Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ОХУ-ын Экологи, байгалийн нөөцийн сайд А.А.Козлов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.11.29) Оросын Холбооны Улсын Экологи, байгалийн нөөцийн сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Орос, Монголын Засгийн газар хоорондын комисс (ЗГХК)-ын Оросын хэсгийн дарга Александр Александрович Козлов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Александр Александровичтэй танилцаж байгаадаа баяртай байна гээд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Орос, Монголын Засгийн газар хоорондын комисс (ЗГХК)-ын Оросын хэсгийн даргаар томилогдсонд баяр хүргэж, Монгол Улсад хийж буй энэ удаагийн айлчлал нь манай хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, шинэ шатанд гаргахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна гэв.
ОХУ-ын Экологи, байгалийн нөөцийн сайд А.А.Козлов Улсын Их Хурлын даргад талархал илэрхийлээд Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн даргаар томилогдсон даруйд хамтран ажиллах албаны хүмүүстэй биечлэн уулзах, тэдний санал бодлыг сонсох нь чухал гэсэн байр суурь илэрхийлж байснаа уулзалтын эхэнд дурдав. Тэрбээр, манай хоёр улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад банк санхүү, худалдаа, эрчим хүч, төмөр зам, геологи, уул уурхай болон боловсролын салбарт анхаарал хандуулж ажиллахаа дуулгав.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэхдээ, манай хоёр улсын төрийн тэргүүн нар “Бүс ба Зам” дээд түвшний чуулга уулзалтын үеэр Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэх, шинэ агуулгаар баяжуулахаар тохиролцсоныг ажил хэрэг болгох, бодит үр дүнд хүргэх нь бидний хамтын ажиллагааны нэн тэргүүний зорилт юм. Монгол, Оросын ЗГХК-ын 25 дугаар хуралдаан өнгөрсөн 10 дугаар сард Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдаж, хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тулгамдаж буй олон асуудлыг хэлэлцэж, тодорхой үр дүнд хүрсэнд баяртай байна. Мөн ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володины манай улсад хийсэн албан айлчлалын үеэр Монгол Улс, ОХУ-ын парламентын хамтарсан Комиссын анхдугаар хурал зохион байгуулагдаж, талууд Монгол Улсаас ОХУ-д экспортлох бараа бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцсон бөгөөд үр дүнг ирэх жилийн нэгдүгээр улиралд харахад таатай байх болно. Өнөөдрийн байдлаар Монгол Улс ОХУ-д экспортлож буй бараа бүтээгдэхүүн 150 сая орчим ам.доллар байгаа бол нийт импорт 2 тэрбум орчим ам.доллартай тэнцэж байна. Энэ байдлыг ойрын хугацаанд өөрчилж, гадаад худалдаанд тэнцвэр тогтоох, уламжлалт сайн харилцаагаа эдийн засгийн салбарт илүү идэвхжүүлэх нь чухал байна гэлээ.
ОХУ-ын Экологи, байгалийн нөөцийн сайд А.А.Козлов манай хоёр улсын гадаад худалдааны тэнцвэргүй байдлыг арилгахад анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр хэлэхдээ, хэрэв Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулбал манай хоёр улс хоорондын худалдааны эргэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, худалдаанд тулгарч буй тарифын болон тарифын бус саад тотгорыг бууруулахад бодитой үр дүн гарна гэж бодож байна. Улсын Их Хурлын даргатай уулзах энэхүү завшааныг тохиолдуулан дуулгахад ОХУ-ын Засгийн газрын “Роснефть” компанийн хувьд Монгол Улсыг түлшээр хангах хангалттай нөөц байгаа, мөн ойрын хугацаанд 730 вагон түлш нийлүүлэхээр бэлтгэл ажил хангагдаад байна. Тодруулбал, энэ оны 11-р сарын 29-нд 117 вагон, 11-р сарын 30-нд 54, 12-р сарын 01-нд 67, 12-р сарын 02-нд 120, нийт 350 гаруй вагон түлш Монгол Улсад нийлүүлэх бөгөөд цаашдын төлөвлөгөө гарсан. Бид хоёр талдаа хариуцлагаа нэмэгдүүлж, төмөр замын тээвэрлэлтийг нэн тэргүүнд саадгүй, тогтвортой явуулах нөхцөлийг бүрдүүлэх, тухай бүр мэдээлэл солилцоод явах нь чухал гэлээ.
Талууд эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа, тэр дундаа Улаанбаатар хотын цахилгаан болон дулааны ТЭЦ-3 станцыг шинэчлэх тухай болон бусад тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.