“Буцааж авчирна” гэж гэрээлсэн Ноён уулын олдворууд 100 жилийн дараа Эрмитажаас ирэх үү?

0

ОХУ-ын Санкт-Петербург хотноо зохион байгуулсан соёлын IX нэгдсэн чуулга уулзалтын үеэр Соёлын сайд Ч.Номин, ОХУ-ын Соёлын сайд О.Любимова нар албан ёсны уулзалт хийжээ. Уулзалтын үеэр Ч.Номин сайд хоёр орны соёлын харилцаа амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгааг дурдаад, Оросын нэрт археологич П.К.Козлов 1920-иод оны дундуур Судар бичгийн хүрээлэнтэй байгуулсан гэрээгээр шинжлэн судлаад, Монголын талд эргүүлэн өгөх нөхцөлтэйгөөр Орос руу авч гарсан Ноён уулын олдворуудыг эх орондоо буцаан авах асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн байна. Ноён уулын өвийн асуудлыг судлах хоёр орны эрдэмтдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулах саналтай ирснээ мэдэгджээ.

ОХУ-ын Соёлын сайд О.Любимова ажлын хэсэг байгуулах Монголын талын хүсэлтийг тус улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль, тогтоомжийн хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Гадаад хэргийн яаманд танилцуулан  холбогдох чиглэл, дэмжлэг авч судлан үзэхээр тогтсон байна.

Түүх сөхвөл С.Козловтой Жамсраны Цэвээн гэрээ байгуулахдаа Ноён уулын гайхамшигт олдворуудыг эргүүлж авчирна гэдгийг тов тодорхой бичсэн байдаг. 1927 оны 11-р сарын 1-нээс 16-нд үргэлжилсэн БНМАУ-ын IV их хуралд 88 төлөөлөгч оролцож, 25 илтгэл сонсож хэлэлцсэний дотор Судар бичгийн хүрээлэнгийн дарга О.Жамъянгийн илтгэлд “Козловын булшны зүйлээс зарим нь ирээгүй” тухай баримт хөндөгджээ. Жамьян гүн тайландаа Оросын ШУА-тай гэрээ хийсэн, гэрээний дагуу эд өлгийн зүйлсийг эргүүлэн авчирсаар буй боловч Козловын булшны эд зүйлсээс зарим нь ирээгүй хэмээн тодорхой өгүүлсэн байна. Тэдгээр “ирээгүй” гэх олдворын зүйл нь тэр чигээрээ Оросод үлдэж өнөөг хүртэл Эрмитаж музейн хамгийн чухал ховор үзмэрүүдийн дээжист тооцогдсоор буй.

Янз бүрийн уран чимэглэл, хатгамал бүхий торго, бөс бараа, ширдэг, хөшиг сэлт нь дахин давтагдашгүй бүтээлүүд бөгөөд дэлхийд өөр хаана байхгүй чухал ховор нандин олдворууд юм. Тухайн үед олдворуудыг Ленинград руу авч явахдаа Оросын тал Монголын Судар бичгийн хүрээлэнтэй үйлдсэн гэрээнд “буцааж авчирна” хэмээн бичсэн нь баримт болон үлджээ.

1924 оны 11-р сарын 7-ны өдөр хийгдсэн тус гэрээнд “1924 онд “Төвөдийн экспедиц”-ийнхний Ноён уулын булшнаас олсон бүх эдийн өлгийн зүйлийг шинжлэх ухааны үүднээс бүрэн гүйцэд судлахын тулд бүхлээр нь Ленинград руу илгээнэ. 1925 оны намар гэхэд ямарваа нэгэн булшнаас гарсан бүхий л эд зүйлсийг Монголд, Судар бичгийн хүрээлэнгийн музейд буцааж өгнө” хэмээгээд тэр үеийн Судар бичгийн хүрээлэнгийн захирал Жамсраны Цэвээн, “Төвөдийн экспедиц”-ийн дарга Козлов, археологийн хэлтсийн дарга Теплухов нар гарын үсгээ зуржээ.

Анх Козловын багийн бүрэлдэхүүнд мэргэжлийн археологич байгаагүй тул араас нь 2 археологич мэргэжилтэн явуулсны нэг нь Теплухов, нөгөө нь Боровко нар байжээ. Теплухов ирж ажил байдалтай газар дээр нь танилцаад Оросын ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга С.Ф.Ольденбургт мэдээлэхдээ “Козлов яг тонуулчин маягаар ухсан учраас булшны бүтцийг тогтоож чадсангүй” хэмээн бичсэн баримт ч  байдаг ажээ. Юутай ч Ноён уулын булшнаас гарсан эд өлгийн ховор нандин олдворыг 100 жимлийн дараа эргүүлэн авах тухай ярьж эхэллээ. ШУА-ийн эрдэмтэд Ноён уулын булшны талаар тэртээ 2008 онд ийн өгүүлж байжээ.

ШУА-ийн Археологийн хү­рээ­лэнгийн захирал байсан Д.Цэ­­вээн­дорж:
Хүннү нарын ар­хео­логийн дурсгалыг мал­тан шинжлэх ажлыг эхлүүл­сэн судлаач бол Ю.Д.Талько Грын­цевич юм. Тэрбээр 100 орчим булшийг малтсан. Ха­рин 1912 онд Богд хаант Мон­гол Улсын нийслэл Өргөөгөөс хойш 130 гаруй км-ийн зайд орших Хараа голын эх Ноён уулын модон дунд Сүжигт, Журамт, Хужирт гэсэн гурван амны эхэнд олон хонхор байгааг алтны “Монго­лор” нийгэмлэгийн техникч А.Бал­лод олж харж л дээ. Тэрээр алт хайж яваад Журам­тын амны эхний том нүхийг ухаад үзтэл эртний булш илэр­сэн гэдэг. Энэ мэдээллийн дагуу Оросын ШУА-ийн шин­жээ­чид ирэх гэтэл дэлхийн I дайн эхэлсэн учир чадаагүй юм билээ.

Харин арван жилийн дараа эрдэмтэн П.К.Козловын удирдсан Монгол, Төвөдийн газар зүйн шинжилгээний анги Ноён ууланд 200 гаруй булш байгааг тогтоосон юм. Зарим булшийг ухаж ховор олдво­рууд гаргасан. Тухайлбал, торгоор өнгөлсөн эсгий шир­дэг, ёроо­лоо тойрон хятад бичигтэй чий будагтай модон аяга, морины жижиг алтан дүрс, сүлжмэл гэзэгний хэсэг зэрэг эд өлгийн зүйл олжээ. Тэр хятад бичээст модон аягыг МЭӨ I-МЭ I зуунд хол­бог­дох болохыг нь бичээс­ээс тайлсан. Ер нь Ноён ууланд явуулсан малтлагын үр дүнд хүннү нар язгуурт­нуудаа урд талдаа үүдэвчтэй, дөр­вөл­жин далантай булшинд газрын гүнд хоёр давхар гуалин хаш­лаган дотор бан­зан авсанд оршуулдаг байс­ныг тогтоож чадсан юм. Ноён уулын бул­шийг малтсан нь XX зууны археологийн томоохон нээлтэд тооцогддог.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *