ТАНИЛЦ: Баян-Өлгийг тусад нь тойрог болгоод, Увс, Ховд, Завхан, Говь-Алтайг нэгтгэж, Хөвсгөл, Орхон, Булганыг хамт болгох “Бүсчлэл”-ийг МАН зуржээ
МАН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногийн даваа гарагийн /2023.12.11/ хурлаараа зургаан сарын дараа болох УИХ-ын сонгуульд оролцох тоглоомын дүрмээ ярилцсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал,УИХ-ын 2024 оны сонгуулийн тойрог, мандаттай холбоотой асуудлаар санал солилцож, шийдэл гаргасан.
Тэд ярилцаад 21 аймгийг гурав, гурваар нь хувааж 7 бүс, Улаанбаатар хотын есөн дүүргийг 4 бүсэд хувааж сонгуулиа хийе гэдэгт санал нэгдсэн байдаг.
Энэ тохиолдолд УИХ-ын гишүүдийн мандатын тоо өөрчлөгдөхгүй гэж МАН-ынхан үзсэн бөгөөд энэхүү саналаа бусад улс төрийн намуудад танилцуулсны дараа дахин бүлгийн хурлаараа ярилцаж эцсийн шийдвэрт хүрэхээр тохирсон. Тохирооны дагуу тэд энэ долоо хоногт тус саналаа бусад намуудад танилцуулж, саналыг аваад дахин бүлгийн хурлаараа ярилцах болов уу гэсэн хүлээлт байна. Тэд 21 аймгийг гурав, гурваар нь хуваахдаа
- Баян-Өлгий
- Увс, Ховд, Завхан, Говь-Алтай
- Хөвсгөл, Орхон, Булган
- Архангай, Баянхонгор, Өвөрхангай
- Дундговь, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь
- Хэнтий, Дорнод, Сүхбаатар
- Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймаг гэж бүсчлэхээр тохирчээ.
Үүнээс нэг хувилбар ихээхэн анхаарал татаж буй Баян-Өлгийг ганцааранг нь тойрог болгосон явдал. Тиймээс ч УИХ-ын дарга Г.Занданшатар үүнийг эсэргүүцэж байгаа гэх мэдээлэл бий. Харин Улаанбаатарыг дөрвөн бүсэд хуваахдаа
- Багахангай, Багануур, Налайх
- Баянзүрх,
- Сүхбаатар, Чингэлтэй
- Хан-Уул, Баянгол
- Сонгинохайрхан гэж хийхээр зурсан байгаа юм.
Ер нь бол МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ зургийг зурсан бөгөөд намынхан нь дэмжсэн одоо бусад намуудад танилцуулж саналыг нь авсан болоод батлана. Үеийн үед эрх баригч нам л өөрсдөдөө ялах хувилбараар тойрог, мандатын тоогоо хуваарилж түүгээрээ сонгуулиа хийж ирсэн. Тэр түүх ч энэ жил давтагдаж буй нь энэ юм.
Харин намын жагсаалтад бичигдсэн нэр дэвшигчдийг парламентын гишүүнээр тодруулахдаа улсыг бүхэлд нь нэг тойрог болгох эсвэл бүсчилсэн дээрээ жагсаалтад бичигдсэн хүмүүсийг тав хувааж саналыг хуудаст бичих гэсэн хувилбаруудыг ярилцаж, тодорхой шийдэлд хүрээгүй байгаа.
Тэгвэл аймгуудыг нэгтгэж сонгуулийн нэг бүсчлэл буюу том тойрог болгохын онцлог нь улсын төсвийн мөнгийг 76 жижиг тойрог, 330 гаруй суманд тарааж цацахгүйгээр томоохон төсөлдөө зарцуулдаг болох өнгөрсөн хугацааны алдааг засахтай шууд холбоотой. Харин “хэцүү” нь шинэ залуу улстөрчид том тойргоос сонгогдох нь хэцүү бөгөөд гурван аймагт сурталчилгаагаа хийж, богино хугацаанд танигдана гэдэг нь асуудал юм. Тиймээс Ерөнхий сайд, МАН-ын дарга Д.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан сайд нар болон олон сонгогдсон туршлагатай гишүүдээ тойрогт илгээж, залуучуудаа жагсаалтад бичихээр ярьж буй.