Засгийн газар “Хуралдай”-г дахин санхүүжүүлэх ₮1.2 их наядын бонд гаргаж, захиалгаа авч эхэлжээ

0

Засгийн газар шинэ бонд гаргаж, захиалгаа аваад эхэлсэн байна. Одоогоор бондын нэр тодорхойгүй.

Өмнө нь мэдээлж байсанчлан, 2017 онд гаргасан “Хуралдай” бондыг ирэх 2024 онд төлөх хуваарьтай. Тус төлөлтийг хойшлуулахын тулд шинэ бонд гаргаж, үүгээр татсан санхүүжилтээрээ “Хуралдай” бондын Засгийн газар буцаан худалдаж авахаар төлөвлөж байгаа юм.

Шинэ бонд нь:

  • 5.5 жилийн хугацаатай
  • 8.1 орчим хувийн хүүтэй юм.

Нийт 350 сая ам.доллар босгох зорилготой. Энэ нь 1.2 их наяд төгрөг болох юм.

Fitch Ratings шинэ бондын зээлжих зэрэглэлийг ангилалд үнэлжээ

Одоогийн байдлаар, 4.2 тэрбум ам.долларын захиалга ирээд буй талаар Bloomberg агентлаг мэдээлсэн байна. Ази, Номхон далайн бүсээс 46 хувь, Хойд Америкаас 22 хувь, Европ, Ойрх Дорнод болон Африкийн бүсээс үлдсэн 32 хувийн захиалга иржээ

Мөн арваннэгдүгээр сарын 20-ны өдөр, Fitch Ratings агентлагаас тус шинэ бондын зээлжих зэрэглэлийг B ангилалд оруулсан байна.

Fitch Ratings агентлаг цаашлаад, “Монгол Улс улс төрийн тогтвортой байдал, эрх зүйн үнэлгээгээр таван оноотой. Мөн хууль дээдлэх ёс, институци ба зохицуулалтын чанар, авлигын хяналтын үзүүлэлтээр таван оноотой байна. Иймд, эдгээр нь Дэлхийн банкны засаглалын шалгуур үзүүлэлтүүд сайн байгааг харуулж буй” гэж мэдээлсэн байгаа юм.

Шинэ бондоор эргэн төлөлтийг таван жил хойшлуулна

Энэ санхүүжилтээр буцаан худалдаж авахаар төлөвлөж буй “Хуралдай” бонд нь 8.75 хувийн хүүтэй, 390.7 сая ам.долларын дүнтэй юм.

Дээр дурдсанчлан, ирэх онд төлөгдөх ёстой. Харин төлөх эдийн засгийн чадвар сул байгаа тул Засгийн газар буцаан худалдаж авах эх үүсвэр хайна гэдэг нь тодорхой байсан. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар, “Хуралдай” бондын хөрөнгө оруулагчдад буцаан худалдаж авах саналаа Засгийн газар тавиад байсан юм.

Хэрэв шинэ бондыг олон улсын зах зээл дээр амжилттай гаргаж, санхүүжилт босгон, “Хуралдай” бондыг худалдаж авбал эргэн төлөлтийн ачааллыг дахин таван жилээр хойшлуулна.

Төлөгдөөгүй дөрвөн бонд үлджээ

Засгийн газар 2012 онд “Чингис хаан” бонд гаргаснаас хойш өрийн төлбөрийг хойшлуулахын тулд дахин шинэ бонд гаргаж, дахин санхүүжүүлж ирсэн.

Тодруулбал, “Чингис хаан” бондоос хойш “Дим сам”, “Мазаалай”, “Гэрэгэ”, “Хуралдай”, “Номад” зэрэг бондыг гаргасан юм. Сүүлд дурдсан бондууд нь бүгд өмнөх бондоо дахин санхүүжүүлж, төлөлтийг хойшлуулах зорилготой зах зээлд гарсан юм.

Одоогийн байдлаар “Хуралдай”, “Номанд”, “Сенчири”, “Сенчири-2” бондууд төлөгдөөгүй үлдээд байна.

Бусдыг нь төлсөн.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *