“Шантааж” хийсэн ГЗБГЗЗГ-ын дарга асан Ц.Ганхүүд холбогдох нэг хэргийг прокурорт шилжүүлжээ

0

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар (ГЗБГЗЗГ)-ын даргаар ажиллаж байсан Ц.Ганхүүд холбогдох нэг хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусжээ. Түүнд яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-ын хяналтад шилжүүлсэн байна.

Ц.Ганхүүгийн гэр, албан өрөө, хамаарал бүхий хүмүүсийнх нь оффист 2021 оны наймдугаар сард нэгжлэг хийж, удалгүй Засгийн газрын хуралдаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар эл албан тушаалтан эрх мэдлээ ашиглан аж ахуйн нэгжийг шантаажилж хахууль авсан гэх үйлдлийг нь өнгөрсөн долоо хоногт шалгаж дууссан юм байна.

ГЗБГЗЗГ-аас 2020 оны гуравдугаар сард “Орон зайн мэдээллийг бүрдүүлэгч байгууллагуудын санг геопорталаар дамжуулан цахимжуулах, хэрэглээнд нэвтрүүлэх” зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарласан аж. 2.6 тэрбум гаруй төгрөгийн өртөгтэй эл тендерт “Ютилити солюшн” ХХК шалгарсан юм байна.

ГЗБГЗЗГ-ын даргаар ажиллаж байхдаа Ц.Ганхүү эл компанийн эрх бүхий албан тушаалтан С.Амарсанаагаас 70 гаруй сая төгрөг төлөхийг шаардан авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогджээ

Үүнээс өмнө, өнгөрсөн зургаадугаар сард Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Л.Гансүхтэй хамт өдүүлсэн нэг үйлдлийг нь АТГ-т шалгаж дууссан билээ.

Тодруулбал, “Нүүрс хөтөлбөрийн” гэх хэрэгт ял шийтгүүлсэн Л.Гансүх Байгаль орчин, аялал жуулчлалын сайд байхдаа Ц.Ганхүүгийн эхнэр Ш.Сарантуяагийн үүсгэн байгуулсан, 2017 оноос хүү Г.Батболд нь гүйцэтгэх захирлаар ажиллах болсон “Инэл” болон “Твин хаус” ХХК-д Хан-Уул дүүргийн нутаг, дархан цаазат Богд хан уулын Зайсангийн аманд 6233.04, 97473.6 ам метр талбай бүхий газар ашиглах зөвшөөрөл олгосон байдаг.

Уг газрыг олгоход Л.Гансүх, Ц.Ганхүү нар нэг нутаг, нэг сургуульд сурч байсан нь нөлөөлсөн гэж ч үздэг.

Ц.Ганхүүгийн хамаарал бүхий хүмүүсийн “Инэл”, “Твин хаус” ХХК-ийнхан дархан цаазат бүсэд авсан газраа зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцын хотхон, хороолол барьчихсан.

Тодруулбал, эл хоёр аж ахуйн нэгж Зайсангийн аманд “Инэл зайсан виллаж”, “Чариот ресиденс”, “Морьтон ресиденс” нэртэй хотхон барьж ашиглалтад оруулаад удаж байгааг уншигчид сайтар мэдэж буй. Гэвч өндөр албан тушаал хашиж байсан Ц.Ганхүүд холбогдох хэргүүд шүүхээр шийдвэрлэгдэхгүй удаж буй нь хачирхалтай.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *