“Ногоон автобус” хаачсан нь, цаашид хэрхэх нь тодорхойгүй сураг алдарчээ
Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлын хүрээнд эхний ээлжид оруулж ирсэн том оврын 100 ногоон автобус нэлээд шуугиан тариад авсан ч одоо хаана байгаа нь, цаашид яах нь сураг ажиггүй зүүд зэрэглээ мэт замхраад буй.
Нэгэнт стандартын шаардлага хангаагүй тул нийтийн тээвэрт ашиглах боломжгүй нь тогтоогдсон “дуулиант” ногоон автобуснууд одоо яг хаана байгааг, хаашаа яаж буцаахыг сурвалжилсан юм.
НЗДТГ, АТГ, НТГ: Бид мэдээлэлгүй байна
Энэ хүрээнд бид НЗДТГ, АТГ, НТГ-тай холбогдсон ч бүгд “Ямар ч мэдээлэл байхгүй, хаана байгааг нь огт мэдэхгүй байна” гэсэн хариулт өглөө.
НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Манайд ямар ч мэдээлэл байхгүй. Хэргийг АТГ шалгаж байгаа тул тэндээс асуу” гэв.
АТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Т.Мөнхтунгалаг “Мөрдөн байцаалт үргэлжилж байгаа тул нэгдсэн дүгнэлт гартал мэдээлэл өгөх боломжгүй. Ногоон автобуснууд одоо хаана байгааг манайх мэдэхгүй” гэлээ.
Иймд НТГ-аас лавлатал тус газрын хэвлэлийн төлөөлөгч н.Үүрийнсолонго мөн адил ногоон автобуснууд хаана байгааг мэдэхгүй гэдэг хариултыг л өгөв.
Тиймээс ээдрээт хэргийн гол буруутан, ногоон автобуснуудыг оруулж ирсэн “Тэнүүн-Огоо” ХХК-ийн автобааз руу очлоо.
“Ногоон автобус”-нуудыг хаа нэг тийш зөөвөрлөжээ
Эх сурвалжийн мэдээлснээр ногоон автобуснууд энэ сарын 17-ны өдөр Гурвалжингийн гүүрнээс Сонсголон руу салдаг замын баруун талд байрлах “Тэнүүн-Огоо” ХХК-ийн энэ бааз дээр байрлаж байсан.
Гэвч биднийг очиход ямар ч ногоон автобус байсангүй. Дотор нь буй ажилтнууд болоод харуулаас нь лавлаж асуухад бүгд л “Хаана байгааг нь мэдэхгүй, манайд байхгүй ээ” гэдэг хариултаа давтацгааж байв.
Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд сүүлийн 14 жилийн хугацаанд шинэчлэл хийгдээгүй тул энэ онд 800 шинэ автобус оруулахаар төлөвлөсөн. Гэтэл үүний эхлэл болгож 09-р сарын 26-ны өдөр оруулж ирсэн 100 ногоон автобусыг шинэ биш, 30 жилийн өмнө үйлдвэрлэсэн хуучин автобусыг будаж, засаад оруулж ирсэн болохыг тогтоосон.
Автобус худалдан авах ажлыг тендер зарлалгүйгээр нууцаар явуулж, эдгээр хуучин ногоон автобусыг “Тэнүүн-Огоо” ХХК оруулж ирсэн. Тиймээс тус компанийн захирал А.Ганхуяг болон холбогдох нэр бүхий хүмүүсийг АТГ, ЭЦГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа юм.
НТГ даргын ажил хүлээлцэж, мэдээлэл өгөх хүн олдсонгүй
Ийнхүү 2023 онд шинээр оруулж ирж, нийтийн тээвэрт явуулахаар төлөвлөсөн 800 автобуснаас одоогийн байдлаар үйлчилгээнд явж буй нь гэвэл их багтаамжийн цахилгаан хөдөлгүүртэй 55 автобус л байгаа аж.
Үүн дээр нэмээд Солонгосын Хюндай компанийн дунд багтаамжийн дизель хөдөлгүүртэй 50 автобус гаалийн бүрдүүлэлтийн шатанд явж байгаа, хуваарилалтын ажил удахгүй хийгдэнэ гэж 10-р сарын 15-ны өдөр НТГ-аас мэдэгдсэн.
Энэ талаар тодруулах гэтэл НТГ-ын хэвлэлийн төлөөлөгч н.Үүрийнсолонго “Дарга нар шуурхай хуралтай байгаа. Шинэ дарга ажлаа хүлээлцэж авч байгаа тул тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариу өгсөн юм.
Эх сурвалж: Eguur.mn