Эрчим хүчний салбар сэргэхгүй бол шинэ сэргэлтийг горьдолтгүй…
Эрчим хүчний салбар өндийхгүй нь
Тээр ард үлдсэн эрчим хүчний салбар
Төсвийн хөрөнгийн 7 хувиар эрчим хүчний салбар сэхэхгүй
Эрчим хүчний салбар сэргэхгүй бол шинэ сэргэлтийг горьдолтгүй
————————————————————————–
Муу амлаж байгаа мэт боловч бодит нөхцөл байдал ингэж л харагдаж байна.
Монгол Улсын эрчим хүчний салбарын найдвартай, аюулгүй байдал алдагдсан болохыг өнгөрсөн хоёр зуны үйл явдал харуулсан. 2021 оны долдугаар сард, Үндэсний баяр наадмын өмнөхөн Улаанбаатараас гадна Төв аймаг, Дархан, Сэлэнгэ, Орхон, Сүхбаатар, Өмнөговь хүртэл цахилгаангүй болсныг өнөөдөр бараг мартацгаасан байх. Харин энэ зун ээлж дараалан цахилгааны хязгаарлалт хийж, засвар хийсэн. Гэвч засвар хийгээд удаан торгоох боломжгүй болсныг салбарын мэргэжилтнүүд нь ч учирлаад удаж байна.
Эрчим хүчний салбарын ачаалал (Эх сурвалж: ҮАГ)
Ийнхүү улсын стратегийн энэ чухал салбар нүдний өмнө хоолойд тулсан асуудал болчхоод байхад хөрөнгө оруулалт буурсаар байгаа нь сэтгэл түгшээж буй юм.
Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг харвал дээрх нөхцөл байдал мөн л өөрчлөгдөөгүй гэж болохоор байна. Ирэх онд эдийн засаг 7% буюу 74 их наяд төгрөг байх бөгөөд 27.2 их наяд төгрөгийн орлого олно гэж төлөвлөсөн. Энэ хүрээнд 3.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтаар 1050 төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээс төлөвлөснөөс эрчим хүчний салбарт ердөө 7% нь л ногдож байна. Тус салбарт 605 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 103 төслөөс 250 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2024 онд төсвийн хөрөнгөөр хийхээр төлөвлөсөн нь энэ.
Харин эрчим хүчтэй гол ажлуудыг олон улсын байгууллага, гадаадын зээл тусламжаар л хийх нь. Тодруулбал, Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-ын зээл, тусламжаар Эрдэнбүрэнгийн УЦС, БНСУ-ын зээлээр 10 аймгийн дулааны станц барих төслийг санхүүжүүлэх ажээ. Засгийн газрын гадаад төслийн зээлийн хувьд 2,332.6 сая буюу 2.3 тэрбум ам.доллартой тэнцэх эх үүсвэрийг дэд бүтцийн буюу зам, тээвэр, эрчим хүч, орон сууц, нийтийн аж ахуйн салбаруудад зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд дэд бүтцийн салбарын 13.2 хувийг уул уурхай, эрчим хүчний салбарууд тус тус эзэлж байгааг Төсвийн төсөлд тусгажээ.
Энэ бүхэн эрчим хүчний салбар тэргүүнд тавигдаж чадахгүй байгааг илтгэнэ.
Монгол Улс эрчим хүчнийхээ 81 хувийг л дотоодын эх үүсвэрээр хангаж буй. Үлдсэн хувийн дийлэнхийг ОХУ болон Хятад улсаас импортолж байгаа ба ойролцоогоор 20 орчим тэрбум төгрөгийг үүнд зарцуулж байна. Нөгөө талаар дотоодын эрчим хүчний салбарын алдагдал жил тутам 35-36% өсөж 2020 онд 62.4 тэрбум төгрөг байсан бол өдгөө 190 тэрбум төгрөг даваад байгаа нь төрийн оролцоотой холбоотой. Төрөөс эрчим хүчний салбарыг чөлөөлж, зах зээлийн зарчмаар нь явуулахгүй барьсаар, халамжийн бодлогынхоо нэг хэрэгсэл байлгасаар байгаад салбарын мэргэжилтнүүд шүүмжлэлттэй ханддаг ч нөхцөл байдал өөрчлөгдөхгүй явсаар энэ түвшинд хүрлээ.
Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөрт тусгасан арга хэмжээнд нийт 11.2 их наяд төгрөг шаардлагатай ч 2015 онд уг бодлогыг баталснаас хойш хийсэн хөрөнгө оруулалт нь 10%-д нь ч хүрэхгүй байгааг Үндэсний аудитын газар тайландаа дурдсан байна.
2021 онд нийтээрээ шахам цахилгаангүй болохоос хоёр сарын өмнө энэ салбарт тулгамдсан асуудлуудыг экс сайд болон хотын дарга нар танилцуулж байв. Энэ үеэр Улаанбаатар хотын эрчим хүчний хангамжийн өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангаж, цахилгаан, дулаан хангамжийн системүүдэд өргөтгөл, шинэчлэл хийх төсөл арга хэмжээнд урьдчилсан байдлаар 3,484.1 тэрбум буюу 3.5 их наяд төгрөг шаардлагатай гэсэн юм. Харин өнөөдөр төсвийн төсөлд 220 гаруй тэрбум төгрөг тусгасан нь нийслэлийн хэрэгцээний 10%-д ч хүрэхгүй байгааг харж байна.
Эрчим хүчний салбарт дорвитой шинэчлэл хийхгүй бол Шинэ сэргэлтийн бодлого ч тэр, мега төслүүд ч тэр хэрэгжихэд хүндрэл гарах нь цаг хугацааны асуудал болох нь.