ЦЕГ: Цахим орчинд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан 1314 веб сайтыг шалгаж байна
Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний 9 сарын байдлаар цахим орчинд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан 48 тоглоомын 1314 веб сайтын мэдээллийг Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран хаалгаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Мөрийтэй тоглоомд донтсон иргэд эд хөрөнгө, орон сууц, автомашин, хадгаламж, бэлэн мөнгөө алдах цаашилбал өрөнд орж, сэтгэл санаагаар унаж, амиа хорлох, улмаар гэр бүл салах, хэвийн амьдрах бүх боломжоо алдах хор уршиг дагуулж байгаа нь энэ төрлийн гэмт хэргүүдийн шалтгаан нөхцөлөөс харагдаж байна.
Цахим мөрийтэй тоглоомд бага хэмжээгээр хожиж байна гэдэг нь таныг дахин тоглох сэдлийг төрүүлж байгаа нэгэн төрлийн арга гэдгийг та бүхэн анхаарах хэрэгтэй.
Иймд цахим мөрийтэй тоглоомд мөнгө төгрөг, эд хөрөнгө, амьдрал, цаг хугацаа, гэр бүлээ алдаж байгааг ойлгон ухамсарлаж, энэ төрлийн хууль бус үйлдлээс татгалзахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.