Хашаа, цасан дээрх цусны толбоор нохойгоо буудуулсныг мэджээ
СБД-ийн 18 дугаар хороонд эзэнтэй нохойг хашааныхан ойролцоо буудсан бичлэг олон нийтийн цахим сүлжээнд цацагдсан. Тухайн нохойг устгахдаа “Базалт нэгдэл” компанийн анчид хашааны гаднаас буудаж дараа нь хашаа руу нь орж буудсан үйлдэл нь камерын бичлэгт үлджээ.
Өмнө нь удаа дараа хүн рүү дайрсан учир иргэний гомдлын дагуу устгасан. Анчдыг ирэх үеэр нохой хашаанаасаа гарсан тул буудах нэг шалтгаан болсон гэдгийг СБД-ийн 18-р хорооны Засаг дарга Ц.Цогт-Од хэллээ.
“Тухайн гудамжны иргэд удаа дараа гомдол гаргасан. Үүнийг эздэд нь уламжлахад хариу арга хэмжээ аваагүй. Зарим иргэд энэ айлын нохойноос болж гэртээ орж чадахгүй 102 дуудаж байсан ч үе бий. Ер нь нохойг эзэнтэй ч, эзэнгүй ч хашааны гадна байгаа л бол устгах журамтай. Тэр нохой хэдэн медальтай байсан ч устгана. Тухайн нохойг устгах үедээ эзэд рүү нь утсаар ярихад зөвшөөрсөн гэнэ лээ. Нохой бол аюултай амьтан. Өнгөрөгч дөрөвдүгээр сард манай хорооны иргэн рүү өөрийнх нь тэжээдэг нохой дайрч баруун нүднийх нь нулимсны сүвийг урсан. Ингээд тэр хүн харааны бэрхшээлтэй болсон.Тиймээс өөрийн ч, өрөөлийн ч тэр нохой аюултай амьтан учраас иргэнийхээ үүргийг биелүүлж орой 22 цагаас өглөөний 6 цаг хүртэл хашаанаас гаргахгүйгээр сул байлгаж бусад цагт нь уях ёстой. Манай хорооны иргэдээс нохойд уруулсан, нохой дайрдаг гэх гомдол мэдээлэл их ирдэг.Тэдний нэгд иргэн Э-ийн нохой зүй ёсоор багтсан тул устгасан” гэлээ.
Харин буудуулсан нохойн эзэн болсон явдлын талаар хэлэхдээ,
“Би гэртээ амарч байгаад өдрийн 2:00 цагт нохойдоо хоол өгөхөөр гарсан ч байгаагүй. Ингээд аав руугаа залгаж нохойгоо асуусан ч хорооноос нохойгоо уяарай гэсэн гэхээс өөр зүйл яриагүй. Хашаан дотор цасан дээр 50 метр газарт цус дусчихсан. Хашаа цус болчихсон байсан. Ингээд гэрийнхээ камерыг шүүж үзтэл хашааны гадна машинтай хүмүүс ирэхэд манай нохой хуцсан байна лээ. Хашаа, цасан дээр дуссан цусны мөрөөр нохойгоо буудуулсныг мэдсэн. Тэд нохойг минь эхлээд буудаж шархдуулаад, хашааны хаалга онгойлгож ороод хөөсөөр байгаад буудаад хөнөөчихсөн. Миний нохойг Микси гэдэг байсан хоёр жил тэжээсэн. Нохой эрх чөлөөтэй байх ёстой гэж бодож нохойгоо сул тавьсан.Манайх хоёр нохойтой тухайн үед нэгийг нь буудсан. Учир нь нэг нь үнэтэй үүлдрийн нохой байсан учир буудаагүй. Үнэтэй нохойг бууддаггүй юм байна лээ.Одоогоор хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн” гэв.
Б.МӨНХ-ЭРДЭНЭ: 2024 ОНД ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТНЫ ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДАНА
Нохойг буудаж устгахад аюулгүй ажиллагаа алдагдаж байгаагийн нэгэн жишээ энэ. Мөн иргэд үүргээ ухамсарлаж гарч болох эрсдэлээс сэргийлж арга хэмжээ авч байхыг сануулж байгаа юм. Түүнчлэн уг асуудлыг хуулиар зохицуулж өгөөгүйгээс аль, аль нь дураараа загнаж байгаа үзэгдэл. Иргэд нохойгоо вакцинжуулалт, мал эмнэлгийн үзлэг оношилгоонд хамруулах, хашааны гадна нохойтой гэх тэмдэглэгээг байршуулах, мөн хашааныхаа бүрэн бүтэн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй байдаг байна. Гэтэл төдийлөн сайн үүргээ ухамсарладаггүй байдлаас хэн нэгэн нь амь нас эрүүл мэндээрээ хохирч байсан гашуун түүх олон. Иймд нохой устгал гэх зүй бус аллага, иргэдийн ухамсаргүй үйлдлийг хуулиар зохицуулах шаардлага тулгарч байгааг дээрх үйлдэл батлан харуулж байгаа юм. Дэлхийн 124 улс “Гэрийн тэжээвэр амьтны” тухай бие даасан хуультай. Харин манай улсад энэ харилцаа ямар ч зохицуулалтгүй явж ирсэн. Тиймээс “Гэрийн тэжээвэр амьтны” тухай хуулийг хэзээ батлагдаж энэ асуудлыг цэгцлэх, мөн нохой устгалын ажлын дүрэм журмын хэрэгжилт ямар байгаа талаар Захирагчийн ажлын албаны орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнээс тодрууллаа.
-Нохой устгалын анчид аюулгүй байдлыг ханган ажиллаж чаддаг уу.Үүнд хэрхэн хяналт тавьдаг вэ?
-Ер нь нохойг эзэнтэй, эзэнгүй гэж ялгадаггүй. Хашааны гадна байгаа бол буудах журамтай. Нохой устгалын анчид аюулгүй байдлыг баримталдаг. Аль болох хүний хөл хөдөлгөөн багатай байршлуудаар явж устгал хийдэг.
-Эзэнтэй нохой буудах тохиолдол хэр элбэг вэ?
-Олон. Нохойгоо уяагүйгээс хүн рүү дайрсан гэх гомдол мэдээлэл олон бүртгэгддэг. Гомдлын дагуу устгана. Түүнчлэн хүзүүвчтэй нохойг буудчихлаа гэх мэт гомдол иргэдээс ирдэг. Таних тэмдэг, бүртгэлжүүлэлт нөлөөлөхгүй.Та нохойгоо хашаанаасаа гаргасан л бол буудна.
-Нохой муурыг зүй бусаар устгах ажлыг хэзээнээс болих вэ. Үүнийг гэрийн тэжээвэр амьтны тухай хуулиар яаж зохицуулсан бэ. Хууль хэзээ батлагдах билээ?
-Гэрийн тэжээвэр амьтны тухай хуульд харгис хэрцгийгээр тоо толгойг бууруулахгүй байх, үржил хязгаарлах аргыг хэрэглэх, олон нийтийн газар, гудамж, талбай хүн амын суурьшлын бүсэд нохой муурыг устгахгүй байхаар зохицуулалт орсон.