АТГ: Нүүрсний хулгай байсан гэдэг нь эхнээсээ тогтоогдож байна
АТГ-аас нүүрсний гэх хэрэг, допинг болон нийтийн тээврийн ногоон автобусны хэргийн шалгалтын явцын талаар мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст 820 гэмт хэрэг шалгагдаж байгаа аж. Ингээд АТГ-ын комиссаруудын өгсөн мэдээллийг тоймлоё.
Допингийн хэрэг
-Монголын Үндэсний допингийн эсрэг ТББ-ын холбогдох удирдлагууд болон бусад мэргэжлийн байгууллагын хүмүүс үндэсний баяр наадам болон дотоодын шинж чанартай бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдээс сэргээшийн төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн эсэхийг шинжлэхдээ холбогдох хууль журмыг зөрчиж, хууль бус үйл ажиллагаа явуулж, хахууль авсан байж болзошгүй гэдэг үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Одоогоор хэн нэгнийг яллагдагчаар татаагүй байна. Есөн объектод нэгжлэг хийж, тодорхой эм бэлдмэлийг хураан авсан. Шинжилгээний хариу гараагүй байна.
Ногоон автобусны хэрэг
-АТГ-аас ганцхан ногоон автобусаар хязгаарлахгүй бусад автобус худалдан авалттай холбоотой бүх худалдан авах ажиллагааг шалгаж байгаа аж. Албан тушаалтнууд эрх үүргээ хэтрүүлсэн үү, авлига хээл хахууль авсан уу, худалдан авсан автобус зах зээлийн үнэтэй байсан уу, чанар стандарт хангасан уу гэдгийг нэг бүрчлэн шалгаж байгаа гэж мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар автобусны хэрэгт 11 иргэн албан тушаалтны 16 объетод нэгжлэг хийж, 25 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. Яллагдагчаар татсан нэр бүхий 31 үл хөдлөх эд хэргийн шилжих хөдөлгөөнийг хязгаарлаж, нэр бүхий компанийн арилжааны банкинд байгаа 3.4 сая ам.долларын дансны шилжилт хөдөлгөөнийг зогсоосон байна.
Мөн ногоон автобусны хэрэгтэй холбоотойгоор БНСУ-ын 4 иргэнийг яллагдагчаар татан шалгаж байгаагаас хоёр иргэнийг саатуулсан. Нэг нь Вьетнамд байдаг Daewoo компанийн ажилтан, нөгөө нь Солонгост байдаг Daewoo компанийн ажилтан байна. Өнөөдрийн байдлаар мөрдөн шалгах ажил үргэлжилж байна. Нийслэлийн тодорхой албан тушаалтнуудыг холбогдуулан шалгаж байгаа ч одоогоор хэн нэгний нэрийг хэлэх боломжгүй гэлээ.
Нүүрсний хэргүүд
-АТГ-аас нүүрсний гэх асуудалд 72 хэрэгт хэрэг бүртгэлт нээж, мөрдөн шалгаснаас 11 хэрэг шүүхэд шүүхэд шилжүүлж, найман хэргийг нэгтгэн шалгаж, 10 хэргийг гэмт хэргийн шинжгүй учраас хаах саналтай прокурорт шилжүүлсэн. Одоо 43 хэрэгт нь Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Зарим хэрэг шүүхэд шилжиж, эхнээсээ шийдэгдэж байна. Өнгөрсөн хавар нүүрсний гэх хэрэгт улстөрд нөлөө бүхий этгээдүүд шууд болон шууд бусаар хамааралтай байж болзошгүйг мэдээлж, нэр зарласан. Зарласан нэрээр хязгаарлагдаагүй, нэр дурдагдаагүй гишүүд ч шалгагдсан. Эхнээсээ зарим нь шүүхэд очсон. “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарын хэргийн гэм буруугийн шүүх хурал товлогдсон. Мөн УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүнд холбогдох нэг хэрэг, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга асны хэрэг прокурорын шатанд хянагдаж байна. Ер нь УИХ-ын гишүүдтэй холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч байгаа. Тухайлбал, Д.Бат-Эрдэнэ, А.Адъяасүрэн гишүүнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажил дууссан.
Нүүрсний хулгай байсан уу гэвэл байсан гэдэг нь хэд хэдэн шүүхээр шийдэгдсэн хэргүүдээс тогтоогдож байна. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах нүүрс ачиж буулгах талбайгаас улсын хилээр нүүрсийг тээвэрлэхдээ хил гаалийн албан тушаалтнуудад хахууль өгөх замаар бүртгэлд оруулахгүйгээр хулгайгаар тээвэрлэж байсан хэргүүд илэрч, тогтоогдон шалгагдаж байна. Шалгалтын ажил үргэлжилж байгаа учраас дараа дараагийн хэргүүд дээр нөхцөл байдал тодорхой болно. Одоо шалгагдаж байгаа хэргүүдэд 11 мянган машины бүртгэл устгагдсан уу гэдэг асуудал багтсан.
АТГ
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Админерал компанитай холбоотой хэд хэдэн нэвтрүүлэг гарсан. Уг компанитай холбоотой хэд хэдэн шалгалтын ажил явагдаж байгаа. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах Тавантолгой орд газрын хэсэгт тухайн аймгийн Засаг дарга уг компанид таван жилийн хугацаатай газар эзэмших эрх олгосон. Улмаар тухайн газарт нүүрс баяжуулах үйлдвэр барьж, цаашлаад “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан асуудлыг өргөн хүрээнд үйл ажиллагааг бүрээр нь шалгаж байна. Газар олголт, баяжуулах үйлдвэр, улмаар Эрдэнэс Тавантолгойн Бортээгийн хэсгийн гэрээт олборлогчийн шалгаруулалтад түншлэл байдлаар оролцож, шалгарсан явдал нь хууль журмын дагуу явсан эсэх, мөн улстөрд нөлөө бүхий этгээд нөлөөлсөн эсэхийг хэдэн сарын өмнөөс шалгаж эхэлсэн. Одоогоор хэн нэгний нэр дурдаж, мөрдөн шалгах ажиллагааны явцыг мэдээлэх боломжгүй. Шалгагдаж байгаа нь тодорхой.
Газар олголтын хэрэг
-Барилга байгууламжийг барихаас өмнө тухайн газар ойлголтын асуудал эхэлж явдаг. Гэтэл холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, иргэн хуулийн этгээдэд хууль зөрчих замаар газар олгосон эсэх асуудлаар зарим хүнийг шалгаж байна. Олгосон газар дээр архитектур төлөвлөгөө батлах, улмаар баригдсан барилга нь хоорондоо нягт холбоотой учраас эхнээсээ шалгаж байна. Туул, Дунд гол, Сэлбэ голын хуулиар тогтоосон онцгой хамгаалалтынболон хамгаалалтын бүсэд олгосон, улмаар тэнд барилга байгууламж барьсан асуудлыг шалгаж байна. Холбогдрох байгууллагуудтай хамтран онцгой хамгаалалтын бүсэд хэчнээн барилга барьсныг тогтоох шинжилгээний ажил ид явагдаж байна гэж АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, ахлах комиссар Б.Батбилэг мэдээллээ.