Засгийн газар “Сенчири 3” бонд амжилттай босголоо

0

Засгийн газар хугацаа нь тулаад байгаа “Хуралдай” бондын төлбөрийг дахин санхүүжилт хийхийн тулд 392.5 сая ам.долларын бондыг дэлхийн зах зээл дээрээс амжилттай босгожээ. Тодруулбал, өнгөрсөн сарын 20-28-ны өдрүүдэд “Сенчири 3” нэртэй бондыг 5.5 жилийн хугацаатай 350.0 сая ам.долларын бондыг 7.875 хувийн хүүтэйгээр арилжаалсан байна.

“Хуралдай” бондын 57 хувь буюу 222.8 сая ам.долларын буцаан худалдан авах өрийн зохицуулалтын арга хэмжээг амжилттай хэрэгжүүллээ. “Хуралдай” бондын үлдэгдэл 169.7 сая ам.долларыг шинээр босгосон бондын үлдэгдэл эх үүсвэрээр, мөн тодорхой хэсгийг төрийн сангийн мөнгөн хөрөнгөөр төлж барагдуулах аж.

Энэхүү эх үүсвэрийг шинээр босгохоор олон улсын хөрөнгө оруулагчдад санал тавьсан бөгөөд Ази, Америк, Европын хөрөнгө оруулагчдаас 13.7 дахин их ( 4.8 тэрбум ам.доллар) хэмжээний захиалгыг ирүүлжээ. Мөн дэлхий даяар инфляцын түвшин огцом нэмэгдэж, АНУ-ын бодлогын хүү 5.5 хувьд хүрсэн энэ цаг үед АНУ-ын бодлогын хүү болон Засгийн газрын шинээр босгосон бондын хүүгийн зөрүү (spread) 2.6 хувь буюу өмнөх Засгийн газрын гадаад бондуудын хүүгийн дундаж зөрүү болох 5.5 хувиас 2.1 дахин бага хэмжээтэй гарсан байна. Эдгээр үзүүлэлтүүд нь Монгол Улсын Засгийн газарт итгэх олон улсын хөрөнгө оруулагчдын итгэл түүхэнд байгаагүйгээр сэргэж байгааг харуулж байна.

Тус өрийн зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд олон улсын зах зээлд нэр хүндтэй J.P.Morgan болон HSBC хөрөнгө оруулалтын банкнуудтай хамтран ажилласан. Сангийн сайдаар ахлуулсан Сангийн яам, Монголбанкны ажлын хэсэг шинээр арилжаалах бондын сурталчилгаа буюу Рөүдшоуг арваннэгдүгээр сарын 19-27-ны өдрүүдэд Хонг Конг, Сингапур, Английн Лондон, Америкийн Нэгдсэн Улсын Нью Иорк зэрэг хотуудад зохион байгуулж, нийт 100 гаруй хөрөнгө оруулагчтай уулзаж, Монгол Улсын эдийн засаг, төсөв, өрийн удирдлагын чиглэлээр баримталж байгаа бодлогыг таниулж, хөрөнгө оруулагчдын сонирхсон асуултад хариулт өгсөн байна.

Эргэн сануулахад, манай улс 2017 онд 600 сая ам.долларын “Хуралдай” бондыг 8.75 хувийн хүүтэйгээр, 800 сая ам.долларын “Гэрэгэ” бондыг 5.625 хувийн хүүтэйгээр олон улсын санхүүгийн зах зээл дээр гаргаж байсан бөгөөд бондуудын үндсэн төлбөр 2023-2024 онд төлөгдөх хуваарьтай байсан юм.

Ингээд дээрх гадаад бондуудыг дахин санхүүжүүлэх зорилгоор Засгийн газар өнгөрсөн нэгдүгээр сард “Сенчири 2” төслийн хүрээнд 650 сая ам.долларын бондыг гаргаж “Хуралдай”, “Гэрэгэ” бондын хэсгээс буцаан худалдан авч, өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлж байсан юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *