УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Х.Нямбаатар нээх сайн хүн биш, харин Ж.Сүхбаатар бол муу хүн
Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хууль болон дагалдах 30 хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Байнгын хорооны гишүүд хуулийн төсөл санаачлагчаас асуулт асууж, үг хэлэв.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-Тус хуулийн төсөл онцгой нөхцөлөөр шуурхай хэлэлцэхээр орж ирж байна. Хотын дэд төвүүдээ яах зохицуулалтаа хийсний дараа хууль өргөн барих ёстой байсан гээд мэргэжилтнүүд хэлээд байна. Энэ алдагдсан юм шиг санагдаад байна. Дарга өөрчлөгдөхөөр бодлого өөрчлөгдөөд байдаг. Сонгуульд дөхсөн учраас иргэдэд таалагдах зүйл яриад байх шиг. Метрог хэдэн төгрөгөөр барьж, хэзээ ашиглалтад орох вэ?
Хотын дарга Х.Нямбаатар:
-20/40 гээд ерөнхий төлөвлөгөө маань бэлэн болсон. Гадны төлөөлөгчдийн саналыг авахаар төлөвлөж байна. Төлөвлөлтийн алдаагаа засна гэж үзэж байгаа. Их тойруу дотор өндөр цамхаг барих 1500 барилгын зөвшөөрөл авчихсан байгаа. Энэ хуулийн төсөл хэрэгжээд явбал эдгээр аж ахуй нэгжээ хэрхэн хохиролгүй байлгах вэ гэдгээ ярилцаад явна гэж төлөвлөж байна. Улаанбаатар хот судалгааны хүрээлэн ажиллуулж байгаа. Метро барих асуудлаа дэд бүтэц, эхний төлөөллийн судалгаагаа хийгээд явж байна. Метрог ямар мөнгөөр барих вэ гэдэг асуудал байна. Дорноговь аймагт байрлах нүүрсний төсөл дээр БНХАУ-ын төрийн өмчийн компанитай хэлэлцээр хийе. Бид засаглалд нь оролцохгүй аудитын компаниар хийгдэх бүтээн байгуулалтын ажлын төсөвт өртөг түүнээс олох уул уурхайн бүтээгдэхүүн гэдэг солилцоогоор энэ ажлыг эхлүүлье гэсэн хэлэлцээрийг хийнэ гэж төлөвлөж байна.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:
-Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг хэлэлцэх нь зүйтэй юм. Энэ бол зөвхөн Улаанбаатарчуудын толгойны өвчин биш. Бүх нийтийн асуудал, хууль гаргаад хэрэгжүүлэх нь чухал. Шуурхай хэлэлцээд хийж хэрэгжүүлээд асуудлаасаа гарах л хэрэгтэй. Асуудалд цогцоор хандаж байгаад баяртай байна. Иргэд болон улс төрчдөдөө энэ боловсруулсан хуулийн төслийнхөө цаг хугацаа, үр дүн, тооцооллоо сайн танилцуулах хэрэгтэй. Тэрнээс нэг хоёрхон заалтыг аваад бүхэлд нь буруу зөрүү гэх мэдээлэл гараад байгаа юм.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:
-Би энэ байнгын хорооны гишүүн би ч гэсэн үг хэлэх гэж орж ирлээ. Түгжрэл, газрын харилцааны асуудлыг шийдэх нь зөвхөн Х.Нямбаатарын ажил биш. Бүх улсын эрх ашгийн асуудал гэж бодож байна. Х.Нямбаатарыг олон талаас нь доромжилж, шоглож байна. Сөрөг хүчний гишүүний хувьд түүний хийсэн ажлын үр дүнгээр нь дүгнэнэ гэж бодож байна. Татварын бодлогоор түгжрэлийг шийдсэн дэлхийн улс орнуудын туршлага байдаг. Хийх ажлыг нь хийлгэсний дараа ард түмэн үр дүнгээ нэхэх ёстой.
Хотын дарга Х.Нямбаатар ч нээх сайн хүн биш. Их л нүдүүлж байгаа харагдаж байна. Харин Ж.Сүхбаатар бол муу хүн. Энэ хуулийг түргэн шуурхай батлаад, судалгаагаа сайн танилцуулж, үр дүнгээ тооцох ёстой гэв.
Ингээд тус байнгын хороны гишүүдийн олонх тус хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Тус хуулийн төслийг маргааш УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулна.