ХЭҮК: Д.Мөнх-Эрдэнэ зодуулсан, эрх нь зөрчигдсөн асуудал байхгүй. Гэхдээ манай дүгнэлт эцэслэн гараагүй байна
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 413 дугаар хорих ангид ял эдэлж байгаа “Д.Мөнх-Эрдэнийн биед SWAT гэсэн хувцастай буюу тусгай ажиллагааны албаны алба хаагчид халдсан, эрүү шүүлт тулгасан, түүний улмаас Д.Мөнх-Эрдэнийн эрүүл мэнд нь муудаж эмнэлгийн тусламж авч байгаа” гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд гарсан.
Мөн Ардчилсан намынхны зүгээс мэдээлэл хийж, “Д.Мөнх-Эрдэнийг улаан малгайтай хүмүүс ирж зодсон. Эрүүдэн шүүсэн, цахилгаан бороохой ашигласан” гэсэн.
Тэгвэл уг асуудлаар Хүний эрхийн үндэсний комиссоос өнөөдөр мэдээлэл хийлээ. Тодруулбал “2023.10.12-ны өдөр тусгай ажиллагааны албаны алба хаагчид тус хорих ангиад ажилласан. Тэд хоригдлуудын гарыг ар шилэнд нь байрлуулж, гадна талбайд суулгасан. Нүцгэн биений үзлэг хийсэн. Ингэхэд эсэргүүцсэн хүмүүст шаардлага тавьсан. Хорих ангийн найман өрөөнд нэгжлэг хийсэн. Ингэхдээ хоригдлуудыг хана руу харуулж, гарыг нь ар шилэнд байрлуулж, суулгасан. Энэ нэгжлэгт Д.Мөнх-Эрдэнэ хамрагдаагүй байна.
ХЭҮК-ын Ажлын хэсэг Д.Мөнх-Эрдэнэтэй уг асуудлаар биечлэн уулзаж ярилцсан. Ингэхэд тайлбар хэлээгүй, харин “албан ёсоор бичгээр мэдэгдлээ гаргана” гэж хэлсэн. Тэр өөрөө болон түүний гэр бүл, өмгөөлөгч нь ХЭҮК-т хандаагүй.
Д.Мөнх-Эрдэнэтэй уулзахад түүний хөдөлгөөн, өөрийгөө илэрхийлэх чадвар хэвийн байсан. Биенд нь ямар нэг шарх сорви үүсээгүй. Тийм учраас зодуулсан гэх боломжгүй. Д.Мөнх-Эрдэнэ эхнэртэйгээ 72 цагийн уулзалтаар хэвийн уулздаг. Харин эхнэртэйгээ цахим уулзалт хийх үеэр хорих ангийн зүгээс бичлэг хийхэд нь эсэргүүцсэн учраас хорих ангийн удирдлага түүний ар гэрийн уулзалт, эргэлтийг 30 хоногийн хугацаагаар хориглосон байсан. Гэхдээ манай байгууллагын шалгалтын дүгнэлт эцэслэн гараагүй. ХЭҮК хорих ангиудад тогтмол хяналт шалгалт хийдэг.” гэсэн мэдээлэл хийв.
Эндээс дараах эргэлзээтэй асуудлууд хариултгүй үлдэж байна.
- ХЭҮК-ын дүгнэлт эцэслэн гараагүй юм бол “Д.Мөнх-Эрдэнэ зодуулаагүй, түүний эрх зөрчигдөөгүй” гэх агуулгаар ХЭҮК олон нийтэд мэдээлэл хийх нь боломжтой зүйл үү? Тус байгууллага баримтаар нотлогдсон дүгнэлтийг танилцуулах, зөвлөмж хүргүүлэх үүрэгтэйгээс биш, дүгнэлт гараагүй байхад олон нийтэд эргэлзээтэй буюу таамаг төдий мэдээлэл өгөх нь ямар ач холбогдолтой вэ?
- Д.Мөнх-Эрдэнэ ХЭҮК-т ямар ч тайлбар хэлээгүйг ХЭҮК мэдэгдэв. Үүний цаана, “Д.Мөнх-Эрдэнэ бичгээр буюу баримт болж үлдэх зүйлээр асуудлаа ярих шалтгаан байж болзошгүй” гэж ойлгогдоно. Тэгвэл тэр шалтгаан нь ил болоогүй буюу Д.Мөнх-Эрдэнэ бичгээр тайлбараа гаргаагүй байхад ХЭҮК “биед нь шарх байгаагүй” гэх үндэслэлээр түүнийг зодуулаагүй, эрх нь зөрчигдөөгүй гэж мэдээлэл хийх нь зохимжтой юу?
- Хорих ангиас хүний эрхийн асуудал хөндөж байгаа нь Д.Мөнх-Эрдэнэ л болоод байна. Магадгүй түүн шиг асуудлыг туулж байгаа ч олон нийтэд хандаж чадахгүй хэчнээн хүн ял эдэлж байгаа бол? зэрэг асуудал хариултгүй хэвээр л байна.
Эх сурвалж: Цахиур.mn