ТББХ:2024 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргыг сонголоо
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2023.10.25/ хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлж, экспортыг нэмэгдүүлэх, үнийн өсөлтийг хязгаарлаж иргэдийн бодит орлогыг хамгаалахад чиглэсэн бодлого, арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд улсын эдийн засаг сайжирч, улмаар урт хугацааны хөгжлийн эхний арван жилийн зорилт болох Шинэ сэргэлтийн бодлогоо хэрэгжүүлэх боломж бүрдээд байна.
Тиймээс Шинэ сэргэлтийн бодлогын гол зорилтын нэг болох “Хот хөдөөгийн сэргэлт”-ийг дэмжихэд чиглэсэн төсөв, санхүүгийн багц арга хэмжээг хэрэгжүүлэхээр ирэх 2024 оны төсвийн төсөлд тусгасан болно гэлээ.
Ирэх 2024 онд төрийн албаны тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх зарим онцлог арга хэмжээг Сангийн сайд дурдсан.
Тэрбээр, Төрийн албаны тухай хуульд 2022 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр орсон өөрчлөлтийн дагуу сум болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдад таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох, Улаанбаатар хотоос бусад орон нутагт ажиллах төрийн албан хаагч Төрийн албаны тухай хуульд заасан ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлагын 50 хувийг хангасан бол хугацаанаас өмнө шатлан дэвшүүлэх эрх зүйн өөрчлөлтийг хийх асуудлыг тусгажээ. Мөн инфляц, амьжиргааны түвшин, цалин хөлсний дундаж өсөлттэй уялдуулан төрийн албан хаагчдын цалинг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 10 хувиар нэмэгдүүлэх, хөдөөгийн суманд ажиллаж байгаа төрийн захиргаа, төрийн үйлчилгээ, улс төрийн албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 40 хувиар, харин аймгийн төвийн сум болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт ажиллаж байгаа дээрх ангиллын албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 20 хувиар тус тус тооцож нэмэгдэл олгохоор ирэх оны төсвийн төсөлд тусгасан байна.
Түүнчлэн 2024 онд Улсын Их Хурлын болон орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгууль зохион байгуулахтай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар болон цагдаагийн байгууллагад шаардагдах зардлыг тусган, газрын менежменттэй холбоотой чиг үүргийг нэгдсэн бодлогоор төлөвлөж, хэрэгжилтийг зохион байгуулах үүднээс газрын харилцаа, зөвшөөрлийн асуудлыг Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжүүлэх эрх зүйн зохицуулалт хийхээр тусгажээ. Ирэх 2024 оны төсөв санхүүгийн бодлогыг хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлт 7 хувьд хүрч, Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 25.3 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 27.4 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 2.1 их наяд төгрөг буюу ДНБ-ий 2.8 хувь болж, төсвийн тусгай шаардлага хангагдаж байгаа хэмээсэн.
Байнгын хорооны эрхийн асуудлын хүрээнд хамаарах байгууллагуудын төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулсан юм.
Монгол Улсын ерөнхий аудитор Д.Занданбат, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.7-д заасны дагуу Монгол Улсын 2024 оны төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийг танилцуулаад, Монгол Улсын Засгийн газар дараа оны төсвийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн барихдаа Төрийн аудитын байгууллагаас өгч буй зөвлөмжүүдийг бүрэн хэрэгжүүлж ажиллах шаардлагатай байгааг дурдсан.
Тэрбээр, Монгол Улсын төсвийн төслийг УИХ-д өргөн барихдаа төсвийн төсөл боловсруулах тухайн үе дэх хүчин төгөлдөр мөрдөгдөж буй төсвийн хүрээний мэдэгдэлд үндэслэсэн байх, улсын хөгжлийн бодлогын баримт бичигтэй нийцсэн, зөвхөн төсөвлөлтийн шаардлага хангасан төсөл, арга хэмжээг төсвийн төсөлд тусгаж байх, “Улсын төсвөөс санхүүжүүлж хэрэгжүүлэхээр төсвийн хуульд тусгаж баталсан төсөл, арга хэмжээний төсөвт өртгийн дүнд өөрчлөлт орж буй шалтгаан нөхцөлд нарийвчилсан судалгаа, дүн шинжилгээ хийж, холбогдох арга хэмжээг авч ажиллах шаардлагатайг онцолжээ. Түүнчлэн барилга байгууламжид зураг төсөл, магадлал хийх ажлыг зохион байгуулах, худалдан авах үйл ажиллагаа, гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангуулах, захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх, улсын комисс хүлээн авах үйл ажиллагаанд субьектив сөрөг нөлөөлөлгүй байлгах тодорхой, нарийвчилсан эрх зүйн зохицуулалтыг бий болгох нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал УИХ-ын гишүүн Г.Ганболд, багийн төвийн барилгын болоод сумдын Засаг даргын тамгын газрын барилгын ажлын төсөв яагаад их зөрүүтэй байгааг тодруулсан.
Сангийн сайд Б.Жавхлан, Төсвийн ерөнхийлөн захирагчдаас бүх шаардлагыг хангасан гэж дүгнээд оруулж ирсэн төслүүдийг Сангийн яамны системээр дамжуулан төсөлд тусгасныг дурдаад, тэдгээр төсөл арга хэмжээнүүдэд магадлал хийсний дараа байгаль орчны үнэлгээ хийгдэж, дэд бүтцийг нь хаанаас татах, барилгыг хааш нь харуулж барихаас эхлээд зарцуулах төсвүүд нь өөр өөр болж ирдэг гэсэн тайлбар өгсөн.
УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн, 2024 онд Тогтворжуулалтын санд 513.7 тэрбум төгрөг, Ирээдүйн өв санд 1.4 их наяд төгрөг хуримтлуулахаар төсвийн төсөлд тусгасан байна. Эдгээр сангийн үлдэгдэл бий юу, сангуудын үлдэгдлийн тодорхой хэсгүүдийг санхүүгийн зах зээлд байршуулах, арвижуулах ямар арга хэмжээ авч байгаа вэ хэмээн асуусан.
Сангийн сайд Б.Жавхлан, Бид энэ асуудалд хатуу зарчимтай байх ёстой. Арвижуулах гээд алдчихдаг. Нийгмийн даатгалын сангийн мөнгийг банкнуудад байршуулаад алдсан. Найдвартай эсэхийг нь нягтлалгүйгээр өндөр хүү амалсан банканд хийдэг. Өндөр хүү амлахын цаана том эрсдэл байдаг. Цаашдаа бид ингэж явж болохгүй. Тийм учраас хамгийн найдвартай газраа хадгалах ёстой. Найдвартай хадгалаад цаашдаа өгөөж хайж болох юм гэдэг зарчмаар явна. Тийм учраас Төрийн сан дээр хөрөнгө бүрэн хадгалагдаж байгаа. Ирээдүй өв сангийн одоогийн үлдэгдэл 2.7 их наяд, ирэх жил 3.4 их наядаас дээш болно гэж тооцсон. Тогтворжуулалтын сан жил бүр 0 болдог. Манайх уул уурхайгаас Тогтворжуулалтын санд орсон мөнгөөр тухайн жилийнхээ төсвийн алдагдлыг нөхөөд 0 үлдэгдэлтэй гардаг гэсэн хариулт өглөө.
УИХ-ын дарга Г.Занданшатар, Төрийн хэмнэлтийн тухай хуулиар хориглочихсон төрийн байгууллагын барилгууд анх 38 тэрбум төгрөгийн өртөгтэй байснаас 2024 оны төсөвт өөр нэрээр 68 тэрбум төгрөгийн төсөвтэйгөөр орж ирсэн нь Төрийн хэмнэлтийн хуультай нийцэж байгаа юу хэмээн тодруулсан.
Тэрбээр, 2024 оны төсвийн төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 9.1 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 3.2 их наяд төгрөгийн санхүүжих дүнтэй 1049 арга хэмжээ туссан байгаа. Үүнээс 5.1 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 1.6 их наяд төгрөгийн санхүүжих дүнтэй 497 төсөл хөтөлбөр байна. Шинээр хийгдэх төсөл хөтөлбөрөөс улсын хэмжээнд хийгдэх 245 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 28 төсөл арга хэмжээг хэрхэн хуваарилах талаар тодорхой мэдээлэл гишүүдэд ирүүлэхгүй байгаагаас өмнө хуралдсан Байнгын хороодод үл ойлголцол гарсан байна хэмээгээд Үндэсний аудитын газраас гаргасан тайланд тусгасан зөрчил арилгуулах тухай хоёр албан шаардлагын хэрэгжилт ирэх жилийн төсөв батлахаас өмнө арилсан уу хэмээн лавласан.
Ерөнхий аудиторын орлогчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Наранчимэг, Монгол Улсын 2024 оны төсвийн төсөлд өгсөн дүгнэлтдээ хойшид барилга байгууламжид зураг төсөл, магадлал хийлгэх, худалдан авах ажиллагаа зохион байгуулах гэрээ байгуулах захиалагчийн хяналт болон гэрээний хэрэгжилтийг хангуулах, улсын комисс, барилга байгууламжийг хүлээж авах зэрэг төсвийн хөрөнгө оруулалтын явцад тавих дотоод хяналтын тогтолцоог сайжруулж субъектив гадны нөлөөллийг бууруулах эрх зүйн тодорхой цогц зохицуулалт хийх шаардлагыг дурдаад, Засгийн газарт энэ чиглэлээр зөвлөмжийг хүргүүлсэн. Ер нь магадлал хийлгэж байгаа зураг төслийн нэмэгдэж байгаа төсөвт өртөг нэг маягийн зураг төсөлтэй арга хэмжээний байршлыг нь солих гэх зэрэг олон шалтгаанаас болж байгааг аудитын тайланд тусгасан. Худалдан авах ажиллагааг зохион байгуулчихаад, тендерт шалгарсан компани нь ажил нэмсэнээс биш, захиалагч нэмэлт ажил гаргаснаас төсөвт өртөг нэмэгдэх шалтгаан болж байгаа. Хоёр албан шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн гэсэн хариултыг өгсөн.
УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулснаар ирэх оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг өндөрлөж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.
Дараа нь Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав.
Хуулийн төсөлд “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөрт заасны дагуу Улаанбаатар хотоос бусад орон нутагт ажиллах төрийн албан хаагчийг Төрийн албаны тухай хуульд заасан ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлагын 50 хувийг хангасан бол хугацаанаас өмнө шатлан дэвшүүлэх, Төрийн албан хаагчдын хооронд үүссэн цалингийн ялгаатай байдлыг арилгах зорилгоор төрийн үйлчилгээний албан хаагчийн албан тушаалын ангилал, зэрэглэлийг тухайн байгууллагын албан хаагчийн албан тушаалын ангилал, зэрэглэлтэй адилтган тогтоодог байх зохицуулалтыг тусгасан бөгөөд УИХ-ын гишүүд аймаг, орон нутагт шилжин ажиллах төрийн албан хаагчдын ажилласан жилийг 1.3-1.6 жилээр дүйцүүлэн тооцох аргачлалтай холбогдуулан байр сууриа илэрхийлсэн.
Байнгын хороо хууль, тогтоолын төслүүдийг зүйл бүрээр нь хэлэлцэн Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хорооны хуралдаанд хүргүүлэхээр тогтов.
Мөн хуралдаанаар Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргаар сонгох нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Дэд хорооны даргыг сонгох тухай Байнгын хорооны тогтоолыг санал нэгтэйгээр баталлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.