Н.Алтанхуяг: НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгохыг Б.Жавхлан сайд дэмжмээр байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар 2024 оны төсвийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан хэдэн хатуу үг хэллээ.
Тэрээр “Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулаад гурван зүйл хэлье. Нэгт, НӨАТ-тай холбоотой. 2 хувийг буцаан олгоё гэдэг системийг 2014 онд эхлүүлсэн. Тэр үеийн Татварын ерөнхий газрын даргаар Батмагнай гэдэг хүн ажиллаж байсан. “Бид НӨАТ-ыг буцаан олголтын урамшууллын систем чинь их зөв юм байна. Далд эдийн засгийг ил болгох хөшүүрэг болох юм байна” гэж байсан. Энэ нь явсаар хууль нь гараад 2 хувь болсон. Одоо буцаан олголтын урамшууллыг 5 хувь болгохыг Б.Жавхлан сайд та нар дэмжмээр байна. Бүгдээрээ НӨАТ төлөгч болох систем рүү шилжье. Нэг нь төлдөг, нэг бултдаг асуудал алга болно.
УИХ-ын дарга санал аваад яваад байгаа нь зөв зүйл шүү. Та нар нэг их талцалгүй шийдчихмээр байна.
Хоёрт, Ч.Хүрэлбаатар эртээд зурагтаар худлаа ярьчихсан зогсоно лээ. “Төсвийн орлого гэнэтхэн доошоо унавал яах юм бэ, НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг нэмэгдүүлж болохгүй” гэж худлаа ярьж байгаа юм. 2019 онд би Монгол Улсын баялгийн сангийн тухай илтгэл тавьж байсан юм. Төсвийн тогтворжуулалтын санг та нар идчихсэн байхгүй юу, Б.Жавхлан. Түүхий эдийн үнийн өсөлтийнх нь үеийн мөнгөнүүдийг аваад хадгалах, буурсан үед нь гаргаж хэргэлж байх үүрэгтэй сан юм. Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат нарын Засгийн газраас эхлээд, Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайд байхаас эхлээд зүгээр л төсвийн цоорхойг нөхдөг болчихсон. Маш их мөнгө устгасан. 2019 он хүртэл 1 их наяд 309 тэрбум төгрөгийг идчихсэн. Энэ мөнгөө зүгээр л цоорхойгоо нөхчихсөн. Ингэж болохгүй. Тэгэхээр түүхий эдийн үнийн өсөлт бууралт НӨАТ-тай ямар ч холбоогүй. Хуулийнхаа дагуу Төсвийн тогтворжуулалтын сангаа та нар сэргээгээд ашигла.
Гуравт, Ирээдүй өв санг бас алаад идчихсэн. Болиоч дээ, Б.Жавхлан. 2030 он хүртэл энэ сангаас нэг ч мөнгө зарцуулж болохгүй гэснийг та нар хүчиндэж байгаад аваад иддэг болчихсон. Хэдэн их наяд төгрөг цугларсныг иддэг болчихсон.
Тэгсэн хэрнээ НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүл гэхээр үгүй гээд гүрийгээд байх юм. Төсвийнхөө зарлагыг багасга аа, Б.Жавхлан. Би Ерөнхий сайдыг хэлэхгүй. Ч.Хүрэлбаатар, Б.Жавхлан сайд нар асар буруу бодлого явуулж байна. Төсвийн зарлага нэг жилийн дотор хоёр дахин өснө гэдэг чинь юу гэсэн үг вэ. Ийм айл дэлхий дээр байхгүй. Хавар баталчихсан тоонуудаа одоо өөрчлөхөө болиоч ээ” хэмээлээ.