БАРИМТ: Жүжигчин Л.Баттулга наадмаар бөхчүүдэд ам.доллар тараасан компанийнхаа Хятадуудтай нийлж, Их-хэт сумын наадмын талбайн дэргэд нүүрс ухаж эхэлжээ
Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Баттулга буюу Аглуу хятадуудтай нийлж, Дорноговь аймгийн Их-хэт суманд нүүрс ухаж эхэлжээ.
Тодруулбал, БНХАУ-ын иргэн Chen William Hon Lam гэгчийн “Эл Эл Ти Ди” ХХК нь Дорноговь аймгийн Их-хэт сумын нутагт байрлах “Олонгийн ухаа” гэх газарт 11 сая м2 талбай бүхий нүүрсний нөөц газрыг ашиглах зөвшөөрөл авсан байна. Улмаар тухайн компани нь хэдхэн хоногийн өмнөөс нүүрс олборлохоор техник хэрэгслээ Их-Хэт суманд авчирч, үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа аж. Хамгийн ноцтой нь тус газарт хятадууд нүүрс олборлох гэж байгааг нутгийн иргэд огт мэдээгүй бөгөөд гэнэт хүнд техник төхөөрөмж суурилуулж, газар ухаж эхэлсэнд иргэд дургүйцжээ.
Учир нь тухайн газар нь Их-Хэт сумын морь барианы газар буюу сумын төвийн наадмын талбайн дэргэд аж.
Тодруулбал, 2 жилийн өмнө тус наадмын талбайг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж, хурдан морь уралддаг хэсгийн замыг хусаж янзалсан байна. Гэтэл жүжигчин Л.Баттулгаар ахлуулсан хэсэг бүлэг хятадууд хэдхэн хоногийн өмнө ирж, газрыг ухаж эхэлсэн байгаа юм. Тиймээс нутгийн иргэд энэ талаар түүнээс тодруулахад “Манай компани А зөвшөөрөлтэй. Наадмын талбай, морь уралддаг газар зэрэг асуудал бидэнд хамаагүй” гэх хариултыг өгч, хүчээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн гэдгийг эх сурвалж бидэнд мэдээлсэн юм.
-ЖҮЖИГЧИН АГЛУУ НҮҮРС УХАЖ БУЙ ХЯТАД КОМПАНИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ КОМПАНИД АЖИЛД ОРЖЭЭ-
Уг мэдээллийн мөрөөр Дорноговь аймгийн Их-Хэт суманд томоохон хэмжээний газарт нүүрс олборлох зөвшөөрөл авсан хятадуудыг жүжигчин Аглуу яагаад ахалж явна гэдгийг сонирхож үзлээ. Тодруулбал, “Эл Эл Ти Ди” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр энэ жилийн Үндэсний их баяр наадмын түрүү бөх М.Бадарчид 10 мянган ам.доллар, үзүүрлэсэн Ц.Бямба-Отгонд 5 мянган ам.доллар бэлэглэж байсан “Азуре Коал Монгол Майнинг” ХХК бүртгэгджээ. Харин гүйцэтгэх захирлаар нь Сонинбаярын Мөнхбат буюу “доллар Мөнхөө” гэгч бүртгэлтэй байгаа бол эцсийн өмчлөгч нь БНХАУ-ын иргэн Chen William Hon Lam гэгч байна. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Харин жүжигчин Аглуугийн тухайд “Азуре Коал Монгол Майнинг” ХХК-ийн Олон нийттэй харилцах албаны даргын үүргийг гүйцэтгэдэг аж. Энэ утгаараа тэрбээр хятадуудыг ахалж, нүүрс ухаж яваа байгаа юм байна.
Ташрамд өгүүлэхэд, жүжигчин Аглууг монгол ёс заншил, нутгийн иргэдийн үнэт зүйл болсон наадмын талбай, хурдан морины барианы газрыг нутгийн иргэдэд ямар ч мэдээлэл өгөхгүй ийнхүү хятадуудтай нийлж ухаж эхэлснийг нутгийн иргэд эсэргүүцэх болно гэдгээ мэдэгдсэн юм. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
Эх сурвалж: isee.mn