Хоёр улсын иргэд үгсэж, хил дамнуулан мал хулгайлахыг завджээ
Увс аймгийн Сагил сумын нутаг дахь хилийн хэсгээр хил зөрчиж орж ирсэн Тувагийн иргэдийн нэг нь манай хилийн цэргийн алба хаагчдын бууны суманд өртөж амиа алдсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тус үйл явдалтай холбоотойгоор Хил хамгаалах байгууллагаас дараах тайлбарыг өгөв.
Увс аймгийн Улаангом сум дахь Хилийн цэргийн 0245 дугаар ангийн хариуцсан хэсэг, улсын хилийн дугаар тэмдгийн чиглэлд 2023 оны 10 дугаар сарын 17-ны шөнийн 02.00 цагийн орчимд манай талын хилийн инженерийн торон саадын байгууламжийн хажууд морь тургих чимээ гарсныг холоос хилийн манаа илрүүлэн, анхааруулах дохио өгч, Монгол Улсын хилийн тухай хуулийн 48.1.5 (Улсын хил хамгаалах байгууллагын хамгаалалтад байгаа обьектод хүч хэрэглэн халдсан, халдахыг завдсан) дахь заалтын дагуу тухайн чиглэлд нам доор газраас уулын өөд буудахад улсын хил зөрчсөн Оросын Холбооны Улсын 1 иргэн суманд оногдож нас барсан байна.
Үүссэн асуудалтай холбогдуулан хилийн дэглэмийн гэрээг үндэслэн Оросын Холбооны Улсын талтай хилийн уулзалт зохион байгуулан, хамтарсан шалгалт явуулахад хилийн дугаар тэмдгийн чиглэлээр Оросын Холбооны Улсын талаас Монгол Улсын тал руу морин уналгатай 3 хүн мал хулгайлах зорилгоор улсын хил зөрчиж, хилийн инженерийн торон саадыг тасалсан, морин уналгатай 2 хүн тухайн чиглэлээр буцаж оросын тал руу хил зөрчсөн нь тогтоогдсон.
Хилийн зөрчил болсон газрын орчимд буюу хилээс 1 км зайтай олдсон 39 тооны адуу (азарга нь GPS-тэй) эзэн хариулгагүй, холоос туугдсан шинж тэмдэгтэй байсныг илрүүлэн, шалгахад тухайн адуу улсын хилээс 15 километрт бэлчээрлэж байснаа хилийн зүг 10 дугаар сарын 16-наас 17-ны шилжих шөнө тасралтгүй туугдсан (GPS-ийн бичлэг, адууны хөлс) нь тогтоогджээ.
Азарганд зүүсэн GPS-ийн мэдээллээр туугдсан замналын дагуу үзлэг хийхэд улсын хилээс 6 километрт байрладаг эзэнгүй айлын өвөлжөөнд автомашинтай хүмүүс тухайн адууг хашсан шинж тэмдгийг илрүүлжээ.
Хоёр улсын иргэд үгсэн тохиролцож улсын хил дамнуулан мал хулгайлахыг завдсан зөрчилтэй холбогдуулан Увс аймгийн хууль хяналтын байгууллагуудын хамтарсан бүлэг шалгалтын ажиллагаа явуулж байна” гэж Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдлээ.