ОТ, далд уурхай: Дахин $1.1 тэрбумыг өндөр хүүтэй зээлэхийг “Рио Тинто” дэмжиж байна

0

 “Оюу толгой” төсөл далд уурхайн бүтээн байгуулалтаа 2024 оныг дуустал үргэлжлүүлэхийн тулд дахин 1.1 тэрбум ам.долларын санхүүжилт татах шаардлагатай болсон байна. Үүнийг зээлээр шийдэх бөгөөд энэ сард болох ТУЗ-ийн хурлаар эцэслэн шийдвэрлэх аж.

Мөн УИХ-аас баталсан 103-р тогтоолын хүрээнд далд уурхайн санхүүжилтийн тайланд хөндлөнгийн аудит хийлгэх ёстой ч хэрэгжээгүй хэвээр буй. Одоогийн байдлаар аудитын компанийг ч хөрөнгө оруулагч тал сонгоогүй байгаа талаар ХЗДХ-ийн сайд, ажлын хэсгийн ахлагч Б.Солонгоо мэдээлсэн.

Далд уурхайн анхны тэсэлгээг хийж, Засгийн газар “Рио Тинто” групптэй хэд хэдэн агуулгаар амжилттай хэлэлцээнд хүрсний дараа төслийн үйл явцын талаарх мэдээлэл намжмал байдалд шилжсэн. Үүнтэй холбоотойгоор, шинээр үүссэн дээрх хоёр нөхцөл байдлыг талаар мэдээлэл цуглууллаа.

“Эрдэнэс Оюу толгой” тал хүүг бууруулах сонирхолтой байна

1.1 тэрбум ам.долларын зээлийн хэлэлцээрийг арванхоёрдугаар сарын 15-наас өмнө батлах ёстой юм байна.

Харин зээлийн суурь хүү 6.5 хувь бөгөөд энэ нь өнөөгийн дэлхийн санхүүгийн нөхцөл байдалтай уялдаж, нийт 10 орчим хувьд дөхөж очих юм.

“Эрдэнэс Оюутолгой” ХХК буюу Монголын Засгийн газрын төлөөллийн зүгээс энэ хүүг бууруулах боломжийг судлах агуулгаар өнгөрсөн хугацаанд саналаа илэрхийлжээ. Тухайлбал, зургадугаар сард энэ байр сууриа баримталсан бөгөөд суурь хүүг ядаж 6.3 хувь дээр барих санал тавьсан байна.

Гэвч хэлэлцээрийн явц үргэлжилсээр өдийг хүрчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, тухайн үед дэлхийн санхүүгийн ертөнцийн нөхцөл байдал одоогийнхыг бодвол эерэг хүлээлттэй байсан. Харин одоо 6.5-аас бага суурь хүүтэй зээл татах боломж бага байгаа аж.

Тэгвэл, хөрөнгө оруулагчийн зүгээс 6.5 суурь хүүтэй зээл авах шийдвэрт үнэнч байгаа бөгөөд, Монголын талын хүү буулгах байр суурийн хариуд “Тийм бол өөрсдөө зардлаа босго” гэсэн байдлаар хандаж буй гэх.

Далд уурхайн нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч тал хариуцах заалт 2023 оны эхний хагасаар дуусжээ

Үүнд нэг зүйл анхаарал татаж байгаа нь, далд уурхайн зардал дахин 1.1 тэрбум ам.доллараар хэтэрсэн эсэх. Тэгвэл энэ нь хэтэрсэн бус, төслийн санхүүжилтийн үйл явцын нэг хэсэг бөгөөд, хуваарийн дагуу энэ онд багтаан нэмж бүрдүүлэх учиртай хөрөнгө гэж тайлбарлагдаж байна.

Оюу толгойн хэлэлцээрийн хүрээнд талуудын тогтсон нэг агуулга бол, далд уурхайн нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч тал өөрөө хариуцах. Иймд, хэрэв зардал нэмэгдсэн бол “Рио Тинто” групп даах ёстой ч энэ хэлэлцээрийн үйлчлэх хүрээнд дахин анхаарал хандуулах ёстой юм байна.

Хэлэлцээрийн үр дүнг баталгаажуулсан УИХ-ын 103-р тогтоолын 4 дэх заалтыг эргэн харвал,

Оюу толгой төслийн гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас жил хүртэлх нэмэлт зардлыг гадаадын хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх, “Оюу Толгой” ХХК-д хувьцаа эзэмшигчид болон гуравдагч этгээдээс нэмэлт зээлийн санхүүжилт авахгүй байх” гэж дурдсан байгаа.

Тэгэхээр “Эрдэнэс Оюу толгой”-д нэмэлт өр үүсгэхгүй байх болон нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч тал хариуцах агуулга олборлолт эхэлж, 2023 оны нэгдүгээр хагас өнгөрснөөр дуусгавар болсон байна.

0.3 тэрбумын хэтрэлтийг оффтейк гэрээгээр санхүүжүүлжээ

Мөн эргэн сануулахад, өнгөрөгч 2022 онд далд уурхайн бүтээн байгуулалтын зардал 0.3 тэрбум ам.доллараар нэмэгдсэн байдаг. Үүнийг “Оюу толгой” ХХК гуравдугаар улирлын тайландаа дурдсан бөгөөд, шалтгааныг цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбон тайлбарлаж байлаа.

Тэгвэл, энэ хэтэрсэн 0.3 тэрбумын нэмэгдэл санхүүжилтийг оффтейк гэрээний хэлбэрээр босгосон гэдэг мэдээлэл байна. Тодруулбал, хөрөнгөө урьдчилан татаж, төлбөрөө зэсээр хийхээр гэрээлжээ.

1.1 тэрбумын зээл нь хэтэрсэн бус төлөвлөгөөт санхүүжилт үү

Харин өдгөө 1.1 тэрбумын зээл яригдах нөхцөлд зэсийн үнэ өндөр, цаашид өсөх хандлагатай. Иймд алдагдалтай бөгөөд “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн хувьд 6.5 хувийн суурь хүүг бууруулах чиглэлээр ажиллаж байгаа юм байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, төлөөллүүд өнгөрсөн өдрүүдэд Австралид ажиллахдаа хүү бууруулж болох тодорхой хэлэлцээрүүдийг хийсэн аж.

Тэгэхээр энэ хүрээний мэдээллийг базвал, далд уурхайн зардал дахин  нэмэгдвэл урьдын адил өр үүсгэх хэлбэрээр, зээл татаж санхүүжүүлнэ. Харин энэхүү 1.1 тэрбум ам.доллар нь урьдаас төлөвлөгдсөн, хуваарийн дагуу босгох ёстой зардал  тул хэтэрсэн дүн гэж үзэхгүй хэмээн ойлгогдож байгаа юм.

Энэ зээлийг мэдээж “Оюу толгой” ХХК-ийн 34 хувийг эзэмшдэгийн хувьд “Эрдэнэс оюу толгой” буюу Монголын Засгийн газар хамтран хариуцна.

ХО тал тайланд аудит хийсэн гэж үзэж байна

Харин дээр дурдсан, хөндлөнгийн аудит хийлгэх асуудал яагаад хойшлов.

Өнгөрөгч арваннэгдүгээр сарын 27-нд “Эрнст энд Янг” санхүүгийн аудитын байгууллагын хамт хувьцаа эзэмшигчдийн хурал болсон гэх мэдээлэл байна. Үүгээр яригдсан нь, хөрөнгө оруулагч тал бол “Далд уурхайн санхүүжилтийн тайлан” гэдэг нэр томъёонд нэгдсэн ойлголтод хүрэхийг шаардсан аж.

Тодруулбал, “Рио Тинто” талаас урьд нь далд уурхайн санхүүжилтийн тайлангаа бол хэдийнэ аудитад оруулсан буюу үүнийг нэгэнт хийгдсэн ажил хэмээн үзэж буй. Харин Засгийн газрын зүгээс тайланд шинээр, хөндлөнгийн аудит оруулах 103-р тогтоолд дурдагдсан амбицаа аль болох шахаж буй гэж тайлбарлаж байна.

Энэ талаар дэлгэрүүлж, мэдээлнэ.

Тэмдэглэл,

Үүний өмнө, татварын актын хүрээн дэх Арбитрын маргаан өдгөө 2023 оныг дуустал түдгэлзсэн байгаа талаар тайлбарласан. “Оюу толгой” ХХК-д тавьсан актын хүрээнд Сангийн яаманд түр байршуулах байдлаар “төлсөн” мөнгийг Засгийн газар иргэн бүрд 300 мянган төгрөг болгож тараасан байдаг. Хэрэв Арбитрт Засгийн газар ялагдвал, энэ дүнгээ “Оюу толгой” ХХК-д буцааж төлөх өртэй.

Гэхдээ Арбитрын маргаанд хоёр үндсэн өөр маргаан явж буй. Нэг нь Засгийн газрын нэхэмжлэлтэй бол нөгөө нь хөрөнгө оруулагчийн. Энэ ялгаа заагийг мөн гаргаж ойлгох шаардлагатай бөгөөд энэ талаар дараагийн цуврал нийтлэлдээ дурдахаар төлөвлөж байна.


About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *