СОНСГОЛ: ЭТТ-н нүүрсний үнийг 2015 он хүртэл “Чалко” тогтоосноос 826.4 сая долларын алдагдал хүлээжээ

0

Сонсголын үдээс хойших хуралдаан “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн зураг төсөв боловсруулах, барилга угсралтын ажил” сэдвээр үргэлжилж байна. Тухайн сэдвээр долоон гэрчийг дууджээ.

Шинжээчийн дүгнэлт: Нүүрс баяжуулах үйлдвэрийн эрх зүйн үндэслэл 2018 онд тавигдсан. Нүүрс баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулах зөвлөх үйлчилгээний тендер сонгон шалгаруулалтыг 2020 онд онд зарлаж, 2020 оны гуравдугаар сард гэрээ байгуулсан. ТЭЗҮ-ийг тухайн компани боловсруулж, 2021 оны дөрөвдүгээр сарын 1-нд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцэн баталсан.

  • Тухайн ТЭЗҮ-ийн дагуу жилд блок тус бүр нь 10 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай нийт гурван блок үйлдвэр барихаар төлөвлөсөн. Уг төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Төслийн нэгдүгээр үе шатанд 335.6 сая ам.долларыг төсөвлөсөн.
  • Барилгын зураг төсөв, барилга угсралтын ажлын тендер сонгон шалгаруулах үнэлгээний хороо “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тушаалаар гурван удаа тендер зарласан. Хоёр удаа нээлттэй, нэг удаа гэрээ шууд байгуулах замаар сонгон шалгаруулсан.
  • “Норинко интернэйшнл кооперэйшн”-тэй 955.85.439.574 төгрөгийн гэрээг 2022 оны дөрөвдүгээр сарын 14-нд байгуулсан. Нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор жилд дунджаар 1.9 тэрбумын орлого олно гэж тооцож, хөрөнгө оруулалтаа 8.1 жилд нөхнө гэж төлөвлөсөн. Төсөл хэрэгжсэнээр жилд 185.8 сая ам.долларыг улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлнэ гэж тооцсон байна. Одоогийн байдлаар 63.5 хувийн гүйцэтгэлтэй байна. Санхүүжилтээр 2022 онд 95.5, 2023 онд 510.4, 2023 онд 353.6 тэрбумыг санхүүжүүлнэ гэж тооцсон. Нэмж 132.1 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт хийхээр гэрээнд өөрчлөлт оруулжээ.
  • 2023 оны аравдугаар сард ТУЗ-ийн тогтоолоор гэрээний үндсэн дүнд өөрчлөлт оруулж төслийн санхүүжилтийг нүүрсээр 70, бэлэн мөнгөөр 30 хувь болгон өөрчлөх. 2024 оны тавдугаар сарын 30-нд үйлдвэрийг нээнэ гэж өөрчилсөн байна. Гэрээний нэмэлт өөрчлөлтийг 2023 оны аравдугаар сарын 20-нд баталгаажуулснаар гэрээний дүн нэг их наяд 87 тэрбум 953 477 599 төгрөг болж өөрчлөгдсөн.

Шинжээчийн дүгнэлттэй холбоотой гишүүд гэрчүүдээс асуулт асууж, хариулт авлаа

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Нүүрс баяжуулах үйлдвэр барих ажил “Эрдэнэс Тавантолгой”-н хамгийн том төсөл. Гэтэл ашиглалтад орох хугацаа хоцроод яваад байгаа. Хэд хэдэн удаа гэрээнд өөрчлөлт оруулсан байна. Баяжуулах үйлдвэрийн үйл явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн П.Өлзийнаран: Би 2016 онд ТУЗ-д сууж байна. Анх ТУЗ-д ороод маш их эмзэглэж байсан. Энэ саалийн үнээг ямар ч судалгаа шинжилгээгүйгээр, сэтгэлгүйгээр нинжа шиг ухаж ирсэн. Нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор маш олон эерэг давуу талтай учраас 2016 оноос хойш шаардлага тавьж ирсэн. Харамсалтай нь саналын эрхтэй хувьцаа эзэмшигчид төслийн тогтвортой байдлыг хангах хөрөнгө оруулалтуудыг хийгээгүй.

Нүүрс баяжуулах үйлдвэрийн гэрээ, гэрээний нэмэлт өөрчлөлтийг намайг ТУЗ-өөс гарсны дараа хийсэн байна. Дарга цэргийн хүүхэд, найзууд, туслахууд ТУЗ-д орж ирж мэргэжлийн бус, төслөө ойлгохгүй, уурхай руугаа явж үзээгүй байдлаар хандаж ажилладаг. Тиймээс би ТУЗ-өөс гарах хүсэлтээ өгсөн.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Оффтейк гэрээг ил болгох асуудлыг өмнөх түр хорооны хурлаар ярьсан. Өмнө нь үүнийг хэн ч мэдэхгүй байсан. Хараат бус гишүүн мэдэж байсан уу. Нийт есөн гэрээ байгаагийн нэг нь нүүрс баяжуулах үйлдвэрийн гэрээ. Түүхийгээр нүүрсийг экспортлоод байвал дундаас нь цавчаа хийж байгаа хүмүүсийн ашиг орлого нэмэгдэнэ. Тиймээс энэ төслийг гацаадаг юм байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн П.Өлзийнаран: Үйлдвэр баригдахгүй байх хоёр, гурван шалтгаан байгаа. Нэгд, “Эрдэнэс Тавантолгой” компанийн үйл ажиллагаанд олон улстөрчийн тоног төхөөрөмж машин явдаг юм байна гэж харж байгаа. “Эрдэнэс Тавантолгой” өөрийн тоног төхөөржмтэй болж, олборлолтоо хийх нь тэдний бизнест сөрөг нөлөө үзүүлдэг юм болов уу. Хоёрт, угаах үйлдвэр баригдвал “Эрдэнэс Тавантолгой”-г хувьчилж авах бодолтой бизнес бүлэглэлийн зорилгод саад учруулна гэсэн хардлага байдаг. “Эрдэнэс Тавантолгой” компанийг хөгжүүлэхгүй байх маш олон шалтгаан байдаг. Оффтек гэрээг намайг ТУЗ-өөс гаргаж байгаад хийсэн.

2016 оноос өмнөх ТУЗ-ийн материалыг устгасан шүү.

Түр хорооны дарга, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн одоогийн удирдлага нүүрс баяжуулах төсөл ямар түвшинд явж байгаа талаар мэдээлэл өгөөч.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төслийн газрын дарга Ц.Анх-Од: Баяжуулах үйлдвэрийн төслийг 24 сарын дотор хэрэгжүүлэх үүргийг Засгийн газраас өгсөн. 2022 оны дөрөвдүгээр сарын 14-нд гэрээ хийгээд одоо гүйцэтгэл 65 хувьтай хэвийн үргэлжилж байна. Анх төлөвлөж байсны дагуу 2024 оны зургадугаар сард ашиглалтад орно.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Оффтейк гэрээ нууцад байсан. Яг ямар хуулийн дагуу нууцад авсан байна вэ. Нууцаас гаргасан шалтгаан нь юу байна вэ. Гэрээний дүн хэдэн төгрөгөөр яагаад нэмэгдсэн бэ.

Шинжээч: Засгийн газрын тогтоолоор компанид онцгой дэглэм тогтоосон бөгөөд гэрээг нууцлалаас гаргасан байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төслийн газрын дарга Ц.Анх-Од: Баяжуулах үйлдвэрийн төслийн анхнаасаа нууцад хамааруулаагүй. Хоёр гэрээ хийгдсэн. Энэ хоёр хоёулаа ил гэрээ байгаа. Нууцад хамруулсан бол бид гурван удаа тендер зарласан хоёр удаа амжилтгүй болсон гэж ярихгүй байсан. Анх гэрээ байгуулахад 2850 байсан. Ажил эхлэхэд 3500 болж зөвхөн ханшийн алдагдал 22 хувь болж нэмэгдсэн. Тиймээс бид анх 90 хувьдаа нүүрс өгөх байсныг 70 хувь болгон бууруулсан. Ингэснээр компани 200 орчим тэрбум төгрөгийн ашиг олох боломжтой болсон буюу ашигтай хэлцэл болсон.

•     •     •

14.45 цаг

Сонсголын энэ хэсэгт “Чалко” компанитай байгуулсан гэрээний талаар шинжээчийн дүгнэлтийг сонслоо. Тус асуудалтай холбоотой таван хүнийг гэрчээр дууджээ. Үүнд Эрдэс баялаг эрчим хүчний сайд асан Д.Зоригт, ЗГХЭГ-ын дарга асан Ч.Хүрэлбаатар, С.Баярцогт, Төрийн өмчийн хороон дарга, ЭТТ компанийн ТУЗ-ийн дарга асан Д.Сугар нар гэрчээр оролцов.

Шинжээчийн дүгнэлт: “Эрдэнэс Тавантолгой” ХК 2011 онд БНХАУ-ын “Чалко” компанитай нүүрс нийлүүлэх, худалдах авах гэрээ байгуулсан.

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК Хятадын “Чалко Трейдинг Хонконг” компани, “Жинан Стийл” компаниудаас 250 сая ам.долларын урьдчилгаа төлбөр авч, нүүрс нийлүүлэх асуудлыг 2011.07.19-нд ТУЗ-дөө танилцуулж, шийдвэрлүүлэн гэрээ байгуулах эрхийг Гүйцэтгэх захирал Б.Энэбишид олгосон. ТУЗ-ийн 16 дугаар тогтоол гаргасан. Тогтоолд гэрээг эцэслэн боловсруулахдаа олон харилцагчтай гэрээ хийх, өөрийн квотыг нэмэгдүүлэх талаар анхаарахыг даалгаж, ТУЗ-ийн хараат бус гишүүд урьдчилгаа төлбөр болох 250 сая ам.долларыг зөвхөн уул уурхайн үйл ажиллагаанд зарцуулах нь зүйтэй, хэрэв Хүний хөгжлийн санд энэ урьдчилгааг шилжүүлбэл IРО хийхэд сөргөөр нөлөөлөхийг тэмдэглэж, тогтоолд ТУЗ-ийн дарга Д.Сугар гарын үсэг зурсан. Гүйцэтгэх захирал Б.Энэбиш ТУЗ-өөс эрх олгосны дагуу 2011 оны долдугаар сарын 26-ны өдөр Чалко компанитай гэрээг байгуулсан.
  • Нийт дөрвөн удаа арьдчилгаа төлбөр авсан. “Эрдэнэс Тавантолгой” ХК “Чалко” компанид 66.6 сая ам.долларыг төлсөн. Нийт алдагдсан боломж 317.2 сая ам.доллар байна. 2011 онд “Чалко”-оос авсан 300 сая ам.долларыг Хүний хөгжил санд зарцуулсан. 322767 ахмад настанд нэг сая төгрөг, 1721 хөгжлийн бэрхшээлтэй иргэнд нэг сая төгрөгийг олгосон байна.

Шинжээчийн дүгнэлттэй холбоотойгоор гэрчүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: 350 сая ам.доллар зээлээд тараасан. Үүний 250 сая ам.долларын хүү зургаа, 70 сая ам.доллар нь 14.4, 30 сая ам.долларын хүү 10.4 хувийн хүүтэй байна. Нийт 66.6 сая ам.долларыг хүүд төлсөн. Энэ бол Монголын хар түүх. Ингэж сонгуульдаж болохгүй. Энэбиш гуай олон жил төрд ажилласан. Танд хэн санал тавиад ЭТТ захирлаар ажилласан юм бэ. Тухайн үед улстөрчид ямар шахаа хийдэг байсан бэ?

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Энэбиш: Би Их хуралд 1990-2001 он хүртэл олон жил ажилласан. Эрдэс баялаг эрчим хүчний сайд асан Д.Зоригт санал болгосон. Бид Нью-Йорк хотод хамт ажиллаж байсан. Төрийн өмчийн уул уурхайн компаниудын удирдлагуудыг Ерөнхий сайд, намын даргатай зөвшилцөхгүй томилдоггүй байх. Тухайн үед Ерөнхий сайд С.Баяр, Шадар сайд Н.Алтанхуяг байсан. Хоёулаа намын дарга байсан. Ингээд Төрийн өмчийн хорооны шийдвэрээр томилогдож байсан.

Тухайн үед улстөрчдийн шахаа байсан. Тавантолгойн ордыг эхлүүлэх УИХ-ын тогтоол гарсан. УИХ-ын тогтоол бол шахаа биш хууль тогтоомж. 2010 оны зун Засгийн газраас дэлгэрэнгүй тогтоол гарсан. Энэ тогтоолын хүрээнд манай үйл ажиллагаа эхэлж байсан. Анх нэг сая тонн нүүрс олборлох ТЭЗҮ батлуулаад хүлээж байсан. 2010 оны наймдугаар сард хөрс хуулалтаа эхлүүлсэн. 2011 оны долдугаар сард экспортод гаргахад бэлэн болсон.

Эхлээд би Засгийн газрын шахаа байсан гэж хэлнэ. Хоёр нам нэгдээд Хүний хөгжлийн сангаас иргэдэд мөнгө өгнө гээд амлачихсан. Хүний хөгжлийн сан, Төсвийн хуулийг батлаад төрийн өмчийн компаниудад мөнгө босгох үүрэг даалгавар өгсөн.

УИХ-ын гишүүдээс 30 гаруй нь дуудаж уулзаж, гуйж байсан. Хүн ажилд авах гэх мэт асуудлаар уулзаж байж. Нэрсийг бол олон жил өнгөрсөн учраас мартсан байна.

“Тавантолгой”-н ордын Зүүн цанхи дээрээс нүүрс гаргахад бэлэн болсон байсан учраас том гэрээ хийх хэрэгтэй болсон. Их хэмжээний урьдчилгаа төлбөр хийх үүднээс Чалкотой тунаж үлдсэн. 250 сая ам.долларыг дөрөв хуваан авч, төлбөрийг нүүрсээр хийх гэрээ хийсэн. 250 сая ам.долларыг жилийн гурван хүүтэй авсан. 250 сая ам.долларыг 2012 оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл төлж дуусах байсан. Намайг ажлаа өгөхөд 165 сая ам.долларыг нүүрсээрээ төлчихсөн байсан. 2012 оны гуравдугаар сард 100 сая ам.долларыг нэмж авсан. Үүнийг 5.2, хэрвээ шахуу авбал 7.1 хувийн хүүтэй авахаар гэрээ хийсэн. Энэ илүүц зүйл болсон гэж тухайн үедээ бид компанийнхаа түвшинд дургүйцэж хүлээж авч байсан. Гэхдээ Засгийн газрын шийдвэр учраас авч өгсөн.

Надаас хойш ажил зогссон. 2011 оны сүүлээр дөрөвдүгээр давхаргын нэг сая тонн нүүрсийг суурь болгоод 70 ам.доллароор зарна. 2011 оны сүүлээр үнэ өссөн. 2012 оны зунаас үнэ унаад 67 ам.доллар болсон. Үнэ буурсан учраас компанид гачигдал үүссэн байх.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Гурван сайд, нэг компанийн захирал сууж байна. Та нар Чалко компанитай байгуулсан гэрээнд ямар холбоотой хүмүүс вэ. Энэ гэрээний үнийн зөрүүнээс “Эрдэнэс Тавантолгой” ХК 422 сая ам.долларын хохирол амссан байна. Хүү бас их өндөр байна. Анх 70 орчим ам.доллароор нийлүүлж байсан байна. Гэтэл тогтмол үнэ нь буурч байж.

Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: Сайд нар гэрээ хэлэлцээр хийдэггүй. Хоёр аж ахуйн нэгжийн хооронд хийгддэг. Яаж холбогдоод энд сууж байгаагаа сайн ойлгохгүй байна. Үнэ зах зээлийн нөхцөл байдлаас хамаараад нэг өсөөд, нэг буураад явдаг. Өндөр үнэтэй байхад хийсэн гэрээ сайн гэрээ. Б.Энэбиш захирлын тайлбараас сонсоход үнэ өндөр байхад гэрээ хийсэн юм байна. Дараа нь унаад эхлэх үед гэрээнийхээ нөхцөлүүдийг ашиглаж чадаагүй юм байна гэж ойлголоо.

Сангийн сайд асан С.Баярцогт: Намайг яагаад энэ асуудалтай холбогдуулж дуудсаныг ойлгохгүй байгаа. Гэхдээ төрийн байгууллагаа хүндэтгээд хүрээд ирсэн. 2006 онд Ашигт малтмалын тухай хуулийг шинэчилж баталсан. Үүнтэй холбогдуулаад стратегийн 16, стратегийн ордод ойрхон 34 ордыг баталсан. 2008 онд байгуулагдсан хамтарсан Засгийн газар 40 дүгээр тогтоол гэж гаргаад Оюу толгой болон Тавантолгойн ордыг ашиглах удирдамжийг баталж өгсөн. 2010 оны долдугаар сарын 7-нд “Эрдэнэс Тавантолгой”-г байгуулах тогтоолыг УИХ баталсан. 2010-2016 онд Хүний хөгжлийн сантай байсан. Энэ сангийн төсвийг УИХ-ын хуулиар жил бүхэн төсөвтэй хамт баталдаг байсан. Сангийн зарлагыг хуулиар баталдаг байсан. Орлого нь стратегийн 16 ордоос үйл ажиллагааны орлого, АМНАТ, татварын урьдчилгаа, урьдчилгаа зээл зэргээс бүрдүүлэхээр заасан байсан. “Эрдэнэс Тавантолгой” хоёр удаа тодорхой хэмжээний орлогыг бүрдүүлж байсан. Яг өнөөдрийн яригдаж байгаа гэрээнд Засгийн газар, Сангийн яам, Сангийн сайд оролцдоггүй. Аж ахуйн нэгжийн хооронд хийгддэг гэрээ.

https://www.facebook.com/plugins/video.php?height=476&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fitoim%2Fvideos%2F329310956657677%2F&show_text=false&width=476&t=0

Эрдэс баялаг эрчим хүчний сайд асан Д.Зоригт: Тавантолгойн орд газрыг ашиглах эрх гаднын компанид байсан. 1999 онд гаднын компаниуд хаяад гараад явахад нь үндэсний аж ахуй нэгж ашиглах эрхийг нь аваад 10 гаруй жил хадгалж байгаад төрдөө буцааж өгсөн байдаг. 2008 онд сонгууль болоход төрдөө буцаж ирсэн ордыг хэрхэн ашиглах, ямар байдлаар ард иргэддээ үр шимийг нь хүртээх вэ гэдэг маш том хэлэлцүүлэг улс орны хэмжээнд явагдсан. Үүний үр дүнд хоёр нам эх орны хишиг 1.5 сая өгнө гэж амлалт өгөөд хамтарсан Засгийн газар байгуулсан. Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт эх орны хишиг хувь өгнө гэдэг заалт орсон. Жил бүхэн УИХ-аас Засгийн газраас үүрэг өгч, тогтоол баталдаг байсан. Энэ тогтоолыг хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газар ажилласан. С.Батболд Ерөнхий сайдын ахалсан Засгийн газар анх удаа 1.5 сая төгрөг болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааг ард иргэддээ өгсөн. 1.5 сая төгрөг бол тухайн үеийн ханшаар 1100 ам.доллар өнөөдөр дөрвөн сая гаруй төгрөг.

•     •     •

12.15 цаг

УИХ-ын хянан шалгах түр хорооны Нүүрсний хэрэгтэй холбоотой хоёр дахь сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдрийн сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаатай холбоотой зургаан сэдвээр нотлох баримтыг шинжлэн судлах бөгөөд энэ хүрээнд 51 гэрчийг дуудсан байна.

1.      Борлуулалтын үйл ажиллагаа, нүүрсний гэрээний үнэ тогтолтын талаар;

2.      “Чалко Трейдинг ХонгКонг”-тай байгуулсан гэрээний талаар;

3.        Нүүрс баяжуулах үйлдвэр (10 сая.тн/жил);

4.      Газрын тос дамжуулах хоолой;

5.      Уулын ажлын төлбөрийн хүрээнд байгуулсан нүүрс худалдах, худалдан авах гэрээнүүдийн талаар;

6.       Бусад гэрээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн 2011 оноос хойш нүүрсний борлуулалтын гэрээний үнийг хэрхэн тогтоож байсныг шинжлэн судалжээ.

Шинжээчийн дүгнэлт: Тавантолгойн уурхайгаас Цагаан хад дахь талбай хүртэл 230 км газарт нүүрсийг тээвэрлэхэд нэг тонн тутамд 10-14.2 ам.долларын тээврийн зардал гардаг. Харин Цагаан хад дахь талбайгаас Гашуунсухайт боомт хүртэл 20 км газарт нүүрсийг тээвэрлэхэд нэг тонн тутамд 28-121.8 ам.долларын тээврийн зардалтай.

Нийт нүүрсний борлуулалтын гэрээний сарын дундаж үнийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тухай бүр мөрдөгдөж байсан үнэ тогтоох аргачлалын үнэтэй харьцуулан нийт гэрээний үнийн зөрүүг тооцоход ойролцоогоор 826.4 сая ам.долларын гарахаар байна. Энэ бол алдагдсан боломж.

Шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав.

Түр хорооны дарга, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр: 2015 он хүртэл Ганц модны үнэ 60-100 орчим ам.доллар байсан байна. Эрдэнэс Тавантолгойн гэрээний үнэ 30-50 ам.долларт хэлбэлзэж байсан байна. Яагаад ийм бага үнээр явж байсан бэ. Энэ үнийг яаж тогтоож байсан бэ?

“Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга асан Ч.Сайнбилэг: Би 2013 оны наймдугаар сард ТУЗ-ийн дарга болсон. Энэ оныхоо есдүгээр сард “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн дарга болсон. Намайг ажиллаж байхад уурхайн үйл ажиллагаа маш хүнд байдалд байсан. Олборлолт хийдэг компани нь ажлаа хаяад зогсчихсон, ажил явдаггүй, ганц нэг машин нүүрс гаргахаар Чалкогийн өрөнд явдаг байсан. Мөнгө орж ирэхгүй болохоор компани үйл ажиллагаа явуулж чадахгүй байдалд байсан. Нүүрс борлуулах гэрээний үнийг ТУЗ огт мэдэхгүй. Харин гэрээт олборлогч, өмч хөрөнгөө үнэ төлбөргүй шилжүүлж байсан тухай бол надад их мэдээлэл байна.

Намайг ажил авахад Чалко компанийн өрийг төлөх асуудал байсан. Гэрээнд зөвхөн зүүн цанхийн нүүрсээр төлнө гэж байсан ч олборлох компани нь ажлаа хийдэггүй, маш дампуу байсан. Анх компани өөрсдөө маш хямдаар олборлолт хийж байсан юм билээ. Гэтэл 2013 онд гаднын гэрээт олборлогч оруулж ир гэдэг шаардлага тавьсан юм байналээ.

ТУЗ компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдоггүй. Гүйцэтгэх удирдлагууд мэднэ.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь: Би 2012 оны аравдугаар сард томилогдож байсан. Тэр үед зөвхөн зүүн цанхийн уурхай ажилладаг. Нүүрсийг Чалкогийн өрөнд өгч байсан. Энэ маягаар жил гаруй явсан. Чалко авах нүүрснийхээ гэрээний үнийг сар бүхэн тодорхойлдог байсан. Харамсалтай нь тухайн үед үнэ тогтмол унаж байсан. 70 ам.доллар байсан нүүрсний үнэ жилийн дараа 20 гаруй ам.доллар болж байсан. Цагаан хад хүртэлх тээвэр 20 ам.долларт багтдаг байсан. Ганц модноос цааш богинын тээвэр 10 ам.доллар байсан. Цагаан хад дээр их алдагдал хүлээдэг. Нүүрсний хорогдол их гардаг. Хятадын хэдэн компани ачиж буулгасан нэртэй ашиг хийгээд байж байдаг. Би хувьдаа үүнийг хаах ёстой гэж боддог.

Борлуулалтын хэлтсийн дарга асан Батмэнд: Би 2013 оны аравдугаар сард томилогдож байсан. Тухайн үед компанийн борлуулалт Чалкогоос болоод үндсэндээ зогссон байсан. Худалдан авалт байхгүй. 2011 онд 17 хувийн өсөлттэй ажиллаж байсан юм билээ. Ингээд 2012-2016 онд бууралттай ажилласан. 2015 онд бараг зогсох шахсан. 2016 оны хоёрдугаар улирлаас нүүрсний үнэ өссөн. Бид үнээ тогтоож чаддаггүй байсан. Чалкогийн хүсэлтээр л зарж байсан. Үүнийг зохицуулах гэж олон удаа очиж уулзаж байсан.

Тэр үед нүүрсний үнэ үнэхээр уналттай байсан. Компаниуд дээр хадаг барьж очих нь холгүй нүүрсээ борлуулж байсан. Түүнээс өнөөдрийнх шиг өөрсдөө орж ирээд авдаггүй байсан.

УИХ-ын гишүүн Г.Ганболд: 2021 онд Ганц мод боомтод нүүрсний үнэ 400 ам.доллар хүрсэн байхад яагаад ЭТТ ХК-ийн нүүрсний үнэ буураад байсан бэ?

ЭТТ ХК-ийн  Борлуулалтын хэлтсийн дарга Б.Серкажан: Би ЭТТ ХК борлуулалтын албанд 2011 оноос хойш ажиллаж байна. 2021 онд Ганц боомтод нүүрсний үнэ 437 ам.доллар хүрч байсан.  Тухайн үед ЭТТ ХК-ийн ТУЗ-ийн тогтоолоор нүүрсний үнэ тогтоох аргачлал баталсан. Энэ аргачлалаар улирал тутамд нүүрсний үнэ өөрчлөгддөг байсан. Ингэснээр манай нүүрсний үнэ 101.7 ам.долларт хүрсэн байдаг. Г.Ганболд гишүүний хэлсэнтэй саналтай нийлж байна. Богинын тээврийн үнэ маш их нэмэгдсэн байсан. Тухайн үед Ганц мод боомтын хилийн нэвтрэлт нэлээд муудсан байсан. Өмнө нь өдөрт 1000 машин гардаг байсан бол 100 болж буурсан. Үүнээс болж тээврийн зардал 325 ам.долларт хүрч байсан.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Нүүрсний үнэ тогтоохыг Засгийн газар шийддэг юм. Засгийн газар 2007 оноос эхлээд 10 орчим удаа өөрчилсөн байна. Нэг бол аман нөхцөлтэй эсвэл жишиг үнэ тогтоодог. Жишиг үнэ тогтоовол татвар өндөр байдаг. Миний тооцооллоор ЭТТ-н нүүрсний үнийн алдагдал 1.4 тэрбум ам.доллар болж байна. ЭТТ 100 хувь төрийн өмчит компани. Засгийн газрын шийдвэрийг харгалзаж үздэг байсан уу. Эсвэл өөрсдөө сайхан үнээ тогтоогоод шийдчихдэг байсан юм уу. ЭТТ-н удирдлагууд ирээгүй байх шиг байна. Энэ асуултад хариулж өгнө үү.  2021, 2022 онд нүүрсний үнэ дээд цэгтээ хүрч байсан үед хамгийн том хулгай явсан. Богинын тээвэр 400 ам.доллар болсон нь хулгай.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: ЭТТ ХК нүүрсний үнээ бага тогтоосноор 826.4 сая.ам долларын алдагдал үүсгэсэн гэж үзээд байна. Та 13 жил шнэ тогтоол дээр ажилласан байна.  Үүнтэй санал нийлж байна уу?

ЭТТ Борлуулалтын хэлтийн дарга Б.Серкажан: Манай компанийн уурхайн амнаас нүүрс авч буй долоон гэрээтэй компани байгаа. Тэд бусад своп гэрээтэй компаниас хөнгөлөлттэй үнээр нүүрс авдаг. Өнгөрсөн хугацаанд 120 сая тонн нүүрс худалдсан. Үүнээс 60 сая тонн нүүрсийг дээрх долоон компанид худалдсан. Тиймээс энэ алдагдал, үнийн зөрүүтэй санал нийлэхгүй байна. Манай компани зах зээлийн үнээр нүүрс борлуулдаг.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *