ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож байна

0

Бишкек, 2023 оны аравдугаар сарын 26

 Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо өнөөдөр Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн 22 дугаар өргөтгөсөн хуралдаан болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож байна. Тэрбээр тус хуралд Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлнэ.

Энэ удаагийн Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг Киргиз Улс зохион байгуулж, Монгол Улс, БНЭУ, Пакистан, Иран, БНХАУ, ОХУ, Казахстан, Тажикистан, Узбекистан, Туркменистан, Беларусь улсууд дэд ерөнхийлөгч, ерөнхий сайд, шадар сайд, гадаад харилцаааны сайдын түвшинд оролцож байгаа юм.

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/ нь 2001 онд Казахстан, Киргиз, ОХУ, Тажикистан, Узбекистан, БНХАУ-ын оролцоотойгоор байгуулагдсан. Гишүүн ес /Казахстан, Киргиз, ОХУ, Пакистан, Тажикистан, Узбекистан, БНХАУ, БНЭУ, Иран/, ажиглагч гурав /Монгол, Афганистан, Беларусь/, яриа хэлэлцээний түнш 13 /Азербайжан, Армени, Египет, Балба, Шри-Ланк, Камбож, Мьянмар, Катар, Саудын Араб, Кувейт, АНЭУ, БНТУ, Мальдив/, нийт 25 улсыг хамарсан байгууллага.

Монгол Улс ба ШХАБ

Монгол Улс Ази, Номхон далайн бүс нутагт өрнөж буй улс төр, эдийн засгийн хамтын үйл явцад идэвхтэй оролцох гадаад бодлогын зорилтын хүрээнд ШХАБ-ыг бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд оролцох нэг чухал суваг гэж үзэн 2004 онд тус байгууллагад ажиглагчийн статустай болсон. Анх байгуулагдахдаа ШХАБ-ын үйл ажиллагаа аюулгүй байдлын салбарт чиглэж байсан бол үйл ажиллагааны хүрээ нь аажмаар тэлж эдүгээ худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн зэрэг өргөн хүрээтэй салбарыг хамрах зорилт дэвшүүлж ажиллаж байна.

Манай улс ШХАБ-ын хүрээнд өрнөж буй эдийн засгийн үйл ажиллагаа, ялангуяа, дэд бүтэц, эрчим хүч, дамжин өнгөрөх тээвэр, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаанд тэргүүлэх ач холбогдол өгч, Монголоор дамжуулан байгалийн хий, газрын тосны хоолой, авто зам тавих, Монголд төмөр зам хөгжүүлэх төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлүүдээр хамтран ажиллах сонирхолтой, тус байгууллагын хүрээнд шинжлэх ухаан, эрүүл мэнд, байгаль орчин, гамшгийн менежмент, боловсрол, соёл, терроризм, хар тамхи, мансууруулах бодисын наймаатай тэмцэхэд зохих хэлбэрээр оролцож ирсэн. 

Ажиглагч орнуудын дотроос Монгол Улс хамгийн түрүүнд ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Нургалиевыг 2007 онд өөрийн улсад ирж айлчлуулсан. Түүнчлэн ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ф.Мезенцев 2014 онд, ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Р.К.Алимов 2018 онд Монгол Улсад айлчилж байв. Мөн ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Мин 2023 оны 4 дүгээр сарын 10-12-ны  өдрүүдэд Монгол Улсад айлчилж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхсаны зэрэгцээ Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин нартай уулзаж, МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль ШХАБ-ын Нарийн бичгийн дарга нарын газартай хамтран зохион байгуулсан “ШХАБ-ын өнөөгийн байдал ба хэтийн төлөв” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд оролцсон юм. Түүнчлэн ШХАБ-ын Бүс нутгийн терроризмтой тэмцэх бүтцийн Гүйцэтгэх хорооны дарга Жан Синьфэн 2014 онд Монгол Улсад айлчилж, Монгол Улсын Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөл болон ШХАБ-ын Терроризмтой тэмцэх бүс нутгийн бүтэц хоорондын протоколд гарын үсэг зурж байжээ.

ШХАБ-ын Ажил хэргийн зөвлөлийн ээлжит хуралдааныг 2010 онд Улаанбаатар хотод зохион байгуулсан нь уг зөвлөлийн хуралдаан ажиглагч оронд зохиогдсон анхны тохиолдол байв.

Монгол Улс ажиглагчийн статустай болсноос хойш ШХАБ-ын гишүүн орнуудын Төр, Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн уулзалтад тогтмол оролцож ирсэн. Тухайлбал, 2005-2007 2010, 2012-2022 онуудад Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн уулзалтад Ерөнхийлөгч /жич: 2020, 2021, 2023 онд цахимаар оролцсон/, 2004, 2008 онд Гадаад харилцааны сайд, 2009, 2021 онд Шадар сайд, 2011 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын түвшинд оролцсон.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2023 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улс цахим хэлбэрээр зохион байгуулсан ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд цахим хэлбэрээр оролцож, Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг тууштай баримталж, ажиглагчийн хувиар ШХАБ-тай болон түүний гишүүн, ажиглагч болон яриа хэлэлцээний түнш улсуудтай хамтран ажиллах, бүс нутагт өрнөж буй худалдаа, эдийн засгийн олон талт үйл явцад идэвхтэй оролцохыг эрмэлзэж байгааг илэрхийлсэн юм. Мөн Монгол Улс “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд худалдаа, тээврийн нөхцөлийг хөнгөвчлөх, далайд гарах, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх чиглэлээр тууштай нээлттэй бодлого хэрэгжүүлж байгаа болон тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах, ард иргэдийнхээ эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, эх орноо эрүүл хүнсээр хангах зэрэг олон томоохон зорилт дэвшүүлэн “Хүнсний хувьсгал”, “Эрүүл монгол хүн”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнүүдийн талаар танилцуулж, эдгээр төсөл хөтөлбөрт ШХАБ-ын оролцогч орнуудыг хамтран ажиллахыг уриалав.

Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн уулзатад 2005, 2008, 2012, 2021, 2022 онд Ерөнхий сайд, 2006, 2007, 2011, 2013, 2015, 2017-2020 онд Шадар сайд, 2009-2010 онд Гадаад харилцааны сайд, 2014, 2016 онд Элчин сайдын түвшинд тус тус оролцсон. Энэ жилийн хувьд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр болж буй ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн уулзалтад оролцож байна. 

Түүнчлэн ШХАБ-ын гишүүн орнуудын салбарын сайд нарын уулзалт, ШХАБ-ын форумын уулзалтууд, эрдэм шинжилгээний зарим хурлуудад холбогдох байгууллагуудын мэргэжилтэн болон судлаачдын түвшинд оролцож ирсэн. Манай судлаачдын баг 2019 онд ШХАБ-ын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах зорилгоор ШХАБ-ын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах зорилгоор ШХАБ-ын Нарийн бичгийн дарга нарын газар, БНХАУ, БНЭУ-д очиж ажиллаж байв.

ШХАБ-ын үйл ажиллагаанд оролцож ирсэн нь манай улсын хувьд улс төрийн ач холбогдолтой гэж үздэг. Юуны өмнө, хөрш хоёр орон болон ШХАБ-ын гишүүн, ажиглагч орнуудтай харилцах харилцаанд таатай уур амьсгалыг бүрдүүлж, хоёр болон гурван талын хамтын ажиллагааг урагшлуулахад хувь нэмэр болдог. Мөн тус бүс нутаг дахь сонирхлоо  илэрхийлэх, тус байгууллагын талаар болон гишүүн, ажиглагч орнуудын бодлого, үйл ажиллагааны талаар илүү бодит мэдээлэл авах боломжийг олгодог юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *