Ажлын байранд архи уусан нь ажлаас чөлөөлөх үндэслэл болжээ
Б байгууллагын дарга нь ажилтан А-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан байна. Гэвч иргэн А уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандан “ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих санд нөхөн төлүүлэх, нөхөн бичилт хийлгүүлэх, сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.
Б байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ажилтан А нь ажлын байранд архи уусан нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил тул ажлаас чөлөөлсөн гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.
Анхан шатны шүүх маргааныг хянан хэлэлцээд иргэн А нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Иргэн А нь би ажлын байранд архи уугаагүй, зүрх өвддөг учраас эмчийн заавраар долоогонын ханд уусан гэж маргаж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль бус гэж үзэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг шүүх хянаад:
- Хэрэгт авагдсан баримтуудаар иргэн А нь хариуцагч Б байгууллагад жижүүрээр ажиллаж байхдаа 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ажлын байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдсон.
- Хөдөлмөрийн гэрээнд ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь тогтоогдсон тохиолдолд “ноцтой зөрчил”-д тооцож ажлаас шууд чөлөөлөхөөр талууд харилцан тохиролцсон.
- Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт ажилтан хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан “ноцтой зөрчил” гаргасан нь тогтоогдсон тохиолдолд ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахаар заажээ.
- Хариуцагч Б байгууллагын дарга нь ажилтан А-г хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтыг зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн маргааны үйл баримтыг зөв тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, иргэн А-ийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иргэн А нь тухайн үед ажлын байранд долоогонын ханд уусан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзжээ.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан байна гэж үзэж, шийдвэрийг хэвээр үлдээж, иргэн А-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж: Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх