“Шуурганд эндсэн малчдын ар гэрт орон нутгийн удирдлагууд дэмжлэг үзүүлнэ”

0

Шадар сайд С.Амарсайханаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.


-Өвөлжилтийн бэлтгэл ажил ямар байна вэ. Өнгөрөгч амралтын өдрүүдэд цас орсны улмаас зарим аймагт өвөлжилт хүндэрч болзошгүй байна?

-Ерөнхий сайдын албан даалгавар, Шадар сайдын үүрэг чиглэлийн дагуу өвөлжилтийн бэлтгэл ажил хангагдаж байна. Гэхдээ энэ жил аймаг орон нутгуудад цас ихтэй бусад хүндрэлтэй нөхцөл байдлаас болоод малчдад сонордуулга өгч байгаа ч гэсэн малаа хариулж яваад төөрөх, цас шуурганд өртөх эрсдэлтэй нөхцөл байдал бий болж байна. ОБЕГ холбогдох байгууллагуудаас аймаг, орон нутгийн удирдлагуудад ажлын төлөвлөгөө өгч, гүйцэтгэлийг хангуулаад ажиллаж байна. Гэхдээ хөдөө орон нутаг зорчих, мал сүргээ хариулахдаа цаг агаарын мэдээ мэдээллээ маш сайн харж байж, ажил амьдралаа зохицуулахгүй бол амь, нас эрүүл мэндээрээ хохирох асуудал орон нутагт гарч байна.

-ОБЕГ-ын техник, хүрэлцээ ямар байна вэ. Малчид төөрөх, эрсдэхэд онцгой байдлын газар цаг тухайд нь мэдээлэл авах боломжтой байсан уу?

-Хөдөө, орон нутагт байгаа малчдад байнга сэрэмжлүүлэг өгч байгаа. ОБЕГ-аас аймаг, сум, орон нутагт өөрсдийн онцгой байдлын бүлэг, аврах төвүүдээр дамжуулаад дуудлага ирсэн цаг хугацаанд эрэн хайх авран хамгаалах ажил явуулж байгаа. Салхи шуурганд уруудсан малыг илрүүлэх, эрэн хайх ажиллагааг зогсоохгүйгээр явж байгаа ч гэсэн зарим тохиолдлуудад хүн хүч хомсдох, цаг хугацаа алдах асуудлууд гарч байна. Тиймээс цаг үеийн мэдээг маш сайн авч, түүндээ тохируулж ажил амьдрал, зорчих хөдөлгөөнөө хангах хэрэгтэй байна.

-Өвөлжилт хүндрэх магадлалтай ямар аймгууд байна вэ?

-Дорноговь, Дундговь, Увс, Баян-Өлгий буюу зуншлага тааруу байсан аймгууд багтаж байна. Гэхдээ аймаг орон нутгийн хэмжээнд аюулгүй нөөцөө бүрдүүлэх ажлууд 70-80 хувь хангагдсан. Гэсэн хэдий ч энэ жил цас ихээр унаж буй учраас нөхцөл байдал хүндрэхийг үгүйсгэхгүй. Ган, зудын үнэлгээг УОК хийсэн. Түүний дагуу ажлын төлөвлөгөө гаргаж, нарийвчилсан ажлуудаа хийгээд явж байгаа. Ихээхэн цас унавал өвөлжилт хүндрэх эрсдэл их бий.

-Өнгөрөгч амралтын өдөр Төв аймагт долоон малчин цасан шуурганаар амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Талийгаачдын ар гэрт дэмжлэг үзүүлэх үү?

-Харамсалтайгаар 7-8 иргэн малаа тууж яваад цасан шуурганд амь насаа алдсан хэрэг гарлаа. Нийтдээ энэ сарын 3-наас 5-ны хооронд 40 гаруй иргэн мал сүргээ тууж яваад төөрсөн байна. Онцгой байдлын нэгжүүдээс эрэн хайх аврах ажиллагааг явуулсан хэдий ч харамсалтайгаар долоон иргэн, нэг бага насны хүүхэд амиа алдсан. Энэ дээр тухай бүрт нь аймаг орон нутгаас дэмжлэг туслалцаа үзүүлээд нэгдүгээрт, эрэн хайх аврах ажиллагаанд нь туслалцаа үзүүлнэ. Хоёрдугаарт, амь насаа алдсан айл өрхөд аймаг, орон нутгийн удирдлагууд, аймгийн онцгой байдлын газраас шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллах чиглэлүүд өгөгдсөн.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *