Г.Нисэххүү: Тахь хамгаалах амар биш ч жаргалтай ажил

0

Ахмад байгаль хамгаалагч Г.Нисэххүүтэй ярилцлаа. Тэрбээр 1994 оноос хойш ГИДЦГ-ын “Б” бүсэд Монгол орны нэн ховор амьтан болох тахийг судалж, хамгаалж яваа нэгэн билээ. Түүний хувьд “Би тахид хайртай. Дуртай ажлаа хийж байхад хэзээ ч хэцүү санагддаггүй. Би ажилдаа дуртай, ийм чухал үүргийг гүйцэтгэж байгаа ГИДЦГ-ын “Б” бүсийн хамт олон, тахь группийн багийн гишүүн гэдгээрээ бахархдаг” хэмээн ярьж байлаа. 
 

– Тахийг Улаан номд орсон, устаж үгүй болох гэж буй амьтан гэдгээр хүмүүс мэдэх байх. Та тахийг хэдэн жил судалж байгаа вэ.Тахийн бусад амьтдаас ялгарах содон шинжийг ярьж өгөөч?


– Тахийн талаар тэр болгон хүмүүс сайн мэдэхгүй байх. Зөвхөн тахийг сэргээн нутагшуулж байгаа газар нутгийн иргэд л тахийн түүх болон одоо цаг үеийн мэдээлэлтэй байдаг. 


Би одоо тахь хэмээх зэрлэг дуутай бараг 30  жил хамт байж тэдгээрийн зан төрх бэлчээр нутаг идэш тэжээлийн талаар багагүй судалж байна.  Тахь хэмээх энэ ховор амьтан бусад амьтнаас ялгаатай зүйл гэвэл Монгол адууны маань үүсэл хөгжилтэй шууд холбоотой учир хүнд дэндүү ойр байдаг болов уу. 

– Та анх яагаад байгаль хамгаалагч болсон бэ?


– Миний хувьд анх яагаад байгаль хамгаалагч болсон бэ гэвэл нэгд орон тооны нэгж бий болсон, хоёрт зэргэлдээ нутагт тахь эргэн ирсэн нь манай нутагт тахь нутагшиж байсныг илэрхийлэх тахийн нэршил бүхий газар нутаг нэлээдгүй байдаг болохоор энэ нутагт нь нутагшуулах өөрийн санаа бодол мөн энэ сайхан нутгийнхаа нэгээхэн хэсгийг ч болов харж, хамгаалж хойч үедээ өвлүүлэн үлдээх чин сэтгэл минь хөтөлж энэ ажилд орсон байдаг юм. 

– Одоогоор таны хариуцан ажиллаж байгаа хэсэгт хэчнээн тооны тахь байгаа вэ?


– Одоогоор миний хариуцсан хэсэгт долоон сүргийн 56 тоо толгой тахь нутагшиж байна. 

– Тахийн талд хамгийн сүүлд хийсэн ажлуудаасаа дурдаач?


– Миний энэ ажилд орсон цагаас хойш /1994/ хойш нэлээд өөрчлөлт орсон. Манайх анх нэг гэр, нэг вагончиктой, зургаан орон тоотой байсан. Одоо байшин барилга машин техник, орчин үеийн техник тоног төхөөрөмж гээд нэлээдгүй өөрчлөлт орж дархан газрын маань нутаг дэвсгэр өргөжиж орон тоо хүртэл нэмэгдэж ажиллах залуу үеийнхэн орж ирснээр их л өөр болсон. Цаашдаа ч гэсэн илүү өргөн хүрээний олон бүтээн байгуулалт хийгдэж эхлэх байх аа гэж бодож байна. 

– Тахийн талаар орон нутгийнхан ямар бодолтой байдаг вэ?


– 2005 онд анх Тахийн усанд тахь авчрахад би сумын захиргаа, соёлын төв, эмнэлэг, сургууль, цэцэрлэгээр явж “тахь эх нутагтаа, манай нутагт эргэж ирсэнд бид үнэхээр бахархах хэрэгтэй“ гэж би хэлдэг байсан. Орон нутгийн иргэдийн ихэнх нь тахийг эергээр хүлээн авч, туслахыг хичээж ирсэн. Зарим нь тахь хараад унаганд нь нэр өгөхийг хүртэл надаас асуудаг байв. Тухайн үед орон нутгийн иргэдийг байгаль, ан амьтан хамгаалах ажилд татан оролцуулах зорилгоор тэдэнтэй хамт явж тахиудаа эргэж тойрдог байлаа. Мэдээж энэ нь надад болон манай байгууллагын унаа тэрэг, шатахууны зардалд хэмнэлт гардаг сайн талуудтай. 

 – Та тахь болоод өөрийнхөө ирээдүйн төлөө юу хүсэж байна вэ?


– Тахийн сүрэг минь тал нутагтаа түм бумаар өсөх болтугай л гэж хүсье. Миний хувьд хойч үедээ энэ үйлсийг минь үргэлжлүүлж сайн ажиллаарай гэж ерөөмөөр байна даа. 

-Ярилцсанд баярлалаа

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *