Ээж, аавууд 3 үгт хаягийг ашиглан хүүхдийнхээ байршлыг мэдэж болно

0

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, “Монгол шуудан” ХК “what3words” технологи ашиглаж байна. Сүхбаатар дүүрэгт 2,200 гаруй “what3words” хаягийн самбар байрлууллаа. Бид ертөнцийн зүг чигээр хаягаа заах бус гуравхан үгийн тусламжтайгаар “what3words” аппликэйшнээр хаягаа амар хялбар заах боломжтой боллоо.

Жишээбэл, иргэн А гэрийнхээ гаднах ///:юүлэх.зүсмэл.алжаах гэсэн 3 үгийг ирэх гэж байгаа хүнд хэлнэ. Очих хүн “what3words” аппликэйшнд юүлэх.зүсмэл.алжаах гэсэн гурван үгээр хайлт хийж, хаана очих,  яаж хүрэхээ мэдэж авна. Гурван үгт хаягийн самбар нь олоход хялбар, цахим худалдааны шуудан хүргэгч, эмнэлэг, цагдаа,  онцгойн багууд явах зам, хүрэх газраа ямар ч эргэлзээгүй мэдэж  яаралтай тусламж үзүүлэхэд үр ашигтай арга юм.

“What3words” компани дэлхий даяар байршил тодорхойлох арга барилд шинэчлэлт авчирч байна. Энэхүү технологи дэлхийн гадаргуун 3м x 3м талбай тутмыг “what3words” хаяг гэсэн санамсаргүй байдлаар сонгогдсон, дахин давтагдахгүй гурван үгээр хаягжуулсан. Орон сууц, машины зогсоол, гэр тус бүр “what3words” буюу 3 үгт хаягтай болсон. Жишээлбэл, “///universes.gardens.magically” гэсэн 3 үгт хаяг нь “what3words” компанийн Улаанбаатар хот дахь оффисын хаягийг заадаг.

Өнгөрсөн жилүүдэд “what3words” технологи нь Монгол Улсын өвөрмөц дэд бүтцээс үүдэлтэй зарим асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой болохыг батлан харуулсан. Монгол улс бол дэлхийн далайд гарцгүй хоёр дахь том улс бөгөөд мөн хүн амын суурьшил нь хамгийн сийрэг, хагас нүүдэлчин амьдралын хэв маягтай улс орнуудын нэг юм. Газар нутгийн ихэнх хэсэгт хаягжилт хангалтгүй, зарим газарт огт хаягжилт байдаггүй. Тодорхой хаягт очихын тулд ихэвчлэн “Замын уулзвар өнгөрөөд, шатахуун түгээх станцын эсрэг талд” гэх зэргээр байршлаа баримжаалах нь өдөр тутам иргэдийн бухимдлыг төрүүлдэг. Өргөн хүрээнд авч үзвэл бизнес, төрийн үйлчилгээний хөгжлийг хойш нь татдаг  байж болзошгүй.

Энэ технологи нь оффлайн горимд ажилладаг тул дата холболт хангалтгүй газруудад ашиглахад тохиромжтой. Монгол зэрэг 60 хэлээр ашигладаг.  Дэлхийн хүн амын талаас илүү нь төрөлх хэлээрээ ашиглах боломжтой. iOS болон Android үйлдлийн системтэй төхөөрөмжүүдэд аппликэйшнийг татаж авахад үнэ төлбөргүй, “what3words.com” вэбсайтаар онлайн газрын зураг хэлбэрээр ашиглахад тохиромжтой.

Төслийн хүрээнд “И-Монгол Академи” УТҮГ нь “e-Mongolia” аппликэйшнд “e-Kids” хэмээх аюулгүй байдлын шинэ функц нэмж, “what3words” технологи суурилуулсан. Хүүхэд хаана байгаа газрынхаа “what3words” буюу 3 үгт хаягийг эцэг эх, асран хамгаалагчиддаа нэг товчлуур дараад илгээдэг. Ээж аавууд хүүхдээ байх ёстой газартаа байгааг мэдэж сэтгэл тайван байх боломжтой боллоо. ЦХХХ-ны сайдын санаачилгыг “Юнител”, “Мобиком”, “Скайтел”, “ЖиМобайл”, “ОНДО” компаниуд дэмжиж, “e-Mongolia”, “e-Kids” ашиглахад ямар ч төлбөр дата хэрэггүй болсон.

“what3words” компанийн хамтран үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Крис Шелдрик: “‘what3words’ технологи Монгол улсын өдөр тутмын амьдралын нэг хэсэг болж байгааг харахад үнэхээр гайхалтай байна. Бид Цахим хөгжил, харилцаа холбооны яам, “Монгол шуудан” ХК-тай хамтын ажиллагаагаа шинэлэг, хурдацтай байдлаар өргөжүүлж байгаадаа маш их баяртай байгаа бөгөөд тус улсад үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн өргөжүүлж байгаадаа сэтгэл маш өндөр байна.” гэж хэлсэн.

“what3words” экосистем Монгол улсад өргөжин тэлсээр байна. “Lonely Planet” мэргэшсэн аяллын хөтөч аялагчдад адал явдал, гэнэтийн учрал, жинхэнэ бодит байдлыг мэдрэх боломжийг санал болгохын тулд Монгол улс дахь хөтөчдөө “what3words” хаягуудыг нэмсэн. Нийслэл хотын тэргүүлэх гарын авлага болох “Нийслэл хөтөч”, Ховд аймгийн Аялал жуулчлалын газрын дотоодын аялагчдад зориулсан гарын авлага, Монгол улсын “Аяллын паспорт” гарын авлагууд эх орныхоо хамгийн сайхан газруудаар аялахад нь туслах зорилгоор “what3words” хаягуудыг ашигладаг. “Airbnb” компани Монголын нүүдэлчид, тэр дундаа тодорхой хаяггүй Духа цаатан иргэдийн тайга ширэнгэн дэх хаягуудын жагсаалтыг гаргахын тулд “what3words” компанитай хамтран ажилласан юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *