Хөрс хуулалтын 800 тэрбумын тендерийг Х.Баттулга, А.Гансүх, З.Энхболд нарын хамаарал бүхий этгээдүүд авчээ
“Нүүрсний” гэх хэргийн нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол үргэлжилсээр байна. Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотойгоор 12 асуудлыг хэлэлцэж байгаа юм.
Үдээс хойших сонсголоор:
- Моннис-Интернэшнл ХХК
- Таван Толгой Оператор Түншлэл, Монгол майнинг энд эксплорэйшн ХХК,Овоот толгой ресурсес ХХК, Эрдэс майнинг оператор ХХК, Платинумланд ХХК
- “Голден Лайт Групп” ХХК
- “Ханзол” ХХК
- “Түм арвижих” ХХК
- “Анверса” ХХК
Шинжээчийн танилцуулга:
Цанхийн баруун уурхайн гэрээт олборлогчийн гүйцэтгэгчийг сонгох төсөл нь 799 тэрбум 369 сая 376 мянган төгрөгийн үнэ бүхий тендер байсан. Тус тендерт “Таван Толгой Оператор Түншлэл” нэрээр Монгол майнинг энд эксплорэйшн ХХК, Овоот толгой ресурсес ХХК, Эрдэс майнинг оператор ХХК, Платинумланд ХХК түншилж оржээ.
Тендер шалгаруулалт нэг жил нэг сарын хугацаанд үргэлжилсэн. Нээлттэй ил тод зарлаагүй. Зөвхөн мэдэж байсан этгээдүүд оролцох боломжтой байжээ.
Нийт 40 орчим боть байсан. Эхний тендер гурван оролцогчтой амжилтгүй болсон байдаг. Харин хоёр дахь удаагийн тендерээр 2019 оны 12-р сард үнэлгээ нь хийгдсэн. Ингээд дотоод аудитын газар нь хүлээн зөвшөөрөөгүй байдаг. Тендерийн хүчинтэй хугацаа дууссан гэдэг үндэслэлээр Эрдэнэс Тавантолгой компанийн удирдлагууд тус тендерийн хүчинтэй хугацаа дууссан гэж хэлсэн байгаа юм. Гурван удаа нээлттэй тендер зарласан тохиолдол ховор байдаг. Тендер нээсэн бүртгэл тэмдэглэл архивт огт байхгүй байгаа юм.
Аудитын хэлтэс нь “энэ гэрээ зөрчилтэй байна” гэдгийг хэлж байсан нь архивт үлдсэн байдаг. Энэ тендертэй холбоотой асуудлаар дарамт шахалт байсан гэдгийг тухайн үед ажиллаж байсан ажилтнууд хэлдэг.
Түр хорооны дарга Б.Энхбаяр:
-800 тэрбумын дүнтэй тендер шалгаруулалтын шинжээчийн дүгнэлтийг сонслоо. Шүүх дээр маргаан үүсгээд, сүүлдээ хамтраад түншлээд тендерийн эрхийг авчээ.
Тус тендерийг авсан компаниудын хамаарлыг судалж үзсэн байна. Эрдэс майнинг оператор ХХК Р.Батхишиг, Б.Даваадулам нар 50/50 хувийн эзэмшлийн компани байгуулжээ. Р.Батхишиг нь З.Хишигтогтохтой хамтран Эм Жи Ти компани байгуулсан. Нэгдмэл сонирхолтой түүний ах нь З.Энхболд нь тухайн үед ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байсан.
З.Хишигтогтох нь А.Гансүхийн 100 хувийн эзэмшлийн Кей Эйч Кей компанийг хамтран байгуулж байжээ. А.Гансүх нь ҮБАЗ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга байсан. Улс төрд нөлөө бүхий этгээд байсан.
Б.Даваадулам нь Тив транс ХК-ийг УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн төрсөн дүү Ш.Болдхуягтай хамтарсан тээврийн компани байгуулсан байна.
Овоот толгой ресурсес ХХК-тай хамаарал бүхий “Эйшн карго сервис” гэх компани байна. Тус компанийг Slobodskiy Leonid гэх Беларусь улсын иргэн үүсгэн байгуулсан. Тус этгээд нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай нэгдмэл сонирхолтой гэдэг нь Хөгжлийн банкны сонсголын үеэр нэрлэгдэж байсан гэв.