Б.Солонгоо: Онцгой нөхцөлд эцэг эх байх эрхийг хасах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан

0

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн байна. Уг хуулийн төслүүдэд орж буй онцлох өөрчлөлтийн талаар ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо мэдээллийг өглөө.

ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо: Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Гэр бүлийн тухай хууль 1999 онд батлагдсан. Ийнхүү батлагдахдаа бусад салбарын хууль тогтоомж болон иргэний эрх зүйн суурь харилцааг зохицуулдаг Иргэний хуультай төдийлөн уялдаагуй зохицуулагдсан байдаг. Тиймээс Засгийн газар сүүлийн хэдэн жилийн хугацаанд Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэсэн найруулгыг боловсруулах ажлыг хийсэн. Энэхүү хууль нь иргэний хувийн харилцааг зохицуулдаг хувийн эрх зүйн асуудал.

Гэр бүлийн хуульд холбогдох гэр бүлийн гишүүдийг асран хамгаалах, тэжээн тэтгэх, асран хамгаалалтгүй болсон хүүхдийн эрхийг хамгаалах асуудалд өнөөгийн нийгмийн хамгааллын тогтолцоо болон Хүүхэд хамгааллын хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй уг хуулийн төслийг уялдуулсан.

Гэр бүлийн тухай хуулийн төсөлд хүүхдийн эрхийг илүү хамгаалах, гэр бүлийн орчинд хүүхдийг өсгөх, хүүхэд хүмүүжэх эрхийг баталгаажуулах, зайлшгүй шаардлагатай онцгой нөхцөлд эцэг эх байх эрхийг хасах зохицуулалтуудыг тусгасан. Мөн хүүхдийн эрхтэй холбоотой асуудлуудыг зөвхөн шүүхээр шийдвэрлэдэг болох зохицуулалтыг оруулж ирсэн. Ингэснээр нийгмийн тулгамдсан сэдэв болж байгаа хүүхдийн эрх, хүүхэд хамгаалалтай холбоотой асуудал тодорхой түвшинд шийдэгдэнэ гэж найдаж байна.

Түүнчлэн гэр бүлтэй адилтгах харилцаанаас төрсөн хүүхдийн эрх зөрчигдөхгүй байх, хамтран амьдрагчдын асуудлыг шүүх шийдвэрлэдэг байх зэрэг асуудлыг тусгасан. Иргэний хуульд гэр бүлийн гишүүд харилцан гэрээ байгуулах замаар эд хөрөнгийн асуудлаа шийдвэрлэж болохоор заасан байдаг. Гэвч Гэр бүлийн тухай хуульд энэ талаар дэлгэрэнгүй зохицуулалт байдаггүй. Тиймээс гэр бүл болсон хүмүүсийн хооронд байгуулж болох гэрээний тодорхой зохицуулалтуудыг хуулийн төсөлд тусгасан. Мөн гэрлэгчдийн эрх үүрэг, эцэг эх хүүхдийн өмнө хүлээх үүрэг хариуцлагыг илүү дэлгэрэнгүй болгож байна.

Монгол Улс НҮБ-ын хүүхдийн эрхийн конвенцын гишүүн. Тиймээс эрх бүхий байгууллага шүүхээс зохих хууль журмыг үндэслэн шийдвэр гаргаснаас бусад тохиолдолд хүүхдийг хүсэл зоригийнх нь эсрэг эцэг эхээс нь салгахгүй байх үүрэг хүлээдэг. Тэр утгаараа цаашид гэр бүлийн тогтвортой байдлыг илүү хамгаалах, хүүхэд гэр бүлийн орчинд өсөж, хүмүүжих нөхцөлийг хангахад Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд анхаарч, төвлөрсөн.

Гэр бүлтэй холбоотой асуудлаар хуулийг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагуудын чиг үүрэг, эрх хэмжээг багцлан тодорхойлсон. Ингэснээр тодорхой зохицуулалтгүйн улмаас практикт зарим чиг үүрэг орхигддог, хуулийн зохицуулалт амьдрал дээр хэрэгждэггүй байдлыг өөрчлөх үр дүнд хүрнэ гэж найдаж байна.  

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *