Булган аймагт зочлох Солонгосчуудад зориулж “Нэг жуулчин-Нэг хонь” хөтөлбөр хэрэгжүүлнэ
Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга х.Батчимэг “Нэг жуулчин-Нэг хонь” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гурван талт хамтын ажиллагааны санамж бичигт БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан нар гарын үсэг зурсан. Санамж бичигт Солонгосоос ирсэн жуулчид Булган аймагт зочлох, тэдний сонирхлыг татах зорилгоор тусгай хөтөлбөр гаргахад Аялал жуулчлалын мэргэжлийн холбоотой хамтран ажиллах, “1 жуулчин – 1 хонь” хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлнэ.
Тус улсад энэ талаар мэдээлэл түгээх, сурталчилгаа явуулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, Солонгосоос ирсэн жуулчдад орон нутгийн малчин өрхийн маллаж буй хоттой хониноос тус бүр 1 хонь зүсэлж өгч, тухайн малчнаар хариуцан маллуулах ажлыг зохион байгуулах талаар тусгасан.
Гэхдээ төрөөс жуулчдад хонь худалдан авч өгөхгүй. Жуулчин өөрөө ирээд худалдаж авах юм. Харин хонийг өсгөж, үржүүлэхэд анхаарсан бодлого хэрэгжүүлнэ.
Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны хатуу хог хаягдлын ландфилл болон бохир ус цэвэрлэх байгууламж ашиглалтад орсон. “Хог хаягдлын менежментийг сайжруулах” зорилтын хүрээнд тус аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Харганы амын ил задгай төвлөрсөн хогийн цэгийг нөхөн сэргээж, шинээр 2-р зэрэглэлийн төвлөрсөн хогийн цэг, ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжийг тус тус ондоо багтаан улсын комисс хүлээн авахаар ажиллаж байна.
2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбоотойгоор 2023 онд зохион байгуулагдах арга хэмжээг Засгийн газраас баталж байсан. Маш төлөвлөгөөтэй ажил болж байсан. Энэ хүрээнд 70 гаруй арга хэмжээ зохион байгуулсан. 2024 онд Монгол Улсын хэмжээнд 189 арга хэмжээ зохион байгуулахаар зарлаж байна.
2024 оны эвент арга хэмжээний цагалбар гаргахаар Засгийн газрын гишүүд болон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газруудаас саналыг аван нэгтгэж Засгийн газрын хуралдаанаар оруулах төслийг боловсруулан ажиллаж байна” гэв.