Б.Солонгоо: Оюутолгой ХХК Рио Тинто компаниас 8 тэрбум ам.долларын зээлийн санхүүжилт авсан бөгөөд 4 тэрбум ам.долларын зээлийн хүү хуримтлагдаад байна.

0

ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо өчигдөр буюу 2023.11.20-ны ням гаригийн орой өөрийн твиттер хуудастаа Оюутолгой ХХК-ийн Дубайн гэрээний хүрээнд үүссэн өр төлбөртэй холбоотой мэдээллийг нийтлэсэн байна.

Тэрбээр: “Дубайн гэрээ гэж нэрлэж заншсан баримт бичгийн 5-р зүйлд Оюутолгой ХХК-ийн гүний уурхайн санхүүжилтийн талаар тусгаж, төслийн санхүүжилтийн зээл авахыг зөвшөөрсөн байдаг. Үүний дагуу төслийн санхүүжилтийн 4.4 тэрбум ам.долларын зээл авсан бөгөөд Дубайн гэрээний 5.3-д заасны дагуу бүгдийг нь Туркойс Хилл Ресурсес компанид хувьцаа эзэмшигчийн зээл, хуримтлагдсан хүүг эргүүлэн төлөхөд зарцуулсан. Гүний уурхайн бүтээн байгуулалтад нэмж хувьцаа эзэмшигчийн зээл авахыг мөн зөвшөөрсөн. Хувьцаа эзэмшигчийн зээлийн хүү 6.5%+Libor буюу Лондонгийн банк хоорондын суурь хүүтэй тэнцүү, улирал бүр хүү тооцогдож, хүүгээс хүү бодогддог. Одоогийн байдлаар Оюутолгой ХХК Рио Тинто компаниас ~8 тэрбум ам.долларын зээлийн санхүүжилт авсан бөгөөд ~4 тэрбум ам.долларын зээлийн хүү хуримтлагдаад байна. Рио Тинто компани нийт 15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг Оюутолгой ХХК-д оруулсан гэдэг ч 7 тэрбум ам.долларыг эргүүлэн авсан. ~ 5.2 тэрбум ам.доллар хувьцаа эзэмшигчийн зээл, хуримтлагдсан хүү (2 тэрбум ам.доллар= зээлийн хүү)-гийн төлбөр бөгөөд Рио Тинтод төлсөн менежментийн төлбөр, дагалдах зардалд 1.3 тэрбум ам.доллар, төслийн санхүүжилтийн баталгааны шимтгэлд (Дубайн гэрээгээр мөн зөвшөөрсөн) 418 сая ам.доллар төлсөн. Цаашид хувьцаа эзэмшигчийн зээлийн хүүг бууруулах, Оюутолгой ХХК-ийн зээлийн дарамтыг бууруулах, Рио Тинтод төлж буй менежментийн төлбөрийг бодит гүйцэтгэлтэй уялдуулж бууруулах зэрэг ажлууд хүлээгдэж байна. Рио Тинтод төлсөн болон төлж буй дээрхи төлбөрүүдтэй холбогдуулж мөн татварын маргаан үүссэн.” гэжээ.

Татварын маргаан үүссэн гэж Татварын ерөнхий газраас Оюутолгой ХХК-д хоёр удаагийн акт тавьсныг хэлсэн бололтой. Нийтдээ 1 их наяд гаруй төгрөг буюу 354 сая ам.долларын дүн бүхий арбитрын маргаан үүссэн юм билээ. Засгийн газрын зүгээс гурван ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа бөгөөд “Арбитрын шүүхийн маргаан, Монгол Улсын Засгийн газраас гаргасан сөрөг нэхэмжлэлийг хариуцсан хууль эрх зүйн ажлын дэд хэсгийг Хууль зүйн дэд сайд Б.Солонгоогоор ахлуулан” байгуулсныг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдсэн. Тэгэхээр ХЗДХ-ийн дэд сайдын өчигдөр орой нийтлэсэн мэдээллийг ажлын хэсгийн ахлагчийнхаа хүрээнд нийтлэсэн гэж ойлгоё. Гэхдээ хувийн сошиал хуудаст бичсэн нь сонин…

Нөгөөтэйгүүр Оюутолгой ХХК-ийг тойрсон асуудлуудаас цухас дурьдахад энэ жил нээлтээ хийсэн гүний уурхайн бүтээн байгуулалтыг 2027 онд бүрэн дуусгаж, 2028 оноос бүрэн хүчин чадлаараа ажиллана гэсэн төлөвлөгөө бий. Гэвч гүний уурхайн бүтээн байгуулалтыг дуусгахад 1,6 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт хэрэгтэй гэдгийг Оюутолгой ХХК-ийн зүгээс тавиад буй. Одоогоор Засгийн газар “за ч гээгүй, үгүй ч гээгүй” байгаа. Энэ талаар “Эрдэнэс Монгол” компанийн захирал С.Наранцогт хэрэв “үгүй” гэвэл төсөл зогсоно. “За” гэвэл Монголчуудын хүртэх ногдол ашиг хойшлох болно гэж хэлсэн байна. Мөн дээрх гэрээг үзэглэсэн Ч.Сайханбилэгийг авчрахаар ХЗДХЯ-ны төлөөлөл өнгөрсөн пүрэв гаригт АНУ-ын авлигатай тэмцэх байгууллагатай уулзсан гэдгийг Б.Энхбаяр сайд ярьсан билээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *