Л.Бямбадолгор: Ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээний яриа хэлэлцээ дуусаагүй байгаа учир сайдын ирэх хугацаа хойшилсон

0

Монгол, Францын Засгийн газрын хооронд Дорноговь аймагт хэрэгжиж буй ураны томоохон төслийн хөрөнгө оруулалтын гэрээ хийгдэхээр хүлээгдэж буй. Тэгвэл Францын талын төлөөллүүд Монгол Улсыг зорин ирсэн ч манай тал хүлээж аваагүй гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд өчигдөр тархав.

Энэ талаар “Бадрах Энержи ” ХХК ийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Л.Бямбадолгортой холбогдож дараах мэдээллийг тодрууллаа.

-Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаар ирсэн Францын талын зочдыг хүлээж аваагүй гэх мэдээлэл гарлаа. Энэ талаар тодруулаач?

-Энэ бол худлаа мэдээлэл. Угтаа 12 дугаар сарын 20- нд гэрээ байгуулах төлөвлөгөөтэй байсан тул Францын Засгийн газар Гадаад худалдааны сайдаа байлцуулах төлөвлөгөөтэй байсан нь үнэн. Гэхдээ гэрээний яриа хэлэлцээ хараахан дуусаагүй байгаа тул сайдын ирэх асуудал хойшилсон. Өнөөдөр (өчигдөр) ажлын хэсэг яриа хэлэлцээгээ үргэлжлүүлээд явж байна.

-Францаас Монгол руу өчигдөр төлөөлөгчид нислэг үйлдээгүй гэж ойлгож болох уу?

– Өчигдөр / уржигдар / манай Уул уурхайн группийн удирдлага ирсэн. Ажлын хэсэгтэй уулзаад яриа хэлэлцээндээ ороод явж байна. Ажил хэвийн л явж байна. Яагаад ийм мэдээлэл гарсныг ойлгохгүй л байна.

– Тэгвэл хөрөнгө оруулалтын гэрээ хэзээ товлогдох төлөвтэй байна вэ?

-Ураны салбарт хийгдэж байгаа анхны хөрөнгө оруулалтын гэрээ, шинэ салбар, шинэ технологи учир хоёр тал шаардлагатай хугацаандаа ярьж ойлголцох нь зөв гэсэн байр суурьтай байгаа. Үндсэн зарчим протоколоор тохирсон байгаа. Олон арван жил үргэлжлэх төслийн тогтвортой байдлыг хангах нь нэн чухал.

Монгол Улсын хүчин төгөлдөр хуулийн дагуу, хоёр талд харилцан ашигтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж чадна гэдэгт итгэлтэй байна. Нэмж хэлэхэд, яриа хэлэлцээнд орж байгаа Монголын Засгийн газрын төлөөлөл ойрын хугацаанд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хүсэл эрмэлзлээ илэрхийлэн ажиллаж байгаа. Хамтарсан төслийн хөрөнгө оруулалтын гэрээ олон нийтэд ил байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *