заалтынхаа дагуу Монгол Улсын нийгэм, эдийн засгийн төлөвийг дүгнэж, анхаарах асуудлууд, бодлогын зөвлөмжүүдийг нэгтгэн танилцуулав.
Даржин төсөөлөл
Ээлжит тайландаа Олон Улсын Валютын Сан Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 2024 онд 4.5 хувь байна хэмээн тооцоолжээ. Сүүлд Европын Сэргээн босголт, хөгжлийн банк 7.5 хувиар, Сангийн яам долоон хувиар өснө гэж үзсэнтэй харьцуулбал Олон Улсын Валютын Сангийн төсөөлөл нэлээн пессимист байгаа юм. Харин 2023 онд өсөлт тогтвортой хадгалагдаж, 5.5 хувьтай гарахад уул уурхайн идэвхтэй үйл ажиллагаа, төсвийн тэлэлт дэм болно гэжээ.
Түүнчлэн 2027 он хүртэлх хугацаанд зэсийн болон нүүрсний үнэ өнөөгийн түвшнээсээ төдийлөн том өөрчлөлтгүй, харьцангуй тогтвортой байна гэсэн төсөөлөл хийсэн байна.
Гадаад “шок”-т эмзэг
Мөчлөгийн шинжтэй төсвийн тэлэлт нь эхэндээ өсөлтийг дэмжих төлөвтэй ч цаашид төсвийн бодлого өөрчлөгдөхгүй байснаар дунд хугацаандаа инфляц дахин өдөөгдөж, Монголбанкны зорилтот түвшнээс дээгүүр хадгалагдахын зэрэгцээ гадаад хүчин зүйлс дахин дарамт болж магадгүйг Олон Улсын Валютын Сан анхааруулж байна. Эдгээр нь 2024 оноос хойш уул уурхайн бус салбар болон өсөлтийн ерөнхий төлөвт ихээр нөлөөлөхөөр байгаа аж.
Төсвийн чанга бодлого хэрэгжүүлэхгүй бол төсвийн тэнцлийн үзүүлэлт 2024 онд улам муудаж, Засгийн газрын өрийн хэмжээг нэмэгдүүлэн, Монгол Улсын эдийн засгийн тогтворжилтод эрсдэл учруулна гэж үзсэн байна.
Олон Улсын Валютын Сангийн дүгнэснээр эдийн засгийн суурь төлөвтэй холбогдох эрсдэлүүд ерөнхийдөө сөрөг тал руу хэвийж байгаа аж. Гадаад өр өндөр, гаднын эрсдэлээс хамгаалах нөөц хязгаарлагдмал, импорт болон түүхий эдийн экспортоос хамааралтай байдал нь Монгол Улсыг аливаа гадаад “шок”-ийн нөлөөнд эмзэг болгож байгааг онцолжээ.
Төсөв, төсөв, төсөв…
Өндөр үнээр олж авсан эдийн засгийн тогтворжилтыг цаашид хадгалахын тулд төсвийн тогтвортой байдал, сахилга батыг чанд дагаж мөрдөх нь нэн чухал болохыг Олон Улсын Валютын Сан анхааруулсан байна. Тиймээс төсвийн реформ хийх замаар макро эдийн засгийн болон гадаад сөрөг нөлөөллийг бууруулж, өрийн динамикaa сайжруулах боломжтой хэмээн зөвлөжээ.