Нийслэлийн МАН-аа булаацалдсан МАН-ынхны “хэрүүл”

0

МАН нанчилдаантай байна. Тэдний “хэрүүл” Нийслэлийн МАН-ын даргын суудлыг булаацалдаж буй нь илт болж эхлэв. Д.Сумъяабазар суудлаасаа “ховхорсноос” хойш МАН доторх тэмцэл томров.

Д.Сумъяабазар Хотын даргаасаа буусан тул Нийслэлийн МАН-ын даргын суудлыг ч бас чөлөөлж өгөх ёстой гэх асуудал хөндөгдөж буй. Харин Д.Сумъяабазар Хотын даргаас огцорч буйгаа мэдэгдэх үедээ “Би Нийслэлийн МАН-ын даргын суудлаас огцрохгүй. Нийслэлийн МАН бол миний байгуулсан намын хороо. Би 2020 оны сонгуульд намаа ганцаараа удирдаж орсон. Д.Амарбаясгалан даргаас ямар ч чиглэл авч байгаагүй. 75.6 хувь нь дандаа шинэ залуусыг дэвшүүлсэн.” гэж хэлж байлаа.

Магадгүй Д.Сумъяабазар хотын даргаас огцрох үед буюу /2023.10.02/ тухайн өдрийн үдээс өмнө сэтгүүлчийн “та ёсзүйн хариуцлага хүлээж Хотын даргаас огцрох уу?” гэсэн асуултанд огцрох эсэх талаар ганц үг хэлэлгүй байснаа үдээс хойш Ерөнхий сайдын өрөөнд орж гарч ирээд л огцрохоо мэдэгдсэн нь Нийслэлийн МАН-ын хороог хэвээр удирдах тохироо байв. Гэтэл МАН-ын генсек Д.Амарбаясгалан Нийслэлийн МАН-ын даргын суудлыг ч мөн адил өгөх ёстой гэсэн байдлаар хандсан нь Д.Сумъяабазарыг олон “мэх”-нээсээ хийхэд хүргээд буй бололтой.

Учир нь Д.Амарбаясгалангийн талаарх нийтлэл Д.Сумъяабазарын Хотын даргаасаа огцордог өдрийн өмнөхөн гадны сайтад нүүрсний хулгайч мэтээр нийтлэгдэв. Уг нийтлэл гарсны дараа Д.Амарбаясгалан “намайг зориудаар гүтгэн харлуулж байна. Намайг хичнээн нүүрсний хулгай, авлигачин гэж харлуулсан ч надаас юу ч олж долоохгүй” гэж мэдэгдсэн.

Үүний дараа “Админерал” гэх нэвтрүүлэг олон нийтэд цацагдав. Д.Амарбаясгалангийн тухай өмнө гарсан нийтлэлтэй яг ижил агуулгаар МАН-ын Ц.Чулуунзагд гэгчтэй холбон уг нэвтрүүлэг гарав. Нэвтрүүлэг бэлтгэсэн сэтгүүлчид нь удалгүй БНХАУ-д зурагаа татуулсан явдал нь олон нийтийн дунд Хотын дарга асан Д.Сумъяабазарын хийсэн ажил байна гэх хардлагыг олон нийтийн сүлжээнд бий болгов. Тухайн сэтгүүлч нь “Улаанбаатар хотыг тойрсон 93 км урттай тойрог хурдны зам, Хурдны замын төгсгөлөөс 7 буудал хүртэл үргэлжилсэн метроны 1-р шугамыг тавих гэж байгаа БНХАУ-ын төрийн өмчит CCCC FIRST HIGHWAY ENGINEERING GROUP ХХК-ийн урилгаар, тус компанийн үйл ажиллагаатай танилцах зорилгоор Бээжин рүү 4 хоног яваад ирэв.” гэсэн байна лээ. Сэтгүүлчдийг БНХАУ-ын Төрийн өмчит компани урьж залан авч явсан гэдэг нь хачирхалтай…

Нөгөөтэйгүүр өнгөрсөн долоо хоногт учир битүүлэг 10 сая доллар Үндэсний хөрөнгө оруулалтын банкны дансанд ороод Монголбанк тодруулахаар царцаав гэх албан бус мэдээлэл гарсан. Олон хүн үүнийг Д.Амарбаясгалангийн хариу цохилт гэж бичсэн байна лээ.

Наймдугаар сард үед буюу үерийн дараа Хотын даргыг огцруулах акцыг МАН-ын генсек явуулж байна гэх мэдээллүүд гарч байлаа. Бүр түүнээс ч өмнө буюу 2020 онд Д.Амарбаясгалан Нийслэлийн МАН-ын хороог татан буулгах саналыг У.Хүрэлсүхэд гаргаад У.Хүрэлсүх, Д.Сумъяабазар нар зодолдсон гэх мэдээлэл гарч байв.

Ямартаа ч энэ удаа Д.Амарбаясгалан Д.Сумъяабазар нарын тэмцэл “барьцанд” хүрч байх шиг байна.

Эх сурвалж: newspress

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *