Д.Оюунцэцэг: Монголын байгалийн баялгийг БНСУ-ын тэргүүлэх технологитой хослуулж, харилцан ашигтай төслүүд хөгжүүлэх нь чухал

0

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Солонгос Улсад энэ сарын 13-17-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна. Үүнтэй холбогдуулж Монгол-Солонгос хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, өнгөрсөн хугацааны үр дүн, ирэх он жилүүдийн хэтийн төлөвийн талаар МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Ази судлалын тэнхимийн ахлах багш Д.Оюунцэцэгтэй ярилцлаа.

-Монгол-Солонгос улсын хооронд 1990 онд дипломат харилцаа тогтоосон байдаг. Дипломат харилцаа тогтоосон 1990 он гэдэг бол эргэлтийн жил. Улс орны нөхцөл байдал эгзэгтэй үе хэдий ч манай хоёр улс тэрхүү он цагийг ашиглаад дипломат харилцаа тогтоосон нь өнөөдрийн өнцгөөс харахад аль аль талаасаа маш их хүчин чармайлт гаргасан ажил болсон шиг байна. БНСУ-тай дипломат харилцаа тогтооход өөр бусад ямар хүчин зүйл нөлөөлөв?  

-1980-аад оны сүүл үеэс эхлэн олон улсын харилцаанд шинэ уур амьсгал бий болж, манай улсын хувьд гадаад нөхцөл байдалтай уялдуулан дотооддоо улс төрийн өөрчлөлт шинэчлэлт хийх, эдийн засгийн нээлттэй бодлого явуулах зэрэг чиг шугамыг баримтлах болсон. Гадаад бодлого, дипломат үйл ажиллагаанд үзэл суртлын нөлөөнөөс ангижрах боломж гарч ирсэн гэхэд болно. Ингээд юуны өмнө газар зүйн хувьд ойр дөт, эдийн засгийн хувьд өндөр хөгжилтэйд тооцогдох бүс нутгийн орон болох БНСУ-ыг анхаарах болсон. Тус улстай дипломат харилцаа тогтоох шаардлагатай хэмээн үзсэн хэд хэдэн үндэслэл бий. 

Юуны өмнө БНСУ нь дэлхийн 140 орчим улстай дипломат харилцаа тогтоосон, бүс нутгийн, цаашлаад дэлхийн улс төр, эдийн засгийн бодлогод оролцоо, нөлөө бүхий орнуудын нэг. Бүс нутгийн эдийн засгийн тэргүүлэх оронтой худалдаа, эдийн засгийн салбарт хамтран ажиллах нь манай эдийн засагт үлэмж ашигтай. БНСУ-тай дипломат харилцаа тогтоох нь АНУ гэх мэт нөлөө бүхий өрнөдийн орнуудын дунд манай улсын нэр хүндийг өсгөж, гадаад бодлогоо хэрэгжүүлэхэд тус дөхөм болохын зэрэгцээ бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны үйл явцад оролцоход нааштай нөлөө үзүүлнэ гэж үзсэн. Тухайн үед Зүүн Европын социалист орнууд тус улстай дипломат харилцаа тогтоож эхэлсэн нь дипломат харилцаа тогтоох алхмаа хурдасгахад нөлөөлсөн байх. 

Монгол Улсын Гадаад харилцааны яам 1990 оны нэгдүгээр сард БНСУ-тай дипломат харилцаа тогтоох санал боловсруулж, хоёрдугаар сард МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоогоор хэлэлцүүлэн, дипломат харилцаа тогтоох зөвшөөрөл авсан байдаг. Ингээд гуравдугаар сарын 16-нд тухайн үед БНМАУ-аас Япон Улсад суугаа Элчин сайд Б.Дашцэрэнгээр дамжуулан БНСУ-аас Япон Улсад суугаа Элчин сайдад дипломат харилцаа тогтоох тухай хүсэлтээ уламжилсан. БНСУ-ын тал нэн шуурхай, маргааш нь хариу өгснөөр Монгол Улс Азийн социалист орнуудаас БНСУ-тай дипломат харилцаа тогтоох анхны замыг нээсэн юм. Япон Улсад суугаа Элчин сайд Ли Вон Кюн төв рүүгээ мэдээлэхдээ “Бөмбөг тэс ондоо газраас бөмбөрч ирлээ” хэмээн бичиж байсан нь манай зүгээс хүсэлт тавьсан нь санаанд оромгүй зүйл төдийгүй баярлах гайхах хосолсон үйл явдал байсан хэрэг гэж тухайн үед дипломат харилцаа тогтоох асуудлыг хариуцан ажиллаж байсан Д.Ёндон сайд дурсамждаа бичсэн байдаг. Ийнхүү манай талын хүсэлтээр 1990 оны гуравдугаар сарын 26-нд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосон. 

Энэхүү шийдвэр нь гадаад бодлогын бие даасан шийдвэр болж чадсан юм. Дашрамд сонирхуулж хэлэхэд, манай улс 1948 онд БНАСАУ-тай дипломат харилцаа тогтоохдоо мөн бие даан шийдэж хариу өгсөн байдаг. Таны дурдсанчлан улс орны нөхцөл байдал туйлын эгзэгтэй байсан үе. 1990 оны гуравдугаар сард МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, төр засгийн тэргүүнүүд өөрчлөгдсөн ч гадаад харилцаа хариуцсан байгууллагын үйл ажиллагаа гацаж, торохгүйгээр үргэлжилж байсан нь тухайн үеийн дипломат албаны мэргэжлийн чадвар чадавхыг харуулсан хэрэг юм. БНСУ-тай ЗХУ 1990 оны 9 дүгээр сард, БНХАУ 1992 оны 8 дугаар сард дипломат харилцаа тогтоосон байдаг шүү дээ. 

Тухайн үеийн олон улсын харилцааны нөхцөл байдал, дотоодын бодит шаардлага, үндэслэлүүдээс гадна хоёр улсын хооронд цэрэг, улс төрийн бодит аюул занал, газар нутгийн маргаан, түүхийн гажуудал, шашин болоод соёлын үл ойлголцол зэрэг уламжлалт болон уламжлалт бус аюулгүй байдлын асуудлууд байхгүй, эртний түүхэн харилцаатай байсан зэрэг нь дипломат харилцаа тогтооход эергээр нөлөөлсөн. 

-Манай улс тус улстай шинэ түвшний тогтвортой харилцаа тогтоосноор бидэнд ямар боломж гарч ирсэн бэ. Тухайлбал, хөгжлийн түүчээ болсон улс орнуудад техник технологийн давуу байдал байдаг шүү дээ. Түүнээс нь суралцах, эх орондоо нэвтрүүлэх үүд хаалга нээгдсэн юм болов уу гэж харж байна?  

-Эдийн засгийн өндөр хөгжилтэй, шинжлэх ухаан, технологийн салбартаа үсрэнгүй дэвшилт хийсэн, аж үйлдвэрийн хөгжингүй оронтой дипломат харилцаа тогтоосон явдал бидний өмнө олон боломж бололцоог нээж өгсөн юм. Дипломат харилцаа тогтоосны дараа юун түрүүнд эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, техник технологи, боловсрол, соёлын салбарт хамтран ажиллах тухай гэрээ хэлэлцээрүүдийг үзэглэн хоёр орны харилцааны эрх зүйн үндсийг тавьсан. Тухайн үед буюу 1991 онд эдийн засгийн салбарт, ялангуяа аж үйлдвэрийг хөгжүүлэхэд хамтран ажиллах тухай тодорхой саналуудыг манай зүгээс тавьж байсан. Аж үйлдвэрийн салбараа хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулах, тэдний техник технологийн хөгжлөөс суралцаж, эх орондоо нэвтрүүлэхийг эрмэлзэж байсан хэрэг л дээ. Коксжих нүүрс, зэс, молибден, цайр, газрын ховор элемент зэргийг олборлох, баяжуулах, боловсруулах чиглэлээр хамтран ажиллах, химийн үйлдвэр, түүхий эд боловсруулах байгуулах, хар төмөрлөгийн болон зэс хайлуулах үйлдвэр барихтай холбоотой машин, электрон тоног төхөөрөмж, цахилгаан хөдөлгүүр угсрах, үйлдвэрлэх цех, жижиг үйлдвэр байгуулах гэх мэт санал тавьсан байдаг. Харин БНСУ-ын зүгээс нэн тэргүүнд Монгол Улсын эдийн засгийн хөгжилд шаардлагатай, ур чадвартай боловсон хүчин бэлтгэх явдал чухал хэмээн үзэж, техникийн болон нарийн мэргэжлийн, эдийн засаг, санхүүгийн мэргэжилтнүүдийг БНСУ-ын Засгийн газрын зардлаар Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (КOICA)-ийн шугамаар богино хугацааны мэргэжлийн сургалтад хамруулж эхэлсэн нь өнөөг хүртэл үргэлжилсээр байна.  

Өнөөдөр бид бүх салбарт БНСУ-тай хамтран ажиллаж, тэдний технологийн хөгжлөөс суралцаж, эх орондоо нэвтрүүлж байна. Үүний дотор тус улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж нь голлох хувь нэмэр оруулж ирсэн. БНСУ-аас Монгол Улсад хуримтлагдсан дүнгээр 2018 оныг хүртэл 319.5 сая ам.долларын буцалтгүй тусламж, 148.9 сая ам.долларын зээл тусламж, 1992-2019 оны хооронд 700 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгосон гэсэн тоо баримт байна. БНСУ-ын эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас олгосон хөнгөлөлттэй зээлийг эрчим хүч, авто зам, холбоо харилцаа, мэдээллийн сүлжээ буюу цахим засаглалын систем гэх мэт голдуу дэд бүтцийн салбар, мөн эрүүл мэндийн салбарт зарцуулж байна. Жишээ нь, 2011 онд батлагдсан 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 55,5 сая ам.долларын өртөг бүхий Үндэсний эмчилгээ, оношилгооны төвийн барилгыг барьж, эмнэлгийн бүрэн тоног төхөөрөмжөөр тоноглон ашиглалтад оруулаад байна.

Үүний зэрэгцээ 2010 оноос БНСУ-ын эдийн засгийн хөгжлийн туршлага хуваалцах хөтөлбөр (Кnowledge Sharing Program)-ийн хүрээнд 3,15 тэрбум воны бодлогын зөвлөх үйлчилгээг үзүүлээд байна. Сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж байгаа зарим нэг төслийг дурдвал, Монгол Улсын ЭМЯ-наас хэрэгжүүлж буй эмчийн мэргэшлийн эрх, зэрэг олгох шалгалтын төв байгуулах, шалгалтын тестийн тоног төхөөрөмж суурилуулах төсөл, БШУЯ-тай хамтран дунд сургуулийн цахим сургалт, үнэлгээний платформ байгуулах төсөл зэргийг БНСУ-ын Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих агентлаг (KOTRA)-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байна. Энэ бүгдээс харахад, БНСУ-ын хөрөнгө, тусламж дэмжлэгээр бид тэднээс зөвхөн үйлдвэрлэлийн техник технологи биш хөгжлийн технологи, ноу-хауг ч суралцан нэвтрүүлж байгаа юм.

                                                                            Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр дээд түвшний цахим уулзалт хийв    

-БНСУ бол манай гуравдагч хөрш. Гуравдагч хөршийн хувиас авч үзвэл, өнгөрөгч 30 гаруй жилийн хугацаанд Солонгос Улстай эдийн засаг, худалдааны салбарын харилцаа зузаарсан. Гэхдээ худалдааны эргэлт, хөрөнгө оруулалтын талаарх үзүүлэлтийг нүдэн баримжаагаар бус тоон хэмжүүрээр хэлбэл илүү бодитой мэдээлэл болно байх? 

-Хоёр улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагаа голлох байр суурь эзэлж ирсэн. 1991 онд Засгийн газар хооронд “Худалдааны хэлэлцээр”, “Хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, хамгаалах тухай хэлэлцээр”, 1992 онд “Орлогын татварыг давхардуулан ногдуулахгүй байх тухай конвенц”, “Гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслах тухай хэлэлцээр” байгуулагдсанаар хоёр улсын хооронд худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, зохицуулах эрх зүйн орчин бүрдсэн. 2015 оноос хоёр улсын түншлэлийн харилцааг шат ахиулахад эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, зээл тусламжийн төслүүдийн хэрэгжилтийг урагшлуулах, цаашлаад чөлөөт худалдааны хэлэлцээрт бэлтгэх зорилгоор Засгийн газар хоорондын хамтарсан хороог байгуулан ажиллаж байна. 

Хоёр орны худалдааны хэмжээ дипломат харилцаа тогтоосон 1990 онд 2 сая 600 мянган ам.доллар байсан бол 2002 онд 100 сая ам.долларт хүрсэн. 2013 онд 500 сая ам.долларт хүрч байсан нь өнөөг хүртэлх хамгийн өндөр үзүүлэлт юм. 2021 оны байдлаар Монгол Улс БНСУ-аас 255,4 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн импортлон, 14 сая ам.долларын бүтээгдэхүүн экспортолж, худалдааны нийт эргэлт 269,4 сая ам.доллар болсон байна. Цар тахлын өмнө энэ үзүүлэлт өндөр байсан. 2018 оны үзүүлэлтээр хоёр улсын худалдааны нийт эргэлт 335 сая ам.доллар байсны дотор БНСУ-аас 308 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолсон. Эдийн засгийн харилцааны хувьд худалдааны тэнцэл хасах үзүүлэлттэй буюу импортын хэмжээ экспортоосоо ойролцоогоор 10 дахин их хэмжээтэй явсаар ирсэн.  

Хэрэглээнийхээ 80 гаруй хувийг импортын бүтээгдэхүүнээр хангадаг Монгол Улсын хувьд БНСУ нь тав дахь импортлогч улс хэдий ч нийт импортын 4.6 хувийг эзэлж байна.  БНСУ-аас гэр ахуйн бараа, гутал хувцас, гоо сайхны бүтээгдэхүүн, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, барилгын материал, тоног төхөөрөмж, суудлын болон төрөл бүрийн зориулалтын автомашин, уул уурхайн хүнд тоног төхөөрөмж зэргийг голлон импортолдог. Харин тус улсад үнэт болон үнэт бус ашигт малтмал, ноос ноолууран бүтээгдэхүүн, амьтны гаралтай эмийн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн зэргийг бага хэмжээгээр экспортолж байна. Сүүлийн жилүүдэд БНСУ-ын талаас уул уурхай болон худалдааны үйлчилгээний салбараас гадна барилга, эрүүл мэнд, эм, эмнэлгийн бүтээгдэхүүн, гоо сайхны бараа бүтээгдэхүүний зах зээлийг онцгойлон анхаарч байна.

Хөрөнгө оруулалтын тухайд, БНСУ-аас Монгол Улсад 1990 оноос эхлэн шууд хөрөнгө оруулалт хийж ирсэн бөгөөд 2021 оны байдлаар, хуримтлагдсан дүнгээр нийт 534,7 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн тооцоо байна. Хөрөнгө оруулагчдын 47 хувь нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж, 43 хувь нь хувь хүн, 7 хувь нь томоохон компани, корпорацууд байна. Сүүлийн тоо баримтаар, нийт хөрөнгө оруулалтын 26.7 хувь нь уул уурхайн салбарт, 18.2 хувь нь бөөний болон жижиглэнгийн худалдаа, 11.7 хувь нь барилгын салбар, 11.4 хувь нь үл хөдлөх хөрөнгийн салбарт хийгдээд байна.

БНСУ-ын томоохон групп, корпорацууд ихэнхдээ Монгол Улсын Засгийн газрын захиалгат бүтээн байгуулалтын төслүүдэд оролцдог байсан бол сүүлийн жилүүдэд Монголын зах зээлд монгол хэрэглэгчдэд зориулан хөл тавих болсон. Тэд шууд хөрөнгө оруулалтаас илүү Монголын томоохон худалдааны компанитай франчайз гэрээ байгуулах хэлбэрээр ажиллаж байна. Тухайлбал, “Шинсэгэ” группийн И-март сүлжээ их дэлгүүр 2016 оноос хойш гурван салбар нээсэн бол CU, GS 25 гэх мэт 24 цагийн үйлчилгээний дэлгүүрүүдийн шинэ салбарууд сард хэд хэдээрээ нээгдэж байна. “Kафе Бен” (Cafe Bene), “Том эн Томс” (Tom N Toms), “Тү Лэ Жүр” (Tous Les Jours) зэрэг кофены газар Монголын зах зээлд хэдийнээ байр сууриа эзлээд байна. Эдгээр салбарууд нээгдэх бүрд солонгосын хүнсний болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импорт нэмэгдэж байгаа нь ойлгомжтой. Энэ бүхэн хоёр орны худалдааны харилцаа хурдацтай өргөжин тэлж байгааг харуулж байгаа хэрэг. 

-Боловсрол, байгаль орчин, соёл урлаг гээд олон салбарт бид амжилттай түншлэл тогтоож чадсан байна. Мөн аялал жуулчлалын салбарыг нэрлэж болно. Эдгээр салбарт солонгосчуудаас авах дэвшилтэт санаа юу байж болох вэ. Хувь судлаачийнхаа хувьд үүнийг л Монголдоо хэрэгжүүлбэл зүгээр юм даа хэмээн санаан дотор эргэлдэж явдаг бодлоосоо хуваалцаач? 

-Соёл, боловсрол, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаа харилцаа тогтоосон анхны жилүүдээс эхлээд л хамгийн идэвхтэй хөгжиж эхэлсэн. Энэ харилцаа нь эргээд худалдаа, эдийн засгийн харилцаанд эергээр нөлөөлж байна. Сая дурдсан солонгос бараа бүтээгдэхүүний борлуулалт өсөж, Солонгосын хөрөнгө оруулалттай хоол, үйлчилгээний газрууд нэмэгдэх болсон явдалд Солонгосын соёл Монголд ихээр тархсантай холбоотойгоор монголчуудын дунд төлөвшин бий болсон Өмнөд Солонгостой холбоотой эерэг ойлголт, солонгос бараа бүтээгдэхүүний талаарх таатай сэтгэгдэл нөлөөлсөн гэж үзэж болно. Нэг үгээр хэлбэл, солонгос соёлыг өргөнөөр хүлээн авах болсон нь Монголд Солонгост ээлтэй зах зээлийг нээж өгсөн билээ. 

Солонгосын соёл тархсан явдал боловсролын салбарын харилцаанд багагүй нөлөө үзүүлж байна. Өнөөдөр БНСУ-д суралцаж буй оюутны тоогоороо Монгол Улс Хятад, Вьетнамын дараа гуравдугаарт бичигдэж байна. Жилд 5000-6000 орчим монгол оюутан БНСУ-д бүртгэгдэж байна. Энэ бол маш өндөр үзүүлэлт. БНСУ гадаад оюутнуудыг дэмжих маш олон тооны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Засгийн газар, боловсролыг дэмжих сан, судалгааны байгууллагууд, их сургуулиудын тэтгэлэг гээд тавьсан шалгуурыг хангаж чадвал тус улсад тэтгэлэгтэй суралцах боломж өндөр. Тиймээс оюутнууд Солонгост суралцаж, ажиллаж, амьдрахыг хүсэж байна. Солонгос хэл сурч байна. Тухайн улсын хэлийг сонгон судлах, тэнд суралцах, ажиллах, амьдрах шийдвэр гаргах хүртэл нь анхаарал, сонирхлыг нь татна гэхээр энэ улс, энэ үндэстний талаарх тэдний ойлголт эерэг байна гэсэн үг юм. Энэ эерэг ойлголт бүрэлдэн бий болоход соёлын харилцааны нөлөө маш их.

Нэг жишээ татахад, МУИС-ийн хэмжээнд хичээлийн улирал тутам 300 орчим оюутан солонгос хэлийг хоёрдогч гадаад хэлээр сонгон судалж байна. Хүсэлт гаргадаг оюутны тоо улирал бүр 600-700 орчим байдаг. Тэднээс солонгос хэл сонгон судлахыг хүссэн учир шалтгааныг асуухад солонгос дуу хөгжим сонсох, олон ангит цуврал үзэх дуртай. Тиймээс Солонгост суралцахыг хүсэж байна гэсэн хариултууд багагүй хувийг эзэлдэг. Гэхдээ судлаачийн өнцгөөс харахад, соёлын салбарын  хоёр талт харилцаа, хамтын ажиллагаа гэхээсээ нэг чиглэлт харилцаа илүү хөгжсөн. Өөрөөр хэлбэл, БНСУ-ын талаас наашаа чиглэсэн соёлын урсгал үйлчилж байна. Гэтэл Монголын соёлыг сурталчлан таниулах, соёлын салбарт хамтран ажиллах ажил дутагдалтай байна. Солонгосын соёлын нөлөө Монголд хүчтэй байгаа нь тус улсын зүгээс наашаа чиглүүлэн соёлын бодлого явуулсан хэрэг огт биш. Зөвхөн өөрсдөө соёлын бүтээлч үйлдвэрлэлд анхаарсан хэрэг. 

Өнөөдөр соёлын бүтээлч үйлдвэрлэлээр Азид тэргүүлж, дэлхийд дээгүүрт бичигдэж байгаа Солонгосын соёлын бүтээгдэхүүнийг дэлхийн өнцөг буланд орон зай, цаг хугацаанаас үл хамааран хүлээн авч байна. Мэдээлэл технологийн хөгжил, телевиз, интернэт соёлыг түгээн дэлгэрүүлэх гол суваг болж байна. Манай телевизийн салбар БНСУ-ын соёлыг сурталчлан таниулахад голлох үүрэг гүйцэтгэдэг. Тэгэхээр бид Солонгосын соёлын нэг талт урсгалыг хоёр талт болгохын тулд зөвхөн дамжуулагч бус бүтээгч байж, Монгол соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт БНСУ-тай үр дүнтэй хамтран ажиллах нь нэн чухал болоод байна. Чансаатай хамтын бүтээл хийж чадвал өөрийн орныг БНСУ-д төдийгүй дэлхий дахинд сурталчлах том боломж болно. Энэ тал дээр бодлогоор дэмжих хэрэгтэй юм. Бид дангаараа өөрсдийгөө уран бүтээлээр сурталчлахад маш их төсөв хөрөнгө шаардагдана. Тэр хөрөнгө мөнгийг бага ч болов хэмнэхэд нэгэнт тэргүүлэх байр суурьтай, асар их туршлага хуримтлуулсан БНСУ-ын соёлын үйлдвэрлэлийн салбарт хамтын ажиллагаагаар дамжуулан оролцох хэрэгтэй гэж бодож байна.  

Урьд нь хэдий БНСУ-аас жуулчид олноор ирдэг ч ихэнх нь өөрийн улсын хөрөнгө оруулалттай аялал жуулчлалын компаниудаар үйлчлүүлээд буцдаг гэсэн шүүмжлэл их гарч байсан. Цар тахлын үеэр бүх салбар, тэр дундаа аялал жуулчлалын салбарын хувьд хүнд байсан нь энэ салбарт илүү бодлоготойгоор анхаарлаа хандуулахад хүргэсэн. Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалыг дэмжих хүрээнд 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, ирэх он жилд нэг сая жуулчин авах зорилт тавин ажиллаж байгаатай холбогдуулан олон улсын жишиг стандартад нийцсэн аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх, хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлэх, маркетинг сурталчилгааны чиглэлээр БНСУ-тай хамтран ажиллахаар ярилцаж байна. Хоёр талын хооронд агаарын тээврийн үйлчилгээ сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байна. Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нисэх онгоцны тийзийн үнэ тарифыг бууруулах талаар илүүтэй ярилцаж хэлэлцэх хэрэгтэй байх. Ер нь аль ч салбарт хэрэгжүүлээсэй гэж боддог зүйл бол мэргэжлийн, мэргэшсэн боловсон хүчнийг дадлагажуулах, ажиллуулах явдал гэж боддог. Ажлаа мэддэг, чадалтай боловсон хүчин байгаа цагт бүх салбарын үйл ажиллагаа зөв явна. Манайд энэ л шаардлагатай байна. Түүнээс биш нэвтрүүлчихээсэй, авах юмсан гэсэн зүйлүүд маш их.  

                                                            Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд

                                                            тус улсын Ерөнхийлөгч Юн Сог Ёльд 2023 оны хоёрдугаар сарын 15-нд бараалхав

-Өнөөдөр тус улсад 50 гаруй мянган манай улсын иргэн ажиллаж амьдарч байна. Бараг нэг аймгийн төвийн оршин суугчтай тэнцэх хүн тэнд амьдарч байна гэсэн үг. Нэг талдаа иргэд хоорондын харилцаа ихээхэн нягтарсан ч нөгөө талдаа шийдвэрлэх асуудал багагүй байгаа хэрэг юм. Ойрын хугацаанд хамгийн түрүүнд шийдвэрлэвэл зохих асуудал юу байж болох вэ?  

-Манай хоёр орны харилцаа иргэд хоорондын харилцаанаас эхлэлтэй. Анх харилцаа тогтооход монголчууд үзэл суртлын хувьд өөр гээд өмнөд Солонгосын талаар хөндий, жийрхсэн байдлаар хандаагүй нь умард Солонгостой найрсаг харилцаатай байсан болоод өмнөд ч бай, умард ч бай ерөөсөө л нэг солонгос үндэстэн гэсэн хандлага түлхүү байсантай холбоотой юм. 1988 оны Сөүлийн олимпын үеэр монголчууд БНСУ-ын талаар тодорхой хэмжээний ойлголттой болсон. Иргэдийн харилцаа идэвхжихэд хоёр орны хооронд агаарын хэлэлцээр хийгдэж, тогтмол нислэгийн шугам нээсэн нь гол гүүр болсон. МИАТ компани 1994 оноос, БНСУ-ын агаарын тээврийн “Кorean Air” компани 1996 оноос Улаанбаатар Сөүлийн хооронд тогтмол нислэг үйлдэж эхэлснээр иргэд голдуу худалдаа арилжааны зорилгоор харилцан зорчих болов. Худалдаа арилжааны зорилгоос гадна ажил хөдөлмөр эрхлэхээр зорьж очих монголчуудын тоо 1996 оноос эрс нэмэгдэж, хууль бусаар оршин суугчдын тоо ч тасралтгүй өсөх болсон. 

2004 онд хоёр улсын Хөдөлмөрийн яам хооронд “БНСУ-д гэрээт ажилчин ажиллуулах тухай” харилцан ойлголцлын санамж бичиг байгуулснаар тус улсад албан ёсоор гэрээт ажилчин илгээх болсон ч гэрээт ажилчдын тоо тодорхой квоттой учраас хууль бусаар орших суух явдлыг зохицуулж чадахгүй явсаар ирсэн. 2012 онд “Иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсанаар харилцан зорчих иргэдийн тоо эрс нэмэгдсэн, үүнийг дагаад хуулийн дагуу болон хууль бусаар оршин суугчдын тоо ч нэмэгдсэн. Өнөөдөр тус улсад оршин сууж буй 50 мянга орчим монгол иргэдийн тэн хагас нь хууль бусаар оршин сууж байна. Ойрын хугацаанд шийдвэрлэвэл зохих асуудлын тухайд, өнгөрсөн онд БНСУ-ын ГХЯ-ны сайд Пак Жингийн айлчлалын үеэр хоёр улс харилцан адил байх зарчмын дагуу тус улсад зорчих визийн нөхцөлийг хөнгөвлөх зэрэг иргэд зорчих таатай нөхцөлийг бүрдүүлэх чиглэлд анхааран ажиллахаар хэлэлцэж тохиролцсон. Манай хоёр орны харилцаа иргэд хоорондын харилцаанаас эхлэлтэй. Анх харилцаа тогтооход монголчууд үзэл суртлын хувьд өөр гээд өмнөд Солонгосын талаар хөндий, жийрхсэн байдлаар хандаагүй нь умард Солонгостой найрсаг харилцаатай байсан болоод өмнөд ч бай умард ч бай ерөөсөө л нэг солонгос үндэстэн гэсэн хандлага түлхүү байсантай холбоотой юм. 1988 оны Сөүлийн олимпын үеэр монголчууд БНСУ-ын талаар тодорхой хэмжээний ойлголттой болсон. Иргэдийн харилцаа идэвхжихэд хоёр орны хооронд агаарын хэлэлцээр хийгдэж, тогтмол нислэгийн шугам нээсэн нь гол гүүр болсон.

МИАТ компани 1994 оноос, БНСУ-ын агаарын тээврийн “Кorean Air” компани 1996 оноос Улаанбаатар Сөүлийн хооронд тогтмол нислэг үйлдэж эхэлснээр иргэд голдуу худалдаа арилжааны зорилгоор харилцан зорчих болов. Худалдаа арилжааны зорилгоос гадна ажил хөдөлмөр эрхлэхээр зорьж очих монголчуудын тоо 1996 оноос эрс нэмэгдэж, хууль бусаар оршин суугчдын тоо ч тасралтгүй өсөх болсон. 2004 онд хоёр улсын Хөдөлмөрийн Яам хооронд “БНСУ-д гэрээт ажилчин ажиллуулах тухай” харилцан ойлголцлын санамж бичиг байгуулснаар тус улсад албан ёсоор гэрээт ажилчин илгээх болсон ч гэрээт ажилчдын тоо тодорхой квоттой учраас хууль бусаар орших суух явдлыг зохицуулж чадахгүй явсаар ирсэн. 2012 онд “Иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсанаар харилцан зорчих иргэдийн тоо эрс нэмэгдсэн, үүнийг дагаад хуулийн дагуу болон хууль бусаар оршин суугчдын тоо ч нэмэгдсэн. Өнөөдөр тус улсад оршин сууж буй 50 мянга орчим монгол иргэдийн тэн хагас нь хууль бусаар оршин сууж байна. Ойрын хугацаанд шийдвэрлэвэл зохих асуудлын тухайд, өнгөрсөн онд БНСУ-ын ГХЯ-ны сайд Пак Жингийн айлчлалын үеэр хоёр улс харилцан адил байх зарчмын дагуу тус улсад зорчих визийн нөхцлийг хөнгөвлөх зэрэг иргэд зорчих таатай нөхцлийг бүрдүүлэх чиглэлд анхааран ажиллахаар хэлэлцэж тохиролцсон. Үүнийг ажил хэрэг болгохын зэрэгцээ тус улсад оршин сууж буй хууль бус монгол иргэдэд тодорхой хугацаагаар амьдрах эрх олгох тал дээр анхаарал хандуулан, үнэхээр ажиллаж мөнгө хуримтлуулах зорилготой БНСУ-д ажлын байраа олсон хүмүүст тодорхой хугацаатай виз олгох, хөдөлмөрийн гэрээ хийхэд нь туслах юм бол хууль бусаар оршин суух иргэдийн тоо ч цөөрнө.

БНСУ-д оршин сууж буй монгол иргэдийн хувьд Монголдоо буцаж ирэхэд нь хөшүүрэг болох таатай боломжуудаар хангахад чиглэсэн дорвитой ажлуудыг хийх хэрэгтэй. Гэрээт ажилчдыг Монголын хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй мэргэжлээр ажиллуулах, эх орондоо эргэж ирэхэд нь тэр чиглэлийн ажлын байраар хангах гэх мэт. Нөхөн үржихүйн болон хөдөлмөрийн чадварын оргил насан дээрээ яваа залуус олон жилээр гадаадад ажиллаж амьдрах нь Монгол Улсын хүн амын өсөлт, цаашлаад үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх талтай. Виз чөлөөлөх асуудлын тухайд, тодорхой шалгуур хангасан нөхцөлөөр визийг чөлөөлөх, хөнгөвчлөх гэхээс биш бүрмөсөн визгүй болгох нь нөгөө талаар сөрөг тал дагуулах магадлал өндөр. Визгүй болгох тухай асуудал яригдахад өмнөөс гаргаж тавьдаг нэг асуудал бол БНСУ-д гарч буй гадаад иргэдийн үйлдсэн гэмт хэргийн статистик дотор монгол иргэдийн үйлдсэн гэмт хэргийн тоо өндөр үзүүлэлттэй байдаг гэсэн яриа. Ер нь  БНСУ-ын ЭСЯ-наас тус улсад зорчих виз олгох тал дээр монгол иргэдэд чирэгдэл учруулдаг байдлаас нь болоод иргэд визгүй болгох зэргийг шаардах үндэслэл болсон хэрэг. Тэдний зүгээс Консулын албаны ажилтнуудыхаа тоог нэмэх, материал шалгах зэргийг түргэн шуурхай, гомдол саналыг хүлээж авч барагдуулах, дахин хянах системтэй байх нь хоёр талын харилцаанд тус дөхөм үзүүлнэ.

-Монголын байгалийн арвин нөөц, БНСУ-ын тэргүүний технологи гэсэн хоёр улсын давуу тал, хөгжлийн нөөц бололцоог ашиглан харилцан ашигтай, бие биеэ нөхсөн эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлнэ гэсэн асуудалд та ямар байр суурьтай байна вэ. Тухайлбал, сүүлийн үед газрын ховор элементийн судалгааны асуудал цөөнгүй яригдах боллоо?  

-Өнгөрсөн оны 11 дүгээр сард Сөүл хотод зохион байгуулсан Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны ээлжит VI хуралдааны үеэр хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг бодитоор хөгжүүлэх талаар тодорхой саналууд хэлэлцсэн. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг БНСУ-ын Засгийн газрын бодлоготой уялдуулан тээвэр, логистик, дэд бүтэц, уул уурхай зэрэг салбарт бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, БНСУ-ын хөрөнгө оруулалт, ноу-хау, техник технологийг нэвтрүүлэх зэргээр хамтын ажиллагааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулах талаар ярилцсан. Энд яригдсан олзуурхууштай нэг зүйл бол  Солонгосын тал газрын ховор элемент, хагас дамжуулагчийн түүхий эд нийлүүлэхэд Монгол Улстай хамтран ажиллах сонирхлоо нотолж, “Газрын ховор металлын хамтарсан судалгааны төв”-ийг Монгол Улсад байгуулах, газрын ховор металлын чиглэлээр хамтран ажиллахаар ярилцсан. 

Ерөнхий сайдын айлчлалын үеэр уг судалгааны төвийг байгуулах ажлыг эрчимжүүлж, энэ чиглэлд ховор металын хайгуул, олборлолт, боловсруулах, экспортлох чиглэлээр хамтын ажиллагаа явуулахаар тохиролцож, “Ховор метал нийлүүлэх сүлжээнд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг” байгууллаа. Тэргүүлэх технологи бүхий БНСУ-тай газрын ховор элемент, хагас дамжуулагчийн түүхий эд нийлүүлэх тал дээр хамтран ажиллах нь манайд энэ чиглэлээр эдийн засгийн ач холбогдолтой төслүүд хэрэгжих эхлэл болохын сацуу цаашид манайд энэ талын үйлдвэрлэлийг байгуулах, хөгжүүлэхэд туршлага болно гэж харж байна. Уул уурхай, ашигт малтмалын олборлолтыг дэд салбартай уялдуулсан иймэрхүү төсөл нь олборлолтыг дагаад боловсруулах үйлдвэр барьж байгуулна гэдгээрээ манай улсад өндөр ашигтай төсөл. Нүүрс ашиглах тал дээр жишээ нь, нүүрсээ олборлоод, боловсруулаад химийн бүтээгдэхүүн гаргаж авах үйлдвэрлэлийн суурийг тавих боломж байна. Газрын тос боловсруулах үйлдвэр, петрохимийн үйлдвэр, бордооны үйлдвэр гэх мэт Монголын байгалийн баялгийг БНСУ-ын тэргүүлэх технологитой хослуулсан харилцан ашигтай төслүүдийг хөгжүүлэх нь гарцаагүй чухал хэрэгтэй. Гэтэл бид өнөөдөр байгалийн баялгаа тэр чигээр нь гаргаад, хоосон нүх хараад үлдэж байна шүү дээ. 

БНСУ-ын тал ухаалаг хот байгуулах Монголын бодлогыг дэмжих зорилгоор “К-сити нетворк” хөтөлбөрийн хүрээнд Хөшигийн хөндийд “Шинэ Зуунмод” ухаалаг хот төслийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ Алтанбулагийн тээвэр, логистикийн төв байгуулах техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, төслийн дараагийн шатанд Алтанбулагийн тээвэр, логистикийн төвийг барьж байгуулах төслийг хэрэгжүүлэх талаар хамтран ажиллахаар тохиролцоод байна. Манай талаас эртний нийслэл  Хархорум хотыг сэргээн байгуулахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан “Орхоны хөндийд шинэ ухаалаг, ногоон хот байгуулах ТЭЗҮ, хот байгуулалтын барим бичиг боловсруулах” төслийг хамтран хэрэгжүүлэх санал тавьсан. Эдгээр ажлуудыг хэрэгжээсэй, үүн дээр манай талаас удирдлагын болоод гүйцэтгэх салбарт жинхэнэ мэргэжлийн боловсон хүчин ажиллаасай гэж хүсэж байна. Хилийн чанадад бүтэээн байгуулалтын ажлын олон жилийн арвин туршлагатай БНСУ-тай хот байгуулах төсөл дээр хамтран ажилласнаар хотыг дагасан дэд бүтцийн байгууламж, авто зам, эрчим хүчний станц баригдана. Үйлдвэрлэл хөгжинө. Уул уурхайгаас хамааралтай байдлыг багасгах хэрэгтэй.  

-Дэлхий нийтийн өмнө тулгараад буй сорилтуудын нэг бол уур амьсгалын өөрчлөлт. Энэхүү томоохон сорилтыг даван туулах тал дээр манай хоёр улс санаачилгатай ажиллахаа илэрхийлсэн удаатай. Манай талаас “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг нэрлэж болох бол Солонгосын талаас Сэлэнгэ аймагт хэрэгжсэн Тужийн нарс дахь тарилалтыг онцолж болохоор байна. Ногоон хөгжлийн хамтын ажиллагаа бол дипломат харилцаанд түрж орж ирж буй харилцааны нэг томоохон хэлбэр гэж үзэж болов уу. Бид хэрхэн хамтрах боломжтой вэ?

-Бүс нутгийн болоод дэлхий дахиныг хамаарсан экологи, хүрээлэн буй орчин, байгалийн гамшиг, эрүүл мэндийн асуудлууд нь олон улсын нийгэмлэгийн хамтын ажиллагаагаар дамжуулан шийдвэрлэгддэг тул олон улсын харилцааны асуудал гэж үздэг. Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд учирсан гамшгийн асуудлууд, ялангуяа Ковид-19 цар тахал бол улс орнуудын харилцаа, хамтын ажиллагаанд сорилт болсон ч бид хамтдаа энэхүү цаг үеийг даван туулж явна. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой ногоон хөгжлийн асуудал ой, усаар дутмаг цөлжилт нэмэгдэж буй манай орны хувьд идэвхийлэн гар бие оролцох асуудлын нэг юм. Манай улс 2005 онд цөлжилт, шар шороон шуургыг багасгах зорилгоор “Үндэсний ногоон хэрэм” үндэсний хөтөлбөр санаачлаад, гадаад улс орнуудад хамтран ажиллах санал тавихад БНСУ хамтран ажиллахаар шийдвэрлэснээр 2006 онд Монгол-Солонгосын “Ногоон хэрэм” төсөл хөтөлбөр БНСУ-ын Засгийн газрын санхүүжилттэй эхэлсэн.

Эхний шат 10 жил үргэлжилсэн. Цөлжилтийг сааруулах ойжуулалт, мод үржүүлгийг зорилго болгосон хоёрдугаар шат 5 жилийн хугацаатай хэрэгжиж 2021 онд дууссан. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөртэй зорилгын хувьд нийцэж байгаа тул тус улсын Засгийн газраас 2022 оноос эхэлсэн гуравдугаар шатны “Тэрбум мод” хөтөлбөрийн нэг хэсэг болгон хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Арван зургаа дахь жилдээ хэрэгжиж байгаа Монголд хамгийн удаан хугацаанд хамгийн том талбайг ойжуулан, тууштай хэрэгжүүлж буй хамгийн үр дүнтэй төсөлд тооцогддог. “Тэрбум мод” хөтөлбөрийн өмнөх туршлага болж өгч байгаа юм. 2023 онд эхэлсэн “Тужийн нарс” төсөл нь БНСУ-ын хувийн хэвшлийн санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл юм. Энэ удаагийн айлчлалаар уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ногоон хөгжлийг цогцлооход хоёр тал хамтран ажиллахаа мэдэгдсэн. Энэ мэтчилэн ногоон хөгжлийн салбарт хоёр талын хамтын ажиллагаа тууштай үргэлжилж байна. 

-Гадаад харилцааг эдийн засагжуулна гэдэг зорилт бол бүхий л улс орны хувьд мөнхийн зорилт, тасралтгүй үйл ажиллагаа юм уу гэж ойлгодог. Энэ хүрээнд Ерөнхий сайд энэ удаагийн айлчлалаас шинэ соргог мэдээтэй буцаж ирж байх шиг байна?

-Гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөрийн хүрээнд БНСУ-тай худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд хоёр улсын хооронд “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” байгуулах явдал нэн чухал юм. Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар уул уурхайн экспортоос хамааралтай, эмзэг эдийн засгаа төрөлжүүлэх, үйлдвэрлэлийн салбараа хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Пак Гын Хэ Ерөнхийлөгчийн 2016 онд хийсэн айлчлалаар хоёр улсын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан судалгааг эхлүүлэх тохиролцоонд хүрч, 2017 оноос эхлэн 2021 оны зургаадугаар сард хийж дууссан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлалын үеэр дээрх судалгааны үр дүнд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн яриа хэлэлцээг энэ онд эхлүүлэх, хоёр талын хэлэлцээний багийг байгуулах тал дээр санал нэгдэж, “Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, БНСУ-ын хоорондын хэлэлцээрийн төслийн хэлэлцээ эхлүүлэх тухай” хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан. Түүнчлэн хоёр улсын хооронд хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэх зорилгоор “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулах талаар хэлэлцэн тохиролцсон зэрэг нь БНСУ-тай хийх гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй томоохон ажлуудын нэгд тооцогдох болно.  

-Таны хувьд эл айлчлалын ач холбогдол, үр дүнг хэрхэн харж байна вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар 2021 оны 9 дүгээр сард хийсэн дээд түвшний цахим уулзалтынхаа үеэр хоёр улсын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд шат ахиулан хөгжүүлэхээр тохиролцож, улс төр, аюулгүй байдал, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан технологи, байгаль орчин, эрүүл мэнд, соёл, аялал жуулчлал, иргэдийн харилцаа, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа гэсэн 5 тулгуур чиглэлд хамтын ажиллагаагаа  гүнзгийрүүлэн өргөжүүлэхээр тогтсон юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ-д хийж буй энэ удаагийн айлчлал нь Монгол Улс, БНСУ-ын Стратегийн түншлэлийн тухай Хамтарсан тунхаглалын мөрөөр хийж буй бодит ажил, хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцааг бататгах чухал ач холбогдолтой алхам болж байна. Айлчлалын үеэр үзэглэсэн “Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, БНСУ-ын хоорондын хэлэлцээрийн төслийн хэлэлцээ эхлүүлэх тухай” хамтарсан мэдэгдэл, Ховор металл нийлүүлэх сүлжээнд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг, Хот байгуулалтын хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг, Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хамтран ажиллах тухай суурь хэлэлцээр, Цэргийн нууцын мэдээллийг харилцан хамгаалах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр, 2023-2026 оны Соёлын солилцооны хөтөлбөр зэрэг баримт бичиг нь Стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх чухал ач холбогдол бүхий актууд юм. Үүний дотор хоёр талын олон жилийн хичээл зүтгэлийн үр дүн болох “Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээр”-ийг эхлүүлэхээр тохиролцсон нь энэ удаагийн айлчлалын чухал үр дүнгийн нэг болж байна. Мөн айлчлалын бүрэлдэхүүнд албаны төлөөлөгчдөөс гадна айлчлалын үеэр зохион байгуулж буй Монгол-Солонгосын бизнес форумд 58 аж ахуйн нэгжийн 70 гаруй төлөөлөгч оролцсон нь энэ удаагийн айлчлалын цар хүрээ, ач холбогдлыг харуулж байна.  

-Цар тахлын улмаас хамтын ажиллагааны төлөвлөсөн зарим ажил саатсан байх магадлалтай. Гэсэн хэдий ч өнгөрсөн 30 гаруй жилийн харилцаа, хамтын ажиллагааг бүхэлд нь багцлан тодорхойлбол чамлахааргүй үр дүн яригдах байх гэж бодож байна. Энэ тал дээр та нэг товчилсон байдлаар дүгнэлт хэлэхгүй юу? 

-Монгол Улс, БНСУ-ын харилцаа хагас жарны дотор улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэг гээд нийгмийн бүхий л салбарт тасралтгүй урагшилж, хөгжсөөр өнөөдөр стратегийн түншлэлийн харилцаанд хүрээд байна. Хоёр улсын улс төрийн харилцаан дахь тэнцвэртэй байдал, байнгын холбоо хэлхээг хадгалж ирсэн нь нийгмийн бусад салбарын харилцааг хөгжүүлэхэд гол суурь болж ирсэн. БНСУ бол эдийн засгийн харилцааны хувьд манай гол түнш. Тус улсын Засгийн газраас олгодог хөгжлийн албан ёсны тусламж, хөнгөлөлттэй зээл зэрэг нь манай улсын эдийн засагт хувь нэмэр оруулсаар ирсэн. Иргэд харилцан зорчих болсон явдал, Солонгосын талаарх монголчуудын ойлголт, тэдний соёлыг таатай хүлээн авч буй байдал Монголд Солонгост ээлтэй зах зээлийг нээж өгч байгаа нь эдийн засгийн харилцаанд эергээр нөлөөлж байна.  Өөрөөр хэлбэл, хоёр улсын хоорондын эдийн засаг, соёл, иргэд хоорондын харилцааны харилцан хамаарал улам бүр гүнзгийрч байна гэсэн үг.

Монгол Улс, БНСУ-ын харилцаан дахь гадаад бодлогын таатай орчин, нийтлэг талууд хоёр улсын хооронд итгэлцлийг бий болгож, улмаар улс төрийн болоод бусад харилцааны хувьд бүс нутгийн хүрээнд ч, олон улсын хүрээнд ч аливаа асуудалд харилцан ойлголцож, бие биеэ дэмжиж хамтран ажиллахад нь эергээр нөлөөлж ирсэн. Монгол Улсын гадаад бодлогын хувьд бүс нутгийн аюулгүй байдал, олон талт яриа хэлэлцээний үйл явцад БНСУ чухал байр суурь эзэлдэг. Монгол  Улсын “гуравдагч хөрш” болох БНСУ-тай явуулж буй бодлого, дипломат үйл ажиллагаа Зүүн Хойд Ази болоод Eвразийн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, бүс нутагт өрнөж буй аливаа маргаантай асуудлуудыг намжаах, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, хамтын хөгжил, цэцэглэлтийн төлөөх эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсээр ирсэн. Хоёр улс 30 жилийн хугацаанд тууштай, харилцан ойлголцож, харилцан итгэлцсэн, үр дүнтэй, амжилттай харилцааг хөгжүүлж ирсэн нь цаашдын харилцаа, хамтын ажиллагааны замд ивүүр болж өгнө.   

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: MONTSAME

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *