Л.Оюун-Эрдэнэ: Авлигын эсрэг тэмцлээс алхам ч ухрахгүй, өрөвдөхүй, өршөөхгүй

0

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын нэгдсэн чуулганд оролцож, Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, түүнийг дагалдуудан авлига, албан тушаалын хэргийн даганасан шүүх байгуулах болсон талаар үг хэллээ. Ерөнхий сайдын хэлсэн үгнээс онцлох эшлэлийг хүргэе.

  • Авлигажсан тогтолцоо ард иргэдийн хүсэл мөрөөдлийг хулгайлсныг хэлж байна. Авлига ард иргэдийн шударгаар хөдөлмөр эрхлэх хүсэл эрмэлзлийг мохоож байна. Иргэд өөрсдөдөө гэхээсээ үр хүүхдийнхээ амьдрах шинэ 30 жилд илүү санаа зовж байна. Авлигын эсрэг тэмцлийн үр дүнд шинэ 30 жил бодитоор эхлээсэй хэмээн нийгмээрээ хүсэж байна.
  • Аалзны тор мэт сүлжилдсэн 30 жилийн авлигын цайзыг нураах ард түмний хүсэл эрмэлзэл үерийн ус мэт тал талаас цутгаж, усны түвшин өдөр өдрөөр дээшилсээр байна. 30 жилийн тогтолцоо гурав хүрэхгүй жилд бүтэн нурахгүй ч авлигыг үл тэвчих үзэл санаа бүрэлдэн бий болж, нийгмийн сэтгэлзүй болон төлөвшиж байгаад Ерөнхий сайдын хувьд сэтгэл хангалуун байна.
  • Өнгөрсөн хугацаанд авлигын олон асуудлыг Засгийн газар үе шаттай гаргаж тавьсан. Зарим хүмүүс нийгмийг бухимдуулж байна хэмээн надад шүүмжлэлтэй хандаж байгаа. Гэхдээ би зөв зүйл хийж байгаа гэдэгтээ итгэлтэй байна. Идээг шахахгүй нууж аргацаасаар байвал нэг л өдөр буглаж, ардчилсан Монгол төрийн аминд хүрэх аюултай байсан.
  • Авлигын эсрэг тэмцэл адармаатай ч алхам алхмаар урагшилсаар өнөөдөр шүүхийн шатанд тулаад зогслоо. Шүүхийн шатанд бүлэглэлийн гар хөлүүд авлигын асуудлыг хэрхэн гацаан удаашруулж байгааг ч, “сонгууль хүртэл тэсчихвэл Оюун-Эрдэнэ зайлчихна, тэгээд бүх зүйл сайхан болно” гэж хилийн чанадад оргон зайлсан “шувууд” маань томилсон шүүгч нартаа захиж байгааг ч мөн мэдэж байгаа. Гэхдээ үүнийг зөвхөн ордон дотор биш, олон нийт ч гярхай олж харсан байна.
  • “Өргүй бол баян, өвчингүй бол жаргал” гэж монголчууд бид ярьдаг. Эдийн засгийн эхний үр дүнг Засгийн газар удаан хуримтлагдсан гадаад өрийг төлөхөд зарцуулсан. Өнгөрсөн хугацаанд “Мазаалай” бондын 500 сая ам.доллар, “Гэрэгэ” бондын 800 сая ам.доллар, “Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларын өрийг төллөө.Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт 1.5 их наяд хүрч, “Евро” бондын 500 сая ам.долларын өрийг саяхан, аравдугаар сарын 23-нд бүрэн төлж барагдуулсан. Одоо арванхоёрдугаар сарын 25-нд “Самурай” бондын 30 тэрбум иень буюу 200 сая ам.долларын төлбөрийг төлснөөр Монгол Улс дампуурлын эрсдэлээс 12 жилийн дараа ийнхүү гарч байна. Бондуудын төлбөрийн ард валютын нөөц дөрвөн тэрбум ам.доллар хэвээр байх тул хувийн хэвшлийнхэн санаа зовох шаардлагагүй. Мөн төлбөрийн тэнцэл эерэг хэвээр байх болно.Улсынхаа нэрээр зээл авч, бүлэглэлийн зарчмаар хувааж, өөрсдөдөө зориулж өршөөлийн хууль баталсан хариуцлагагүй үйлдэл дахин давтагдах ёсгүй ээ!
  • Өр тавьж улсаа дампууруулаад өнөөдөр өргүй Монгол гэж хэлбэрдэх, шударга ёс ярьчихаад авлигын бүлэглэлийн хоргодох байр болж, тэднээс санхүүжиж байгааг одоо ард иргэд ялгаж салгаж чадна.Эдийн засгийн макро тэнцвэр бүс нутагт үнэлэгдэж, олон улсын нэр хүнд өсөж, хөрөнгө оруулагчид Монгол Улсыг дахин эергээр харж эхэлж байна. Харин бид 2012 оны боломжийг алдсандаа нийгмээрээ дүгнэлт хийх учиртай. Энэ л агуулгаар Үндсэн хуулийн өөрчлөлт, сонгуулийн холимог тогтолцоог сонгон авсан нь худал амлалт, хэт популизмаас Монгол Улсын хөгжлийн бодлого, эдийн засгийг хамгаалахыг хүссэн үйлдэл байсан гэдгийг дахин тэмдэглэж хэлэх нь зүйтэй.
  • Муу нуухаар сайн илчил гэдэг. Авлигатай хийх тэмцэл эрчимжиж, эдийн засгийн тоон үзүүлэлтүүд сэргэж байгаа ч, авлигачдад эцсийн хариуцлага тооцох ажил шүүхийн шатанд удааширч байгааг дахин онцолж байна. Шүүх засаглалыг бид авлигач шүүгчдээс нь, тэднийг томилсон бүлэглэлээс нь хамгаалж, хараат бус шүүх засаглалыг бүрдүүлэх, шударга шүүгчдийг дэмжихэд бүх нийтээрээ дэмжлэг үзүүлэх цаг болжээ.
  • Улсад 20 тэрбумын хохирол учруулсан авлигачийг 20 саяар торгоно гэдэг авлигын эсрэг шийтгэл үү, эсвэл авлига авах нь зөв шүү гэдэг урамшуулал уу?
  • Улс орноо дампуурлын ирмэгт аваачсан нөхдүүд шүүхийн гадна баяр тэмдэглэж байгаа нь хариуцлага тооцож байгаа хэлбэр үү эсвэл зээл аваад төлөхгүй ч байж болно гэдэг сэдэл үү?
  • Үзэл бодлоо илэрхийлсэн залууст төмөр нүүр харуулчихаад, авлигын хэрэгтнүүдийн даралт ихсэж, тулай нь сэдрэхэд улсаараа халаглаж, хүмүүнлэгийн байгууллага шиг эрхлүүлсээр байх уу?
  • Энгийн хэргүүд гурван сар дотор гурван шатны шүүхээр шийдэгдэж байхад, дуулиант авлигын хэргүүд анхны шатны шүүх дээр долоон жил гацаж байгааг хэрхэн тайлбарлах вэ?Энэ мэт олон асуудалд ард түмэн эргэлзэж шударга ёсыг шаардаж байна. Ард түмнээс сонгогдож байгуулагдсан төлөөллийн төв байгууллага Парламент энэ асуудлыг ярихгүй бол өөр хаана ярих билээ.Бид хэнийг ч хэлмэгдүүлдэггүй, хэнийг ч ял завшуулдаггүй, бас хэрэг албаар дарж цаг хождоггүй, бүлэглэлд үйлчилдэггүй,  шударга, мэргэшсэн хараат бус шүүх засаглалыг төлөвшүүлэх учиртай.
  • Шүүхийн зарим удирдлага Ерөнхий сайдыгаа огцруулах санал хураалт хийж, шүүхэд шүүмжлэлтэй хандсан бүхэнд бухимдан хилэгнэхийн оронд өөрөө өөрийгөө шинэчлэх цогц реформыг цаг алдалгүй эхлүүлж, олон улсын түвшинд ёсзүй, ур чадвар, хүний нөөцийн хувьд хүрээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.
  • Монгол Улсын Засгийн газраас өнөөдөр авлигын эсрэг тэмцлийн хүрээнд Шүүх байгуулах тухай хуулийг өргөн барьж байна. Энэ хууль хараат бус шударга шүүхийг бүрдүүлэх нийгмийн мэтгэлцээний эхлэл байгаасай хэмээн хүсэж байна.
  • Системийн авлигын улс төр болон эдийн засгийн бүлэглэл, олон улс дамнасан сүлжээний өмнө жирийн шүүгчид маань хүчин мөхөсдөж байхыг үгүйсгэхгүй ээ. Монгол төр энэ дархлааг хамгаалах эрхзүйн орчин, тогтолцоог бүрдүүлэх учиртай.  Тийм ч учраас Монгол Улсад авлигын дагнасан шүүх байгуулах нь зайлшгүй шаардлагатай хэмээн Ерөнхий сайдын хувьд үзэж байна.
  • Авлига бидний тулгамдсан асуудал мөн л бол нэрэлхэлгүй тулгамдсан асуудлаа шийдвэрлэдэг байх учиртай. Энэ нь шүүхэд итгэж буй итгэл бөгөөд авлигын эсрэг мэргэшсэн бүтцийг өөрсдөө бүрдүүлэх боломж бөгөөд дээд шүүхэд өгч  буй эрх мэдэл биш хариуцлага хэмээн хүлээж авна гэдэгт итгэж байна.Мөн Шүүх засаглалын цалин хангамжийн асуудлыг Улсын Их Хурлын аль нэг Байнгын Хороо шийддэг байж болохгүй гэсэн байр суурьтай байна. Харин итгэлцүүрийн дагуу засаглалууд өөрсдөө шийдвэрлэдэг байх нь олон улсын жишиг юм.
  • Шүүгчидтэй аль нэг улс төрч, бизнесийн нөлөө бүхий хүмүүс протоколгүй, албан бусаар уулзахыг ч хуульчлан зохицуулах ч шаардлагатай байна. Шүүх, Хууль тогтоох, Гүйцэтгэх засаглал байршлын хувьд салангид байх, Дээд шүүхийн байрыг Шударга ёсны ордон хэмээн нэрлэх зэрэг ёс зүйн болон хэм хэмжээний олон асуудлыг бид нээлттэй ярилцах цаг болжээ.
  • Нүүрсний хэргүүд шүүхэд шилжсэн. Шинээр илэрсэн нөхцөл байдлуудтай уялдуулж, нүүрсний сонсголын хэлэлцүүлэг ирэх долоо хоногт эрчимжнэ.  “Шударга ёсны хуулийн илд байна” хэмээн амласан Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Б.Энхбаяр Таны анхны томоохон ажил ийнхүү эхэлж байна.Танд болон түр хорооны гишүүдэд амжилт хүсье. Иргэдийн мэдэх эрхийг хангаж, цаашид алдаа гаргахгүйн тулд эрхзүйн, тогтолцооны шийдэл гаргах нь туйлын чухал юм.
  • Олон жил дуншин гацсан дуулиант хэргүүд ийнхүү шүүхийн шатанд шилжлээ. Өнөөдөр өргөн барьж буй энэхүү хуулийн өөрчлөлт улс төрд томоохон донсолгоо үүсгэж, олон талын шүүмжлэлтэй тулахыг үгүйсгэхгүй ээ.Системийн авлигын эсрэг тэмцэл аль ч улсад улс төрчдийн чин эрмэлзэл, эр зориг, иргэдийн дэмжлэг, хууль сахиулах болон шүүх засаглалын чадвараас ихээхэн хамаардаг.
  • Монголд шударга ёсны тэмцэл машинаар бол хүнд араандаа залгаж, усаа халаан уухилсаар уулын оройд нэлээд ойртлоо. Оргил өөд дөхөх тусам замын бартаа нэмэгдэж, хад чулуу ихсэх нь ойлгомжтой. Давж ард нь гарах уу эсвэл уулын бэлд хүч алдан унах уу гэдэг сонголтын өмнө бид удахгүй тулж ирнэ.
  • Хэрэв “машин” буцаж онхолдвол авлигын эсрэг тэмцэл энэ түвшинд эргэж иртэл нэлээдгүй урт хугацааг туулах байх, магадгүй хэзээ ч эргэж ирэхгүй ч байж мэднэ. Авлигын далайдаа хэдэн үеэрээ, хэдэн зуун жилээр дарлуулан амьдарч буй олон улсын харамсалтай жишээг бид үр хүүхдийнхээ төлөө давтаж болохгүй. Тиймээс бид өрөвдөж болохгүй, өршөөж болохгүй, бууж өгч болохгүй.Өнөөдөр авлигатай хатуу тэмцэх нь Монголын ирээдүйн төлөө хайр юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *