Монголчууд Францад “уран” нийлүүлнэ гэсэн мэдээнд Оросууд дургүйцэж “үгийн муу”-аар биднийг доромжилжээ

0

Манай улс ОХУ-аас цахилгаан, төмөр зам, шатахууны хувьд бүрэн хамааралтай явж ирсэн. Харин сүүлийн жилүүдэд оросоос хамааралтай гэдгээ улам их мэдэрдэг болж, жилдээ нэг удаа нийтээр бензинд оочирлож, улсаараа тогоо таслуулдаг болж. Харамсалтай нь энэ бүх хамаарлаас гарахын тулд сүүлийн 10 жилийн хугацаанд олон төсөл хөтөлбөрийг эхлүүлсэн боловч, өнөөдрийг хүртэл нэг нь ч хэрэгжээгүй сууна.

-ТӨМӨР ЗАМЫГ Х.БАТТУЛГА ГАЦААЖ, ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨСЛҮҮДИЙГ “ЭХ ОРОНЧ” ГЭХ ИРГЭД ЭСЭРГҮҮЦЭЖ ӨНӨӨДРИЙГ ХҮРСЭН-

Тухайлбал,нүүрсний экспортын гол гарц болох Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаа “нарийн цариг”-тай тавих гэсэнд Х.Баттулга эсэргүүцэж явсаар эцэст нь түүнийг МУ-ын Ерөнхийлөгч байх үед нь энэ чиглэлийн төмөр замын цариг нарийн байна гэсэн УИХ-ын 64 дүгээр тогтоолыг Үндсэн хуулийн цэц хүчингүй болгосон. Үүнд Ерөнхийлөгч асан Х.Баттулга нөлөөлсөн байж болзошгүй гэдэг. Мөн тэрбээр Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байхдаа Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг “бүдүүн цариг”-тай тавиулж, өдгөө Монгол Улс олон зуун км “мухар төмөр зам”-тай сууж байна. 

Мөн ОХУ-ын иргэн Евгений Симонов болон түүний монгол эхнэр Дүгэрсүрэнгийн Сүхгэрэл нар Монголын дотооддоо цахилгаан эрчим хүч бий болгох төслүүдийг зогсоож, хэрхэн хорлон сүйтгэх ажиллагааг хийж байсан талаар ноцтой мэдээлэл гарч байв.

Тодруулбал,тэд “Хил хязгааргүй гол” ТББ-ын үйл ажиллагаагаар Монголын дотооддоо цахилгаан эрчим хүч бий болгох төслүүдийг зогсоож чадсан байгаа юм. Ингэхдээ Е.Симонов байгаль орчны тэмцэгч гэх нэрийг ашиглан нутгийн иргэдтэй танилцаж, тэднийг “хорлон сүйтгэх” үйл ажиллагаандаа ашиглаж, өөрийн олон Монгол үнэнч дагалдагчдыг цуглуулж, өнөөг хүртэл тэд нар нь түүний хорлон сүйтгэх ажлыг үргэлжлүүлж байгаа” гэх мэдээлэл гарсан. Хачирхалтай нь, Е.Симоновын монгол эхнэр Д.Сүхгэрэл нь “Оюу Толгойн Хяналт” гэх нэртэй ТББ-ыг байгуулж өөрөө тэргүүлж байгаа нь ч өөр хардлагыг төрүүлж байгаа. 

-МОНГОЛЫН ХҮН АМЫН ГУРАВНЫ НЭГ НЬ УУХ УСНААС ӨӨР ЮУ Ч ҮГҮЙ ТАМЫН ЯДУУ” ЗЭРГЭЭР МАНАЙ УЛСЫГ ДОРОМЖИЛЖЭЭ-

Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрөгч өдрүүдэд Франц улсад төрийн айлчлал хийж, манай хоёр орон уран олборлолт, сансрын технологи, онцгой байдал зэрэг салбарт хамтран ажиллахаар болоод байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн энэхүү айлчлал мэдээж манай улсын гадаад харилцааг шинэ түвшинд авчирч байна. Тэгвэл Монгол, Францын хамтын ажиллагаа нь Оросын зарим иргэдэд таалагдахгүй байгаа бололтой. Тодруулбал, vz.ru гэх оросын мэдээллийн сувагт “Сосед России заменит французам Африку” буюу “Оросын хөрш францчуудыг Африкийг орлох болно” нийтлэл гарчээ. ЭНД ДАРЖ үзнэ үү.

Тус нийтлэлийн агуулга Ерөнхий сайд асан С.Баярыг ч бухимдуулсан юм. Тэрбээр, тус нийтлэлийн талаар өөрийн твиттер хуудастаа, “Хорсол+доромжлол+ихэрхэл. Энэ нийтлэлийн агуулга нь энэ гурваас л бүтэж. Арай л байна. “Шинэ оросууд”, тэдний бодол, хандлагад дэлхий даяраа, тэр тусмаа хөршүүд нь дургүй болж буй үндсэн шалтгаан нь ердөө энэ. “Би доошилж болно. Чамайг л өөд гаргахгүй бол болоо” гэх орк бодол, хандлага. Яана даа” гэсэн сэтгэгдлийг бичжээ. 

Учир нь тус нийтлэлд, “Э.Макрон тавдугаар сар /2023.05/-д Монгол Улсад айлчлал хийхдээ, энэ улсыг нүүрстөрөгчөөс ангижруулах ажилд санхүүгийн тусламж үзүүлнэ гэж мэдэгдсэн. Монголын орон нутгийн цахилгаан станцуудын 90 хувь нь нүүрсээр ажилладаг, хүн амын бараг гуравны нэг нь зөвхөн уух устай, тамын ядуу амьдарч байгаа нь үнэн. Харин Францын Засгийн газрын Б төлөвлөгөө нь алс холын Монгол Улс. Барууны мэдээнд энэ улсын талаар бараг юу ч гардаггүй. Жишээ нь тахал өвчин гарсан гэж заримдаа оросын хэвлэл мэдээлдэг ч Францад тийм биш” зэргээр манай улсыг үгийн муугаар муулжээ.

-ОРОСЫН УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ГОЛ ӨРСӨЛДӨГЧ НЬ МОНГОЛ УЛС ТУЛ ТЭД МАНАЙ ТӨСЛҮҮДИЙГ ЯВУУЛДАГГҮЙ ЮУ-

Харин оросууд биднийг доромжлоод байгаа нэг шалтгаан нь, “Франц Улс ОХУ-аас авдаг байсан уран зэрэг уул уурхайн бүтээгдэхүүнээ Монгол Улсаас авах гэж буйтай холбоотой байх талтай. Учир нь нийт ураны 32 хувийг АНУ, 19 хувийг БНХАУ, 15 хувийг Франц улс хэрэглэж дэлхийд эхний гурван байрт бичигддэг. Харин ураны хэрэглээ хамгийн их Франц улсад “ураны орд” байхгүй. Иймд ураны хэрэглээгээ Нигер болон ОХУ-аас “баяжуулаагүй уран” авч хангадаг байгаа юм. ОХУ нь Украины газар нутагт халдаж цэрэг, дайны үйл ажиллагаа явуулах болсон тул барууны орнуудын хоригт орсон. Энэхүү хязгаарлалтад Францын ОХУ-аас импортолдог уран зэрэг уул уурхайн бүтээгдэхүүнүүд орж байгаа.

Иймд Франц улс ОХУ-аас авдаг ураны хэрэглээгээ монголоос нөхөж, манай улсад их хэмжээний орлого орохоор болоод байгаа.

Уран хамгийн их хэрэглэдэг улс орнуудын график. 2021 он
Уран хамгийн их хэрэглэдэг улс орнуудын график. 2021 он

Сонирхуулахад, дэлхийн нийт ураны 46 хувийг Казахстан, 10 хувийг Канад, 9 хувийг Австрали, 5 хувийг Орос олборлодог. Харин Монгол Улсын хувьд ураны нөөцөөрөө дэлхийд эхний 20 дугаарт, Азидаа эхний 10 дугаар байранд орж байгаа бөгөөд 2022 оны байдлаар манай улсад 180 мянган тонн ураны нөөц илэрсэн ба энэ тоо жил ирэх тусам нэмэгдэж байгааг судлаачид онцолдог. Иймд манай улс дэлхийн ураны нийт хэрэглээний 5 хувийг нийлүүлдэг болох боломж нээгдэж байгааг ч үгүйсгэх аргагүй юм.

Нөгөө талаар Монгол Улс бол ОХУ-ын хувьд уул уурхайн бүтээгдэхүүний гол өрсөлдөгч тул тэд ямар нэг байдлаар манайд нөлөөлж уул уурхайн төслүүдийг урагшлуулдаггүй байж болзошгүй. Учир нь төмөр замаа бүдүүн, нарийн царигаар тавина гэж биднийг маргалдаж байх хугацаанд оросууд хятад руу чиглэсэн нарийн царигтай төмөр замыг барьж, 2022 онд ашиглалтад оруулсан. Үүнийгээ тэд “БНХАУ-ын эдийн засгийн хамтын ажиллагаа, экспортын шинэ замын гол холбоос болж, Алс Дорнодод шинэ үйлдвэр, логистикийн төвүүдийг бий болгох хөшүүрэг болно” гэж мэдэгдсэн. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *