Ц.Адъяасүрэн:Үндсэн хууль бол Монголын ардчиллын баталгаа болж чадсан юм
Анхны Ерөнхийлөгчөө сонгосон, Бага хурлаа байгуулж, шинэ тогтолцоот Засгийн газраа эмхэлсэн, төрийн тамга, төрийн тогтолцоо, байгууламжийг өөрчилсөн, түүхт цагаан сүлдээ залсан, Монголынхоо нийгмийг цоо шинэ замналаар хөгжих бодит нөхцөл, хөрс суурийг тавьсан, монгол хүндээ хүний эрхийн нь эдлүүлсэн “Эцэг хууль”-ийг тогтоон баталсан хүндтэй, гавьяатай эрхэмүүдийн “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид” номноо нийтлэгдсэн дурсамжуудаас цувралаар хүргэж байна.
Ц.Адъяасүрэн:Үндсэн хуулийн анхны эх болох “Их цааз” утга төгөлдөр агуулгатай, хэтийн ирээдүйг харсан сайн хувилбар байсан
Үндсэн хуулийг батлахаар 1991 оны 9 дүгээр сарын эхээр ээлжит чуулгандаа оролцохоор ирсэн депутатууд эхлээд “Үндсэн хуулиа” хэлэлцэж батлахын оронд Улсын Бага Хурлын асуудлыг хэлэлцэж, Засгийн газрыг огцруулах хүсэл сонирхол их байв. Тэр нь хурлын дэг хэлэлцэх үед маш тод илэрч байсан билээ. Энэ нь тэр үеийн эдийн засгийн хямрал, бэрхшээлээс үүдэлтэй байсан бухимдлын нэг илрэл байлаа. Иймд АИХ-ын тэр үеийн удирдлагын зүгээс депутатуудаа тайвшруулах, хуралдааны дэгээ зөв ойлголцож, тэд нараар батлуулахад голчлон анхаарах болсон билээ.
Хуралдааны дэгээ хэд хоног удтал хэлэлцээд Үндсэн хуулиа хэлэлцэх болсон нь их ахиц байлаа. Үндсэн хуулийг хэлэлцэх асуудал амархан байгаагүй.
Үндсэндээ хоёр өөр ойлголттой том бүлгийн хооронд тэмцэл өрнөж байсан хэрэг. Хуучнаа хамгаалах хандлагатай нэг бүлэглэл, урагшаа давших сонирхолтой өөр нэг бүлэглэл байлаа. Эдгээрт намууд тухай бүр нь янз бүрээр хуваагдаж байр сууриа илэрхийлж байсансан.
Олон хоног хуралдаж, олон бэрхшээлийг даван туулж, хүнд тэмцэл, маргаан, мэтгэлцээн дундаас төрөн гарсан хууль бол 1992 онд баталсан ардчилсан Үндсэн хууль юм.
Үндсэн хуулийн анхны эх болох “Их цааз бол боломжийн утга төгөлдөр агуулгатай, хэтийн ирээдүйг харсан сайн хувилбар байсан болно. Гэвч тэр үеийн нийгмийн сэтгэхүйн хоцрогдолд нэрвэгдсэн нилээд олон хүмүүсийн “түүхийг хойш чангаасан” хуучинсаг сэтгэлгээ, дадал зуршил, хэт болгоомжлол, хардлага сэрдлэгээс шалтгаалан Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлэг олон удаа мухардалд орж байлаа. Гэвч бас яахав тал татаасаа гарц хайж, алгуур боловч урагшилж байлаа.
Ардчилсан хүчнийг төлөөлж байсан депутатууд бид юуны урьд Их Цааз төслийг хамгаалгах, илүү боловсронгуй болгох, төрийн тогтолцооны парламентын хувилбарийг хадгалж үлдэх, хүний эрх, эрх чөлөөг баталгаатай болгох, газрыг өмчлүүлэх, улсын нэрийг “Монгол Улс” хэмээн нэрлэх зэрэг зарчмын асуудалд гол анхаарлаа хандуулж байлаа. Үндсэн хуулийг хэлэлцсэн 76 хоног бол хуучинсаг бүлгийнхэнд зориулсан улс төрийн том сургууль, хичээл болсон билээ. Энэ 76 хоногоос хойш хуучнаар сэтгэж байсан бараг бүх хүмүүс өөрчлөгдөж, харин ч орон нутагт шинэ Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх болсон нь Монголын нийгмийн дэвшилд зохих үр дүнгээ өгсөн юм.
Энэ Үндсэн хууль бол Монголын ардчиллын баталгаа болж чадсан юм. Гэхдээ улс орны хөгжлийн явцад Үндсэн хуульд зохих нэмэлт, өөрчлөлт, сайжруулалт хийх нь зайлшгүй юм. Энэ бол хөгжлийн процесийн зүй ёсны үр дагавар юм.
Тэр үед хэлэлцэх асуудал мухардалд ороод байх үед Ардын Их Хурлын орлогч дарга байсныхаа хувьд санаа зовинон, бичиж байсан сэтгэгдэл маань гар бичмэлээрээ хадгалагдан үлджээ. Түүнийг сийрүүлэн сонирхолтой байх болов уу хэмээн энд оруулав.
Ардын Их Хурлын хуралдааны төлөөх санаа зовинол: Энэ бол Монголын ард түмэн төрийн эрхээ бариулахаар итгэл найдвар хүлээлгэсэн 427 депутатын чуулга юм. Өнөөдөр Ардын Их Хурлын II хуралдаанаас Монгол Улсын ард түмэн юу хүсэн хүлээж байна вэ? Тэд ард олныхоо итгэлийг олон үеийн турш биелүүлж чадахуйц шийдвэр гаргаж чадах уу, үгүй юу? Энэ бүхэн бол маш эгзэгтэй бөгөөд хариуцлагатай асуудал болоод байна.
Гэтэл хуралдаан ямар нөхцөл, уур амьсгалд болж байна вэ? Яг энэ хуралдааны гал тогоонд чанагдаж энэ хуралдааны гол асуудлын төлөө өдөр, шөнөгүй сэтгэл зүрхээрээ шаналж яваа болохоороо өөрийнхөө бодол санааг илэрхийлье. Хуралдаанд олон ургальч үзлийн илэрхийлэл болсон олон намаас сонгогдон орсон төлөөлөгчид, мөн ард түмний эрх ашиг, тусгаар тогтнолын төлөө гэсэн эвсэл холбоод зэрэг олон бүлэг байгаа боловч эцсийн дүндээ монголын ард түмнийхээ л төлөө гэсэн нэгэн сэтгэлд захирагдаж байгаа нь тодорхой. Гэвч эдгээр бүлэг холбоонд маань бие биенээ ойлгохгүй, хоорондоо хөлөө жийлцэх хандлага ч байгааг үгүйсгэж чадахгуй. Улс орны одоогоор шилжиж байгаа улс төр, нийгэм эдийн засгийн ямар тогтолцоо болон түүнийг цаашдаа баталгаажуулах асуудлыг гол болгохгүй, зөвхөн эдийн засгийн хүндрэл, бэрхшээлээс үүдэн гарсан ард түмний өнөөгийн бухимдлыг ашиглан ирээдүйг харалгүйгээр хуучнаараа шийдэх, үзэх хандлага давамгайлсан байгаа нь мэдрэгдэнэ.
Энэ бүх хандлага улмаар улс төржих маягаар ч илэрч, дийлэнх олонхын ардчилалд хөтлөгдөн ард түмний ирээдүй хэтийн язгуур эрх ашигт үл нийцэх шийдвэр ч гарч болзошгүй байна.
Ардын Их Хурлын анхдугаар хуралдаанаасаа байгуулсан Улсын Бага Хурал болон зарим дэвшилт үзэлтэй депутатуудаа хардах, сэрдэх, тэдний оруулсан баримт бичиг, хэлсэн үг болгоныг сэжиглэх хандлага нэлээд байгаа бөгөөд төрийн парламентын хуралдааныг шүүх хурал маягаар ч болсон түр зуур ашиглах гэсэн оролдлого байна.
Нөгөө талаар депутатуудыг асуудлаа нухацтай бодож, бодитой шийдвэр гаргахад саад тотгор болгох, сэтгэл санааг хоёрдуулах боломж бүхий элдэв захидал, санаа олныг оруулж уншуулах, зарим депутатыг шууд загнах, өөчлөх байдал их байна. Хуралдаан ард түмэнтэйгээ зүрх сэтгэлийн холбоотой явж байгаа ч гэсэн гадна талаасаа их хэмжээний дарамт, шахалт аваад байвал гол асуудлаа бодитой шийдэж чадахгүйд хүрнэ гэдгийг бодолцох ёстой.
Хэрвээ Ардын Их Хурлын II хуралдаан хэлэлцэж байгаа гол асуудал болох “Монгол Улсын Үндсэн хуулийг” зоригтой өөрчлөн шинэчилж баталж чадахгүй бол зорилго биелүүлж чадаагүй гэж үзэхэд болох бөгөөд депутатууд ард олны итгэлийг алдсан хэрэг болно.
Хамгийн гол асуудал бол хүнд сурталт тоталитар тогтолцооны үед хэрэглэж, билэгдэж байсан төрийн тогтолцоог эвдэх, өөрчлөх шаардлага байгаа юм. Хэрвээ үүнийг хуучин хэвээр нь үлдээвэл 1960 оноос баталгаажуулан эхэлсэн хөдөө аж ахуйн үйлдвэрийн орон болж социализмын материал техникийн бааз байгуулах зорилго тавьсан Үндсэн хуулиа хүлээн зөвшөөрч тэр үеийн төрийн бэлэгдэлээ баталгаажуулсан хэрэг болох бөгөөд үүнийг хожмын нэгэн өдөр эргэн харвал улс орныхоо ирээдүй, хөгжлийн зорилгоос ухарсан шившигт хэрэг болно.
Үндсэн хууль бол Монгол оронд өрнөсөн ардчилал, өөрчлөн байгуулалтын баталгаа болж улс орны ирээдүйг тольдож тусгах ёстой билээ. Гэтэл зөвхөн хуучин тогтолцооны илрэл, үр хөврөлийг шингээсэн үлбэгэр хууль гаргахаар зарим нөхөд ард олны нэр барьж дайран давшилж байгаа нь харамсалтай. Түүхийн хурд урагшилж байна. Түүнийг хэн ч зогсоож, гэдрэг ухрааж чадахгүй болсон цаг шүү дээ.
Энэ хуралдааны дунд байгаа хардлага, сэрдлэгийг уур амьсгалын эцсийн дүндээ аль нэг хүчний буюу хуучинсаг бүлэглэлийн эрх ашигт нийцэхээр гаргавал яана. Бид асуудалд хандахдаа аль нэг нам, эвсэлийн эрх ашгийг урьдал болголгүйгээр Монгол Улсын төлөө, Монголын ард түмний эрх ашигт нийцсэн байхыг л бодох ёстой. Гэхдээ ард олны дотор байгаа эдийн засгийн бэрхшээл, үнийн өсөлт, мөнгөний ханшны бууралт, бараа, материалын хомсдолтой байдал зэрэг олон шалтгаанаас уламжлан гарч байгаа түр зуурын чанартай бухимдал, хилэгнэлд эмзэглэн гол ноён нуруугаа алдах вий дээ хэмээн сэтгэл зовиноно.
Гэхдээ олон депутатууд үг хэлээ ололцож, зөвшилцөж, зөвлөлдөж эцсийн зорилгоо биелүүлэх болно гэдэгт итгэж байна. Бидний шинэчлэл, шинэтгэлийн зорилго, үзэл санаа дийлэнх нь дамжиггүй.
С.Рэнцэнбал:Шинэ Үндсэн хуультай болох ард түмний хүлээлт байгаа шүү гэдэг эрхэм зорилт 429 депутатын сэтгэл зүрхэнд уяатай байсан
1990 оны АИХ-ын сонгуулиар сумын засаг дарга Х.Лхагва, нэгдлийн дарга С.Батбуян, сургуулийн захирал Д.Тэрбиш, МУИС-ийн багш дэд эрдэмтэн Баттөмөр нарынхаа хамт нэр дэвшин сонгуульд оролцож, АИХ-ын депутатаар сонгогдсон. Шинэ Үндсэн хуулиа батлах ажилд оролцож 429 депутат нөхдийнхөө хамтаар 1991 оны 11-р сараас 1992 оны 1-р сарын 13 хүртэл 76 хоног, хэлэлцэж зөвлөлдөж шинэ Үндсэн хуулиа батлалцаж явсан дурсамжаа санахад сайхан байдаг.
Үндсэн хуулиа хэт олон хоног, олон дахин хэлэлцсэнээс улбаалж, асуудлын ээдрээ гацаа, олон депутатын уцаар, бухимдал, цухалдал тухайн үеийн улс орон ард түмний минь хил гааль хааснаас үүдсэн хомсдол, картын бараагаар хоног залгуулж байсан цаг үе таарч байлаа. Шинэ Үндсэн хуультай болж, шинэ нийгэмдээ шилжих хүлээлт гээд тун ч төвөгтэй, эмзэг цаг үед 76 хоног хэлэлцэж батлана гэдэг хэдэн жилийн хугацаагаар ард түмнээ хүлээлгэх шиг санагддаг байлаа. Хамгаас чухал нь шинэ Үндсэн хуультай болох гэдэгт ард түмний хүлээлт, бидний ард тэсэн ядан байгаа шүү гэдэг эрхэм зорилт 429 депутатын сэтгэл зүрхэнд уяатай байсан учир амрах, ядрахыг умартан зөвшилцлийн суудалд олон удаа сууж, үзэл бодол, оюунаа уралдуулан ажилласны үр дүнд нэлээн сайн шүүн тунгаасан шинэ хуулиа гардан авсан. Оюуны ачаалал ч ихтэй, бухимдал ихтэй байсан нь манай ахмад настай депутатуудын маань бие чилээрхэж, эмчилгээ сувилгаа хийлгэх шаардлага сүүлийн хоногуудад эрс ихсэж, зарим үед зүйл, заалтуудаа батлахад хуралдааны ирц хүрэхгүй болж, эмч нартай нь утсаар ярьж зөвлөлдөн хөнгөндүү өвчлөлтэй депутатуудаа унаагаар авчирч саналыг нь өгүүлээд эргүүлж эмчилгээнд нь хүргэх асуудал олон удаа гарч байсныг бодоход ачаалал маш ихтэй байж дээ гэж одоо бодогддог юм.
Харин өнөөдөр улс орны хөгжил хорин жилийн өмнөхөөс эрс өөр боллоо. Энэ цаг үедээ зохицсон зарим өөрчлөлтүүдийг Үндсэн хуулиндаа улс орон, ард түмнийхээ эрх ашигт бүрэн нийцэхээр өөрчлөлтүүд оруулах нь зүйтэй. Харин өмнө оруулсан хэсэг бүлэг хүний эрх ашигт оруулсан шиг гоомой юм хийж болохгүй гэсэн бодолтой байдаг. Хүнд цаг үед, өндөр итгэл найдвар хүлээлгэн сонгосон 61-р тойргийнхоо бүх сонгогчдодоо эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэж явдаг, би. Та бүгдийн минь юу санасан есөн цагаан хүсэл тань сэтгэлчлэн бүтэж байхын ерөөл айлтгая.
Ч.Пүрэвдорж:Үндсэн хуулиа орвонгоор өөрчлөх эсхүл огт гар хүрэхгүй хэмээхийн аль аль нь тийм ч оновчтой хандлага биш болов уу
Нэгэн зүйл, парламентыг “бага ард түмэн” гэдэг. Нээрээ ч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурал нь Монгол Улсын бага ард түмэн байсан. Абсолют можаритари тогтолцоогоор жинхэнэ чөлөөт сонгууль явуулбал үр дүнгээр нь бүрдсэн парламент ард түмний хуулбар байдаг гэсэн аксиом хүртэл улс төр судлалд оруулж болохуйц содон байж билээ. Янз бүр мэдээлэлтэй, янз бүр байр суурьтай, янз бүр мэргэжил боловсролтой, янз бүр газар нутгаас ирсэн 400 гаруй депутат нэг дор цугласан байв. Тэдэнд өөр өөрийн эрх ашиг, өөр өөрийн сонирхол давамгайлсан тул маргалдах, мэтгэлцэх, зөрчилдөх бүр сөргөлдөх түүгээр ч зогсохгүй гар зөрүүлэх тохиолдол ч гарч байсан. Хуралдааны танхим үнэхээр халуухан байв. Тэнд амьдрал буцалж, улс төрөөс гадна эрдэмтэн мэргэд ном тавьж, уран бүтээлчид шүлэг найраг уншиж, зураачид бүтээл туурвилаа дэлгэж, ер юу эс байв даа. Мөр зэрэгцэн сууж асан нөхрөө хүртэл хуралдааны танхимд алдсан гашуун явдал ч тохиолдсон. Хэдийгээр тэр мэт хөл дөл ихтэй ч депутат бүр нэгийг бодно уу гэлтэй хэрсүү дүнсгэр байцгааж билээ. Монгол Улс хөгжлийн шинэ замаар явах ёстой гэсэн ганц зорилго л хүн бүрийг эзэмдсэн нь лавтай. Олон янз байр сууринаас хандсан ч улс орныхоо шинэчлэлийн төлөө гэх хүсэл зорилго тэднийг нэгтгэж, эцэг хуулийг хэрхэн сайжуулах вэ гэсэн чин санаагаар хандахад хүргэсэн. Тэр нь харин нэг асуудалд өөр өөр өнцгөөс хандсантай холбоотойгоор маргаан тарьдаг байв. Түүнээс биш, Үндсэн хууль батлах ажлыг тасалдуулах, улс орныг шинэ хөгжлийн замаас гаргах атгаг санаа нэг ч депутатад байгаагүй. Тийм ноцтой явдал огтхон ч гараагүй. Тийм болоод ч энэ хууль батлагдсан. Хэрэгтэй цагт монголчууд нэгдэж чаддагаа тэгэхэд харуулцгаасан.
Нэгэн зүйл, өнөөгийн амьдрал дахь ядуурал, авилга зэрэг хүндрэл бэрхшээл Үндсэн хуулиас болсон мэт яриа гардаг. Үндсэн хууль бүх хуулийн дээр оршигч “Хаан хууль” болохоор түүнээс шалтгаалах зүйл их нь мэдээж юм. Гэхдээ, ямар ч бодлого, хууль, стратегийг хэрхэн хэрэгжүүлэхээс олон зүйл шалтгаална.
Бодлогын баримт бичиг цаасан дээрээ үлдэж, харин хүмүүс түүнийг хэрэгжүүлэхээр ажиллацгаадаг. Энэ бол амьдралын мөн чанар. Үндсэн хуулийн хувьд, дагаж гаргасан бусад хуулиуд, бодлого, зорилт хэрхэн тодорхойлогдсон, үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулж явуулснаас хэрэгжилт шалтгаална. Тийм болохлоор Үндсэн хуулиа орвонгоор өөрчлөх эсхүл огт гар хүрэхгүй хэмээхийн аль аль нь тийм ч оновчтой хандлага биш болов уу. Үндсэн хууль урсахаа мартсан гол ус ч биш, төгс төгөлдөрийн оройн дээд ч биш. Нэн хурдтай хувьсан өөрчлөгдөж буй цаг үед нийцүүлэн засаж сайжруулах нь амьдралд байдаг л нэг үзэгдэл. Харин дордуулж доголдуулбал тун чиг харамсалтайг амьдрал харуулнам бус уу.
Нэгэн зүйл, Үндсэн хуулийг хэн бүтээсэн бэ гэдэг асуулт бий. Үндсэн хууль ард түмний бүтээл, тухайн цаг үеийн бүтээл гэж хэлмээр санагдана. Шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулахад гадны оролцоо ор тас байгаагүй, дан ганц монголчууд бүтээсэн мэт нэг талын яриа байхад, ерөөс, гадны захиалгаар хийсэн гэх бас өөр нэгэн үзэлт байх. Чухамдаа, эл хоёр үзлийн аль аль нь нэг юмны хоёр тал, хоёр туйл нь юм. Үндсэн хууль, үнэндээ, энэ хоёр туйлын дундах орон зайг эзлэн бүтээгдсэн мэт. Гадаад улс орнуудын туршлага сургамж, онол номлол, зөвлөлгөөг огт хүлээж аваагүй зөвхөн монголчууд дангаар бүтээсэн гэвэл үнэмшил муутай болно. Нөгөө талаар, гадныхны бэлэн төслийг хэлэлцсэн гэвэл бүр ч худал болно. Бас гадны нөлөөнд үнэхээр автсан бол бидний өөрсдийн олхиогүйнх болж таарна. Хэлэлцэж батлах шатанд л тийм зүйл лав ажиглагдаагүй. Үндсэн хууль боловсруулж батлана гэдэг, хараад байхад олон шат дамжлагаар явдаг, олон хүний оролцоо зүтгэл хэрэгтэй нүсэр ажил юм билээ. Энэ их ажлыг амжуулахад төрд хашиж байсан ажил үүргээсээ болоод бусдаас илүү хүч зүтгэл гаргасан хувь хүмүүс олон байгаа. Тэгэхдээ манай анхны байнгын парламент Улсын Бага Хурал ажлын голыг нугалсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Хэлэлцэж батлах эцсийн шатанд өргөн төлөөлөл бүхий депутат бүрийн оролцоо бий. Огт дуугүй суусаар мандатаа өргөн батлана (абсентист бус) гэдэг ч бас л нэгэн хэлбэрийн оролцоо мөн. Шинэ нийгмийн тухай мэдээлэл, мэдлэг төдий л тарж амжаагүй тэр цагт депутатууд мэдээллээр гачигдах, чиг баримжаа авах хэрэгцээ тун их байсан. Ардын Их Хурлын танхимд С.Зориг, Ц.Элбэгдорж, Р.Гончигдорж, Э.Бат-Үүл тэргүүтэй ардчиллын хошуучлагчид олон сайхан залуучууд байсан. Тэд бусдыгаа түүчээлж, чиг баримжаа болж баив. Нэгэнт асаасан гэрэл гэгээг бариад алхах, мөрдөөд явах олон түмэн аяндаа бий болдог нь, яах аргагүй, амьдралын бас нэгэн эгэл үнэн юм.
Нэгэн зүйл, сүүлчийн Ардын Их Хурал ард түмнийхээ маш өргөн төлөөлөлтэй байв. Тийм төлөөллөөр төрийн шийдвэр гаргасан тохиолдол манай түүхэнд нэг их элбэг биш болов уу. Тэрхүү Ардын Их Хурлын өөр нэг онцлог гэвэл, улс орныхоо шинэ хөгжлийн төлөө өөрөө өөрийгөө тараах шийдвэр гаргасан явдал юм. Депутатууд хийх ёстой зүйлээ хийсэн гэж үзээд хэрэгжүүлэх ажлыг дараагийн үедээ шилжүүлэн бүрэн эрхээ дуусгавар болохоос хоёр 2 жилийн өмнө татгалзсан. Депутатууд ирээдүйгээ, хойч үеэ бодож хувийн нэр төр, ашиг сонирхлоос тийнхүү татгалзаж чадсан. Үүнийг тэдний дараа дараачийн үедээ үзүүлсэн үлгэр дууриал, түүхэн сургамж хэмээн нүүр бардам хэлж болох буй за.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.
Эх сурвалж: Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид /2012 он/