МАН бүлэг: Тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэхийг дэмжлээ
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хурал өнөөдөр /2023.11.06/ хуралдаж, Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн төсөл болон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн талаар хэлэлцлээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга М.Оюунчимэг, дэд дарга Э.Бат-Амгалан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бүлгийн хуралдааны эхэнд ирэх оны төсвийн төслийг бэлтгэсэн талаарх Төсвийн ажлын хэсгийн танилцуулгыг сонслоо. Ажлын хэсэг нийт 17 хүний бүрэлдэхүүнтэй, миний бие ахлан ажиллаж байна. Ажлын хэсгээс хэд хэдэн зарчмын өөрчлөлтийг оруулахыг зорьж, хуулийн төслийг хэлэлцлээ. Үүнд, орлогыг нэмэгдүүлж, төсвийн тэнцлийг сайжруулах хэрэгтэй гэж үзсэн. Засгийн газраас ирэх оны төсвийг 2.8 хувийн алдагдалтай байхаар оруулж ирсэн. Ажлын хэсэг ярилцаад төсвийн тэнцлийг 590 тэрбум орчим төгрөгөөр сайжруулж, төсвийн алдагдлыг хоёр хувьд хүргэх боломжтой гэж үзсэн. Мөн тодорхой зардлуудыг бууруулах, хөрөнгө оруулалтын шинжтэй зарим зардлуудыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн.
Ирэх оны төсөвтэй холбогдуулан өндөр настнуудын тэтгэврийн нэмэгдлийн талаар бүлгийн хуралдаанаар хэлэлцлээ. Засгийн газраас Нийгмийн даатгалын санд өөрчлөлт оруулж, тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэхээр хуулийн төслийг оруулж ирсэн. Ерөнхий сайд өнөөдрийн бүлгийн хуралд оролцохдоо тэтгэврийн нэмэгдлийн мөнгөн дүнг нэмэгдүүлэх нь зүйтэй талаар байр сууриа илэрхийлсэн. Уг саналыг бүлгийн хуралдаанаар хэлэлцээд тэтгэвэр авагчдад тэтгэврийг нийтэд нь 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хоёрдугаарт, Эрүүгийн тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ажлын хэсгийн боловсруулсан зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцэж, Ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очирын танилцуулгыг сонсож, тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. Хуулийн төслийг Засгийн газраас яаралтай горимоор өргөн барьсан. Бүлгийн гишүүд тодорхой гурван асуудлын хүрээнд хуулийн төслийг хэлэлцлээ” гэв.
Ц.Сандаг- Очир: Авлига, албан тушаалын гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй
Бүлгийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир хуулийн төслийн зарим заалтын талаар тодорхой мэдээлэл өглөө. Тэрбээр “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ яаралтай горимоор хэлэлцэж байна. Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд хоёр удаа хуралдлаа. Хуулийн төслийн гол өөрчлөлтүүдийн талаар өнөөдрийн бүлгийн хуралдаанд танилцуулж, гишүүдийн саналыг сонсч, зарчмын зөрүүтэй саналуудад дэмжлэг авлаа.
Хуулийн төслөөр Авлига, албан тушаалын хэрэгт оролцсон бол магадлангаар оруулахгүй, хугацаанаас нь өмнө суллахгүй гэдэг заалт бий. Үүнийг бага насны хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн, 22 дугаар бүлгийн тодорхой зүйл, заалт буюу улс төрд нөлөө бүхий албан тушаалтнуудад өршөөл үзүүлэхгүй, хугацаанаас нь өмнө суллахгүй гэдэгт санал хурааснаар гишүүд дэмжлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан тохиолдолд хэрхэх талаар Засгийн газраас оруулж ирсэн хуулийн төсөлд тодорхой заасан байсныг өмнөх бүлгийн хурлаар хасах санал оруулж, дэмжсэн. Харин ХЗБХ-ны хуралдаанаар бүлгээс гарсан санал унасан. Гэвч өнөөдрийн хуралдаанаар одоогийн мөрдөж байгаа хуулиараа явах нь зүйтэй гэж үзлээ. Тодруулбал, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэгтэй холбоотой нууцыг задруулж байгаа эрх бүхий субьекттэй холбоотой асуудал учраас, мэдээллийг олж авсан хүн буюу сэтгүүлч, хуулийн этгээдэд хамаарахгүй асуудал гэж үзсэн.
Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдэд одоогоор Зөрчлийн тухай хуулиар хариуцлага ногдуулж байна. Засгийн газраас оруулж ирсэн хуульд уг хэрэгт Эрүүгийн хуулиар хариуцлага ногдуулах тухай заасан байсан. Ажлын хэсэг энэхүү асуудлыг хэлэлцээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол эхний удаад Зөрчлийн хуулийн дагуу эрх хасах, мөнгөн дүнгээр торгох, мөн 7-30 хоногоор баривчлах шийтгэл оногдуулах нь зүйтэй. Харин тээврийн хэрэгслийг дахин согтуугаар жолоодсон тохиолдолд Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага ногдуулдаг байх саналыг дэмжлээ. Энэхүү зарчмын зөрүүтэй саналуудыг байнгын хорооны хуралдаанаар дахин хэлэлцэх юм” гэв.