Б.Энхбаяр: Хаана төрийн өмч байна тэнд хулгай тасрахгүй байна

0

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шинэтгэлийн бодлогын талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо. Мэдээллийг хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хийлээ.

Тэрээр “Авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах, өршөөл үзүүлэхгүй байх өөрчлөлтийг Эрүүгийн хуульд оруулсан. Хаана төрийн өмч байна, тэнд хулгай тасрахгүй байна. Эрдэнэт, Эрдэнэс Тавантолгой, Тавантолгой болон бусад төрийн өмчид компанид шургалсан хулгай луйврын гол шалтгаан нь нээлттэй бус, олон нийтийн хяналт сул байгаатай холбоотой. Хяналтгүй, эзэнгүй, төрийн өмчийн менежментийг сайжруулж байж, төрийн өмчийг өөрийн хувийн өмч мэт зарцуулдаг түшмэдээсээ салж байж бид авлигыг ялах болно.

Манай улсын экспортын 93 хувь нь уул уурхайн салбар бөгөөд энэ салбарыг ил тод болгох нь авлигын эсрэг хэрэгжүүлэх гол зорилт юм. Олон улсын байгууллгаас хийсэн судалгаагаар манай улсын эрдэс баялаг, газрын тосны салбар авлигад өртдөгөөрөө хамгийн өндөр үзүүлэлттэй байна. Иймд Засгийн газраас олборлох үйлдвэрийн ил тод байдлын тухай хуулийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлнэ.

Засгийн газраас “5Ш” ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал шүгэл ажиллагааны хүрээнд ажлын хэсэг иргэдтэй уулзан мэдээлэл авч байгаа. Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж буй 38 этгээдийг байгаа газар нь тогтоогдсон 24 этгээд байна. Интерполын улаан буланд зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж буй 10 этгээдийг шилжүүлэн авахаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ болон хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд тухайн улсын байгууллагатай хамтран ажиллаж байна. Цаашид оршин суугаа улс нь тодорхойгүй 14 этгээдийг эрэн сурвалжлах ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Шилжүүлэн авах ажиллагааны хүрээнд авлигын гэмт хэргийг барагдуулах ажлын хүрээнд энэ оны есдүгээр сарын байдлаар 131.8 тэрбум төгрөгийн авлигын хохирлыг нөхөн төлүүлээд байгаа. Гадаадаас Монголд 12.2 сая ам.долларын хөрөнгийг буцаан авчраад байна.

Авилгатай тэмцэх нь ганц төрийн бус бүх нийтийн үйл хэрэг юм. Мөн авлигатай тэмцэхэд парламентын улс төрийн манлайлал онцгой чухал. УИХ-аас УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийг баталж, оны эхэнд Хөгжлийн банкны сонсголыг амжилттай зохион байгуулсан. Ирэх сард нүүрсний хянан шалгах сонсголыг зохион байгуулах гэж байна. Авлигыг өөгшүүлж буй нэг хүчин зүйл нь иргэнд бус даргад хяналтгүй эрх мэдэл олгосон хууль журам юм. Шударга ёсыг нэхсэн ард иргэдтэй Засгийн газар хамт байна.” гэлээ.

Мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.  

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *