Дэлхийн жишигт нийцэх байгаль хамгааллын  менежментээр хөгжинө

0

Төрийн ордоны Их танхимын суудалд  ногоон дүрэмт  хувцасаар жигдэрсэн  байгаль хамгаалагчид  тухалж тайзны дээр байрлах  дэлгэцээр гарч буй баримтат кино руу  анхаарлаа хандуулжээ.  Байгаль хамгаалагчдын  ажил, амьдралын онцлог, байгаль цаг уурын хүнд нөхцлийг хэрхэн даван туулж   хэрэг зөрчлийн араас  хөөцөлдөн явааг  өгүүлэх баримтат  киног үзээд  өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрсөн юм. Учир нь тэд онгон дагшин байгалиа ирээдүй хойч үедээ энэ хэвээр нь үлдээхийн төлөө өдөр шөнөгүй ээлжийн манаанд  хөдөө хээрээр гэр хийж өөдөөс ирэх аюулыг сөрөн яваа баатрууд юм. Тэд “Байгаль хамгаалагчдын үндэсний II чуулган”-аа хийхээр хуран цугларсан нь энэ.

Жилийн өмнө буюу 2022 оны эхэнд Байгаль хамгаалагчид  мөн л энэ танхимд анхдугаар чуулганаа хийж тулгамдсан асуудлаа ярилцаж шинээр томилогдсон салбарын сайддаа учирлаж байсан нь санаанд тод.

Байгаль хамгаалагчдын цалин хангамж бага, ахуй амьдрал, ажиллах орчин  нийгмийн болон эрүүл мэндийн асуудал  хаягдаж  салбарын хөгжил орхигдсон гэхэд хилсдэхээргүй нөхцөл байдалтай байсныг мартаж болохгүй байх. Салбарын хөгжил олон хүчин зүйлээс шалтгаалах ч  сайд хэрхэн ажиллахаас бас  хамаардаг гэдгийг энд онцольё.  Тэгвэл салбарын сайддаа тэд  “онц”дүн тавилаа. Жил  орчмын өмнө  хамтдаа суугаад тулгамдсан  асуудлаа эрэмбэлж зорилтоо тодорхойлсон байдаг. Байгаль хамгаалал, Улсын тусгай хамгаалалтай газрын нөхцөл байдал хамгааллын зохистой менежментийг шинэ түвшинд гаргах зэрэг бодлогын хөтөлбөр  хэрэгжүүлэх санаачилга дэвшүүлжээ.  Байгаль хамгаалагчийн ажиллах нөхцлийг сайжруулах нийгмийн баталгааны хөтөлбөр боловсруулж олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлснээр  тулгамдсан асуудлаа шийдвэрлэж чаджээ. Тэд улирлын гурван ээлжийн хувцастай болж, 450 мянган төгрөгийн цалингаа 40 хувиар нэмэгдүүлж 1.7 сая төгрөгт хүргэж  одоо ажиллаж байгаа 900 гаруй байгаль хамгаалагч бүгд  унаагаар хангагдаж холбооны “Смарт” төхөөрөмжтэй болох эхлэл тавигдсан байна. Түүнчлэн Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэхэд төлдөг хураамж 300 төгрөг байсныг 3000-300.000 болгож нэмэгдүүлсэн гээд тоочоод байвал олон. Энэ тухай 21 аймгийн 900 гаруй байгаль хамгаалагчдыг төлөөлөн ирсэн 500 төлөөлөгч бүрийн  имээмсэглэл,  итгэл дүүрэн харцнаас илт байв.

II чуулганы индэрт Ерөнхий сайдын илгээлтийг зөвлөх М.Бадамлянхуа уншиж сонордуулсан юм. Тэрбээр  “Байгаль хамгаалагчдын тогтвортой хөгжлийн санхүүжилтын тогтолцоог бий болгож “Тогтвортой хөгжлийн санг бүрдүүлэх” санаачилга нэвтрүүлэхийг зорьж байгаа”-г онцолсон юм. Мөн 2024 оны төсөвт Монгол Улсын Тусгай хамгаалалттай газрын  төсвийг 2016 онтой харьцуулахад 3.6 дахин, 2022 оноос 2.2 хувиар нэмэгдүүлсэн гэлээ.  Байгаль хамгаалагчдыг хамгаална гэдэг нь байгалиа хамгаална гэсэн үг. Байгалиа хамгаална гэдэг нь эх дэлхийгээ хамгаална гэсэн үг.  Экологийн дахин давтагдашгүй өвөрмөц орчин болсон унаган байгалиа зохистой ашиглана гэдэг Монголчууд бидний эртний өв уламжлал билээ. Манай нийт газар нутгийн 76 хувь, бэлчээрийн 90 хувь нь цөлжих эрсдэлтэй байна. Нэг байгаль хамгаалагчдад оногдох газар нутаг хуульд зааснаас гурав дахин их байгаа ч 80 орчим хувьд нь тэд хүрч ажиллаж байна. Тиймээс аюулгүй байдлыг хангах  байгаль хамгаалалд технологийн шийдлийг нэвтрүүлж алслагдсан газар нутгийн онцлогыг  харгалзан хариуцах талбайн  хэмжээг эко системийн үнэ цэн, бүс бүслүүрийн  онцлогтой уялдуулан  тооцох гэр бүлийн гишүүдийн  амжиргааны орлогыг нэмэгдүүлэх зэрэг нь бидний дараагийн зорилт “ гэсэн юм.

Б.Бат-Эрдэнэ: Байгаль хамгаалагчдын Мэргэжлийн холбоог байгуулж, цалинг гурван сая төгрөгт хүргэнэ

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ байгаль хамгаалагчиддаа хандаж үг хэлсэн юм. Тэрбээр “Би салбарын сайд болоод нэг  жил 11 сар болж байна. Энэ хугацаанд 80 мянган км замыг туулж  улсын хэмжээнд ажиллах 34 Улсын тусгай хамгаалалттай газрын захиргаанд газар дээр нь ажиллаж байгаль хамгаалагч нартаагаа уулзаж тэдний ахуй амьдралтай танилцсан. Цаашид байгаль хамгаалагч нарыг тогтвортой хөгжих менежментийн тогтолцоог  шинэчлэх хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх томоохон зорилтыг дэвшүүлсэн. Энэ ажлын хүрээнд байгаль хамгаалагч нарын цалинг 3.0 сая төгрөгт хүргэнэ. Энэ зорилтот хүргэх  ажил эхнээсээ хийгдээд явж байна. Одоогоор Улсын тусгай хамгаалалтттай газар нутагт нэвтрэх хураамжийг 3000-300.000 төгрөгт хүргэсэн. Өөрөөр хэлбэл, гадаад хүн, дотоод хүн гэсэн ялгамжийг арилгаж хураамжийг өмнөхөөс 10 дахин нэмэгдүүлсэн. Харин энэ мөнгө Улсын тусгай хамгаалалттай газрын захиргаа /УТХГЗ/-нд буцааж зарцуулагдах эрхийг хуулиар олгох ажлыг хийнэ. Ингэснээр байгаль хамгаалагч нарын цалин болон бусад ахуй хангамж нэмэгдэх үндэслэлтэй. Хоёрдугаарт, байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтэд анхаарч АТГ-тай хамтарч  ажиласны үр дүнд 2022 онд 17 хувиар нэмэгдүүлж 43 хувьд хүргэсэн.  Байгалиа бид өөрсдөө сүйтгэж байна. Саяхан Хөвсгөл аймагт ажилласан. Тэнд модны хулгай их. Нутагтаа амьдарч байгаа давтан үйлдэлтэй хулгайн хэрэгтэн байна.  Өнгөрсөн жил Ойн ангийн 11 даргад эрүүгийн хэрэг үүсгэсэн. Одоо ч шалгах ажил үргэлжилж байна. Ойгоо ургуулах үүрэгтэй хүмүүс нь модны хулгайч нартайгаа нийлээд ойгоо сүйтгэж байна. Олон жил болсон энэ системээс бид ангижирах ёстой” гэсэн юм.

Мөн  байгаль хамгааллын 70 сая ам.долларын “ Итгэлцлийн сан” ажиллаж санамж бичиг байгуулсан тухай энэ үеэр салбарын сайд онцолж байна. Ингэснээр байгаль хамгаалагчид тогтвортой ажиллах нөхцөл бүрдэж дэлхийн жишигт хүрсэн  байгаль хамгааллын  менежментээр хөгжих эхлэл тавигдана гэлээ. Энэ хүрээнд УТХГЗ-д болон байгаль хамгаалагчид долоон төрлийн орлого олох боломж хуулиар нээгдэх юм.

Байгаль хамгаалагчийг дээд боловсролтой төрийн албаны шалгалтад тэнцсэн  хэн ч хийж болно

“Байгаль хамгаалагчдын үндэсний II” чуулганы төлөөгчдийн дунд эмэгтэй байгаль хамгаалагчид олноор ирсэн нь сонирхолтой байлаа. Байгаль хамгааллын асуудал шинэ түвшинд гарахын хэрээр байгаль хамгаалагчийн талаарх олон нийтийн ойлголт эерэг болж буй нь  энд ирсэн олон байгаль хамгаалагчдын ярианаас анзаарагдсан юм. “Байгаль хамгаалагчийг “гоожин бичдэг”, “хог түүдэг хүн” гэсэн олон нийтийн ойлголт  алсарч байгалиа, эх дэлхийгээ, байгалийн дурсгалт газруудаа  ирээдүй хойч үедээ  онгон дагшинаар  нь хүлээлгэн өгөхийн төлөө  хилийн дайчидтай ч энэ зэрэгцэх  эх оронч  баатрууд юм шүү дээ “ гэж Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Байгалийн дурсгалт бага газрын чулуун БО-ны Улсын байцаагч, байгаль хамгаалагчаар 26 жил  ажиллаж буй Л.Батсайхан хуучилсан юм.

 Тэрбээр  дөрвөн жилийн дараа тэтгэвэрт гарна. Эхэндээ тэтгэвэрт гарахаар миний ажлыг хэн хийх бол гэж санаа зовдог  байсан бол одоо ч санаа зовох зүйлгүй болж байна. Залуу үе маань биднийг нэг үеэ бодвол ойлгож  байгаад баяртай байна. Төрөөс ч дэмжиж байна. Одоо байгаль хамгаалагчдыг малчин биш дээд боловсролтой англи хэлний мэдлэгтэй , төрийн албаны шалгалтад тэнцсэн гээд олон шалгуурт нийцүүлэх болсон нь сайшаалтай гэв. Түүнчлэн байгаль хамгаалагчдын ажлыг хүнд нөхцөлд гэж үзэж тэтгэврийн насыг наашлуулах мөн гэр бүлийн гишүүдийн өрхийн амьжиргааны орлогын эх үүсвэрийг  нэмэгдүүлэх менежмент хийх гээд  олон саналыг тэр нэмж хэлж байлаа.

Монгол Улсын хэмжээнд одоогоор 108 эмэгтэй байгаль хамгаалагч ажиллаж байна. Тэдний нэг нь Хөвсгөл аймгийн Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын захиргааны БО-ны Улсын хяналтын байцаагч Г.Амаржаргал. Түүнтэй чуулганы завсарлагаанаар хуучилсан юм.

Тэрбээр, 2010 оноос хойш байгаль хамгаалагчаар ажиллаж байгаа гэлээ. Тэр сургуулиа төгсөөд ажил хайж байсан гэдэг. Нэг өдөр зурагтаар Хөвсгөл нуурийн байгалийн цогцолборт газрын 25 жилийн ойн нэвтрүүлэг гарч буйг үзээд  яагаад байгаль хамгаалагчаар ажилд орж болохгүй гэж бодоод тус  цогцолборт очиж даргатай нь уулзсан гэдэг.   “…Эмэгтэй хүүхэд  олон хоногоор уул хадаар явна морь, мотоцикль унана. Чи  чадах уу гэж асуужээ”  Тэр багаасаа хөдөө өвөө эмээ дээрээ байгальд ойр өссөн болоод тэр үү чадна л гэж. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл  ажилдаа улам дур сонирхолтой  болж шантрах үе байсан ч тэвчээр гаргасаар үлдэж чаджээ. Түүнийг ажилд орох үед нэг ч эмэгтэй байгаль хамгаалагч байгаагүй аж. Одоо тэрбээр салбарынхаа  бодлогод нөлөөлөх хэмжээний чадварлаг байгаль хамгаалагч болжээ. Энэ удаагийн чуулганаар байгаль хамгаалагчдын удирдлагын тогтолцоог өөрчлөх хэрэгтэй гэсэн юм. Учир нь УТХГЗ-ын  байгаль хамгаалагчид босоо удирдлагатай яаманд харьяалагддаг. Харин сумдын БО-ны  байцаагч  нар аймгаас удирдлагатай.  Тэгэхээр байгаль хамгаалах гэсэн  нэг зорилгын төлөө хоёр тусдаа удирдлагатай яваад байх нь зохимжгүй учраас нэг босоо удирдлагатай байснаар бодлого төлөвлөлт нь  уялдах боломжтойгоос гадна ажлын үр дүн илүү байна. Сүүлийн үед босоо, хэвтээ удирдлагатай гэсэн ялгамжтай байдал үүсээд байгаа юм шиг санагддаг гэсэн юм.

Мөн энэ үеэр Хустайн нурууны залуу  байгаль хамгаалагч Д.Болд-Эрдэнэтэй хэсэг хором хөөрөлдсөн юм. Тэрбээр Уул уурхайн өрөмдлөгийн инженер.  2018 оноос Хустайн нуруунд нутагшуулсан тахийг хамгаалахаар зориг шулуудаж байгаль хамгаалагч болсон гэсэн.  Тэр байгаль хамгаалагч хамгийн сайхан ажил.  Үргэлж байгальд ойр. Өвсөн дунд  тахь дурандаад амар тайван байх хамгийн их аз жаргал. Амьдралын шаардлагаар Хустайн нуруунд  аав, ээж дээрээ ирсэн  нь байгаль хамгаалагч болох эхлэл болсон.  Хэдийгээр би гар дээрээ 700-800 мянган төгрөгийн цалин авч байгаа ч ганц бие байхад болоод байсан. Харин одоо гэр бүлтэй болж  хөөрхөн охинтой болсон чинь амьдралд хүрэлцэхгүй байгаа нь тиймхэн. Манайх ТББ болохоор цалин нэмэгдээгүй. Цаашдаа нэмэгдэх байх гэсэн хүлээлтттэй байгаа. Гэхдээ би 3.5 сая төгрөгийн цалинтай өрөмдлөгийн инженерийн ажлаа хийх бодлоо орхисон. Учир нь байгалиа эх дэлхийгээ, ховордсон ан амьтнаа хайрлан хамгаална гэдэг хамгийн сайхан. Ирээдүй хойч үедээ тустай ажил хийж байна гэхээр омогшдог. Магадгүй энэ үргэлж  байгальд ойр байсны ач байх гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 27. ДАВАА ГАРАГ. № 236 (7221)

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *