Т.Батцогт: МАН-ын сэтгэлгүй, шуналтай, авлигад автсан хүмүүсээс болж Монгол Улс дампуурлын ирмэгт хүрлээ
Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Нийслэлийн 2024 оны төсөв батлагдсан. Улаанбаатарчуудын хоолойд тулчихаад байгаа асуудлыг нимгэлэх чиглэлд ахиц гарав уу. Хотын төсөв жил бүр нэмэгдэж байгаа ч асуудал жил ирэх тусам зузаараад байгаа шүү дээ?
-Нийслэлийн төсөв жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь үнэн. Ирэх жилийнх л гэхэд хоёр их наяд төгрөгийн төсөв баталлаа. Ер нь МАН-ын Нийслэлд засаглаж байгаа сүүлийн найман жилийн хугацаанд төсөв тогтмол өссөн. Жишээ нь, Улаанбаатар хотод 2012-2016 онд түүхэндээ анх удаа Ардчилсан нам засагласан. Э.Бат-Үүл дарга хотыг удирдаж байх тэр үед Нийслэлийн төсөв 460-700 тэрбум төгрөгийн хооронд байсан. Тэгвэл өнөөдөр хоёр их наяд төгрөг болтлоо нэмэгдсэн. Батлагдсан төсвийг харвал урсгал зардал жил ирэх тусам нэмэгдэж ирлээ. Өөрөөр хэлбэл, цалин, байр ашиглалттай холбоотой ч гэдэг юмуу урсгал зардал. Ийн дарга нарын тансаглал жил ирэх тусам төсвөөр тогтмол нэмэгдэж ирлээ. Харин иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдэх төсөв огт нэмэгдсэнгүй. 2022, 2023 оны нийслэлийн төсөвт жил бүр 420 тэрбум төгрөгийг улсын төсвөөс тавьсан. Үүнээс түгжрэлийг бууруулна гэж 900 тэрбум төгрөг буюу бараг нэг их наяд төгрөгийн төсөв тавьсан.
Ер нь сүүлийн жилүүдэд их том том тоонууд ярьдаг болсон байна. Тэрбум, их наяд гэхчилэнгээр. Монгол Улсын 2024 оны баталсан төсөв 27 их наяд төгрөг. Нийслэлийнх хоёр их наяд төгрөг.
-Төсвийн хоёр их наяд төгрөгийг яаж бүрдүүлэхээр тооцоолсон бол?
-2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хоёр дахин нэмэгдүүлж байгаа. Уг татвараар өмнө нь нийслэлд 370 орчим тэрбум төгрөгийг төвлөрүүлдэг байсан. Тэгвэл одоо 600 гаруй тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна лээ. Угтаа өнөөдөр эрх барьж байгаа МАН 2020 оны сонгуульд өрсөлдөхдөө бүх төрлийн татвар нэмэхгүй гэж амласан. Үүнд нь бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэд хууртсан. “Аз жаргалтай Улаанбаатар” мөрийн хөтөлбөр дэвшүүлж, аж ахуйн нэгжүүдээ энэ мэтчилэн хулхидаж байна.
Сая ярьсанчлан төсөв жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Монголчуудын амьдрал энэ хэрээр жил ирэх тусам сайжрах ёстой. Асуудлууд шийдэгдэж байх ёстой. Гэтэл бүр дордож байна. МАН-ын засагласан дордохын долоон жил өнгөрч байна. Энэ хугацааны нийгмээ буцаад харъя. Төрийн байгууллагуудад тэр чигтээ хулгай нүүрлэсэн. Авлигад идэгдсэн. Ямар ч үйлчилгээгүй. Тогтворгүй. Нийслэл дэх төрийн хамгийн өндөр дээд албан тушаал бол Нийслэлийн Тамгын газрын дарга. Гэтэл сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Тамгын газрын дарга нь дөрвөн удаа солигдож байх жишээний. Энэ бол төрийн алба ямар тогтворгүй байгааг илэрхийлж байна.
Нийслэлийн төлөөлөгчид бид төрийн албанд ажиллаж байгаа албаны дарга нарыг танихаа байсан. Орж ирээд хоёрхон сар болоод л явчихдаг. Шалтгаан нь хулгайн хэрэг. Үүрэг гүйцэтгэгч томилогддог. Мөн л гуравхан сар болоод гараад явчихдаг. Сүүлдээ Нийслэл Улаанбаатар хотод ажиллах төрийн албан хаагч олдохоо байсан. Ер нь бүгд л “Гадагшаа явъя. Ажиллах нөхцөл үнэхээр алга. Юу ч мэдэхгүй шинэ дарга томилогдож ирдэг. Ирээд ажил хийх бус хулгай, авлигын хэргээр баригдаж явдаг” гэцгээдэг болсон. Ерөнхийдөө Улаанбаатар хот тэр чигтээ дампуурсан.
Үүний тод илрэл нь нийтийн тээврийн байдал. Нийтийн тээвэр ямар байдалтай байгаа билээ. Автобус нь цагтаа ирэхгүй. Ирсэн ч багтахгүй. Стандартын шаардлага огт хангахгүй. Утаагаа яая гэж байхад ямбий автобуснууд нь хорт утаа маш ихээр ялгаруулж байна. Улаанбаатарчууд утаа тортог, хортой бодист тэр чигтээ хордож байна.
Аргаа барахдаа Улаанбаатар хотод өвөл битгий болоосой гэж мөрөөдөж ч байх шиг. Аргаа барж байна шүү дээ, монголчууд. Монголын нэг сая 700 мянган иргэн геноцидод өртөж байгаа мэтээр эрүүл мэндээрээ хохирч байна.
-Утааг бууруулах үүднээс хагас кокжсон нүүрс түлэх асуудал яригдаад больсон. Ер нь байгаа оносон бодлого тодорхойлж чадахгүй байна, тийм үү?
-Тийм. Эрчим хүчний сайд улаанбаатарчуудад нүүрс түлэх тухай асуудал ярьж байна гэдэг бол шившиг, онигоо. Тэр хүн эрчим хүч нийлүүлэх тухай ярих ёстой шүү дээ. Тэр хүнээр эрчим хүчний бодлого, эрчим хүчний бие даасан байдлыг хангуулах гэж Монголын төрд байлгаж байгаа юм. Харахаар, бодохоор ичээд байх юм. Монгол түмнийг доромжилж, Монголыг олон улсад шившиглэж байгаа хэрэг.
Учир нь манай улс ямар их байгалийн нөөцтэй билээ. Нүүрсээ түлж эрчим хүч, цахилгаан гаргаж байх ёстой улс. Өөрөөр хэлбэл, ингэж эрчим хүч үйлдвэрлэж гал түлж байгаа гэр хорооллын өрхүүдийг хангах ёстой. Энэ бол бодлого. Түүнээс Хятдад үйлдвэрлэсэн ямар нь мэдэгдэхгүй нүүрсийг түлж, Монголын ард түмнийг туршилтын туулай болгох биш.
Тэгээд ч дэлхий дээр өнөөдөр утаа гардаггүй түлш гэж байхгүй. Гал асаж л байгаа бол ямар нэгэн байдлаар утаа тортог гарч л байгаа шүү дээ. Утаа нь харагддаггүй бол хорт бодис бүр ч их байж магадгүй.
Сайд нь салхитай үед утааны асуудал шийдэгдэж байна гэх ухааны юм яриад зогсож байсан. Ингэж доромжилж болохгүй. Б.Чойжилсүрэн бол гурван удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон, түмний дэмжлэгийг авч төрийг түшилцэж байгаа хүн.
Яахав, тэр хүн өнөөдөр улаанбаатарчуудаас санал аваагүй байж болно. Увсаасаа санал авчихсан юм чинь гэж бодож байж болно. Гэхдээ тэр хүн өнөөдөр Монголын эрчим хүчний асуудлыг хариуцаж байгаа сайд хүн. Тиймээс МАН-ын иймэрхүү сэтгэлгүй, шуналтай, авлига хээл хахуульд автчихсан хүмүүсээс болж Монгол Улс дампуурлын ирмэгт хүрчихсэн байна. Монгол Улсад эдийн засгийн маш хүнд нөхцөл үүссэн байгаа.
Өнөөдөр иргэдийн аж амьдралын байдал улам доройтож байна. Монголчууд бүгдээрээ л түгжрэлээ, утаагаа яая даа гэж байсан. Ядуурлаа яая даа гэж байсан. Гэтэл нэмээд эрчим хүчний асуудалтай тулгарчихлаа. Бас бензин, дизель түлшний хосдолд орчихлоо. Монгол Улсад болж байгаа зүйл нэг ширхэг ч алга. МАН-ын дарга, эрх баригчид сайхан амьдарч байна. Иргэдийн ахуй байдал мөхлийн байдалд байна.
-Нийслэлийн төвлөрлийг сааруулах, хөдөөг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж байгаа шүү дээ. Таны бодлоор өнөөдрийн нөхцөл байдалд иргэд хөдөөг зорьж, тэрхүү бодлого хэрэгжиж чадахаар байна уу?
-Үгүй. Бодит байдал дээр орон нутгийн иргэд нийтээрээ хот руу ирж амьдаръя гэсэн хүсэлтэй байна. Тухайн бүс нутагт амьдрах нөхцөлийг бий болгож чадахгүй байна. Орон нутагт ажлын байр алга. Төрөөс бодлого хэрэгжүүлж чадахгүй байгаа учраас Монголын хүн амын талаас дээш хувь нь нийслэл рүү ирсэн.
Уг нь Монголд хөгжлийн гарц шийдэл маш их байгаа шүү дээ. Жишээлбэл, хөдөө аж ахуй, газар тариалан. Зөвхөн уул уурхай биш. Ийм өргөн уудам нутагт хөдөө аж ахуйг хөгжүүлэх бодлого алга. Дэлхийд бараг нэгдүгээрт орох хэмжээний малтай. Малчдыг дэмжиж малын гаралтай бүтээгдэхүүнийг үнэд оруулах бодлогыг хэрэгжүүлчихвэл малчид ч, Монгол ч толгой өвдөхгүй, асуудлаа шийдчихнэ.
Мөн газар тариалангийн өргөн уудам газар нутаг ч байна. Хөдөө аж ахуй, газар тариалангийн орчин үеийн технологи бүхий боловсруулах үйлдвэрийг байгуулж чадвал дэлхийд өрсөлдөх боломж бидэнд хангалттай бий. Үүнийг төрийн эрхийг барьж байгаа МАН бодлогоор бий болгоно. Хувийн хэвшил дангаараа бий болгож чадахгүй. Хувийн хэвшлийг дэмжих бодлого өнөөдөр алга. Улам л хааж боож, хавчиж байна. Бодлого бол хувийн хэвшлийг дэмжих. Хөдөө аж ахуй, газар тариаланг дэмжсэн бодлого зөв байвал асуудал аяндаа шийдэгдэж, хөгжинө. Гэтэл МАН-ынхны үргэлжид ашиг хонжоо хайсан бодлого нь Монголыг сөхрүүлж байна. ХХААХҮ-ийн сайд нь ашиг сонирхлын зөрчилтэй. Тэр хүн өөрөө хувийн гурилын үйлдвэртэй байж сайд болчихсон. Ямар ч ёс зүйгүй нөхөр. Гурилыг гадагш экспортлох эрхийг өөртөө авчихсан байх жишээтэй. Тэнэг хүмүүстэй харьцаж байгаа мэтээр нүдэн дээр улаан цайм ийм юм хийж байгаа нь төр бодлогогүй байгаагийн шинж. Төвлөрлийг сааруулж, хөдөөг хөгжүүлэх бодлого амьдрал дээр хэрэгжихгүй байгаагийн илрэл.