БИЧЛЭГ: Г.Өнөрбаяр: 245 сая төгрөгийн хөрөнгөтэй сувиллыг 183 саяар хувьчлахыг би дэмжихгүй
108 булаг рашаан, 41 байр объект, 245 саяын хөрөнгөтэй “Отгонтэнгэр рашаан сувилал”-ыг 183 саяар хувьчлахаар ажлын хэсгээс санал оруулж ирсэнд Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр эсэргүүцлээ илэрхийлэв. Тэрбээр “Дуудлага худалдаа хий эсвэл ахмадуудад өг” гэсэн байр суурьтай байна.
“Отгонтэнгэр” рашаан нь Завхан аймгийн Алдархаан сумын нутагт, Бага Отгонтэнгэр уулын ар хормойд, Рашаан голын хөндийд оршдог рашаан юм. Харин сүүлийн жилүүдэд “Боду” ХХК уг рашаан сувилалд хөрөнгө оруулалт хийн, менежмент явуулсан агаад хувьчилж авах санал гаргасны дагаа аймгийн ЗДТГ-аас ажлын хэсэг гарч ажиллажээ. Ажлын хэсгийнхэн “Тус компанид хувьчлах нь зүйтэй” гэсэн санал оруулж ирсэнтэй Засаг дарга санал нийлэхгүй байна.
Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаярын өгүүлснээр “Энэ байгууллага сүүлийн гурван жилд ЭМДС-гаас 500 сая төгрөг авсан байна. Цаашид ч авна. Үнэхээр хувьчлах гэж байгаа бол дуудлага худалдаа хий, эсвэл Завханы ахмадуудад өг. Хувьчилъя гэж санал гаргасныг би хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн хэллээ.
Отгонтэнгэрийн халуун рашааныг зуны дунд сараас намрын тэргүүн сарыг дуусах хүртэл хугацаанд ашиглаж ирсэн уламжлалд тулгуурлан 1954 онд 50 ортой улсын рашаан сувилал байгуулсан нь эдүгээ хүртэл тасралтгүй ажиллаж байгаа юм. Отгонтэнгэрийн рашаан нь 6 дугаар сарын 1-нээс 9 дүгээр сарын 1 хүртэл улирлын ажиллагаатай бөгөөд нэг ээлжинд 150-210 хүн хүлээн авах боломжтой ажээ.