Мэргэжилтнүүд Хятадад тархаад буй өвчлөлийн талаар байр сууриа илэрхийллээ

0

Хятадын хойд хэсэгт уушгины хатгалгаа болон амьсгалийн замын өвчин дэгдээд байгаа билээ. Ялангуяа, хүүхдүүд өвчлөх тохиолдол нэмэгдэж, сургууль цэцэрлэгийг хаах хүртэл арга хэмжээг аваад байгаа. Энэхүү өвчлөл нь “Ковид-19” анх тус улсад дэгдсэнээс хойш дөрвөн жилийн дараа дахин шинэ аюул болж магадгүй гэсэн таамаглал цахим орчинд үүсээд байна. Гэсэн хэдий ч Хятадын эрх баригчид халдвар нэмэгдэж байгаа нь нийтлэг вирусээс үүдэлтэй бөгөөд өнгөрсөн арванхоёрдугаар сард ковидын хатуу хязгаарлалтыг цуцалснаас хойших анхны өвөл тул ханиад, томууны вирус түгээмэл байна гэж мэдэгдсэн. Нөхцөл байдал бүрэн тодорхойгүй  байгаа ч мэргэжилтнүүд эдгээр тохиолдол цоо шинэ вирусээс үүссэн гэж таамаглахад эрт байна гэжээ.

Бээжин, Ляонин муж болон Хятадын бусад бүс нутагт тархжээ

Арваннэгдүгээр сарын 13-нд Хятадын Үндэсний эрүүл мэндийн хороо амьсгалын замын өвчлөл хүүхдүүдийн дунд өвчлөл нэмэгдэж байгааг мэдээлсэн. Хятадын эрх баригчид хүйтний улирал болон томуу, уушгины хатгалгаа, амьсгалын замын синцитиал вирус (RSV), SARS-CoV-2 зэрэг эмгэг төрүүлэгчидтэй холбон тайлбарлаж байна.

Ковидоор өвчилсний дараа уушгины хатгалгаагаар өвчлөх эрсдэл өндөр байгааг анхааруулж байсан. ProMED олон нийтийн өвчний тандалтын системээс уушгины хатгалгааны дэгдэлтийн улмаас Хятадын зарим эмнэлгүүд өвчтэй хүүхдүүдээр дүүрсэн талаар мэдээлсэн. Энэхүү дэгдэлт нь Хятадын нийсэл Бээжин, мөн зүүн хойд Ляонин муж болон Хятадын бусад бүс нутагт тархаад байгаа аж. Шинж тэмдэг нь халуурах, ханиалгахгүйгээр уушгины үрэвсэл, уушгины зангилаа буюу уушгинд бөөгнөрөл үүсгэж байгаа аж. Одоогоор нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна.

Сошиал медиа хэрэглэгчид “Хятадаас ирж буй шинэ вирус” эсвэл “Шинэ Ковид” хэмээн эмээж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Хятадаас  хүүхдүүдийн дунд тархаад буй өвчлөлийн талаар нэмэлт мэдээлэл авахыг хүссэн. ДЭМБ-ын мэдэгдэлд дурдсанаар Бээжин өнгөрсөн пүрэв гаригт шинэ эмгэг төрүүлэгч илрээгүй гэж мэдэгдсэн байна.

ДЭМБ “Хүүхдийн амьсгалын замын өвчнөөр өвчилсөн эдгээр тохиолдолд эрсдэлийг бүрэн тодорхойлох нарийвчилсан мэдээлэл хязгаарлагдмал байна” гэв. Түүнчлэн хүйтэн сэрүүний улиралтай зэрэгцэн энэ төрлийн өвчлөл нэмэгдэх төлөвтэй байгааг анхааруулаад байна.

Мэргэжилтнүүд юу хэлэв

Лондоны  их сургуулийн Франсуа Баллу хэлэхдээ, “Хятад улс дэлхийн бусад улс орнуудаас хамаагүй урт бөгөөд илүү хатуу хөл хориог туулсан тул нийтлэг вирус  Хятадад түгээмэл тархаж магадгүй” гэжээ.

Их Британийн Зүүн Английн их сургуулийн Пол Хантер “Одоогоор эцсийн оношийг тавихад хэтэрхий бага мэдээлэлтай байна. Шинэ төрлийн халдвар байсан бол насанд хүрэгсэд илүү  халдвар авах байсан” гэжээ.

Австралийн Дикин их сургуулийн Кэтрин Беннетт “Хятадад сургуульд сурч байгаа бага насны хүүхдүүд ердийн эмгэг төрүүлэгчид  өртөхгүйгээр удаан хугацаа өнгөрүүлсэн. Тиймээс дархлаа нь  нийтлэг вирусийг танихгүй болсон байх магадлалтай” гэжээ.

Эх сурвалж: AFP

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *