Ц.Даваасүрэн: Эрдэнэтийн 49 хувийг алдчих шахсан, тиймээс Тавантолгойн хувьцаа өгөх асуудалд анхааралтай хандах хэрэгтэй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн байгалийн баялгийн үр өгөөжөөс иргэн бүрд тэгш хүртээх боломжийг олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор уг тогтоолын төслийг Засгийн газраас яаралтай горимоор УИХ-д өргөн барисан. Тогтоолын төсөлд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 34 хувийг Монгол Улсын иргэн бүрд эзэмшүүлэх, 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн иргэд, ирээдүйд төрөх хүүхдүүд болон Монгол Улсын харьяатад орсон иргэдэд хувьцаа эзэмшүүлэх асуудлыг зохицуулахаар туссан. 2012 оноос өмнө төрсөн 2.5 сая иргэн одоогоор хувьцаа эзэмшиж байгаа. Мөн 1072 хувьцааг эзэмшиж байгаад зарим хэсгийг, эсхүл бүхэлд нь худалдсан, суутган тооцуулсан Монгол Улсын иргэд хүсэлт гаргасан тохиолдолд нэрлэсэн үнээр нь буюу нэгж хувьцааг 933 төгрөгөөр буцаан худалдан авах боломж бүрдүүлэх зохицуулалтыг тогтоолын төсөлд оруулсан. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 34 хувийг иргэдэд эзэмшүүлэх асуудал төсөлд тусгасан байна. Энэ асуудлын хүрээнд гишүүд байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд Ц.Даваасүрэн:
-Эрдэнэс Тавантолгой компанийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх асуудал нь чухал асуудал. Экспортын орлогын 60-70 хувийг бүрдүүлж байна. Энэ оны эхний 11 сарын байрдлаар 7.8 тэрбум ам.долларыг дангаараа төсөвт оруулсан байна. Энэ нь төсвийн орлогын ихэнхийг бүрдүүлж байна гэсэн үг. Хэрэв бид 2016 онд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 49 хувийг БНХАУ-ын Шинхуа компанид хувьчилъя гээд хоёр удаа оруулж ирэхэд нь хувьчилсан байсан бол өнөөдөр энэ компанийн тал нь байхгүй байна гэсэн үг. Тэгэхээр бид энэ түүхээ эргэж харах хэрэгтэй юм.
Харин ч эхэлж оруулж ирэхэд нь 2015 онд З.Энхболд аварч үлдсэн юм. Хоёр дахь удаагаа оруулж ирэхэд нь манай намын бүлэг дээр 2016 онд хэлэлцэж, хоёр хүний саналын илүүтэйгээр аварч үлдсэн байхгүй юу. Хэрэв тэр үед “Эрдэнэс тавантолгой” ХК-ийг хувьчилсан бол өнөөдөр төсвөө хоёр дахин тэлж, цалингаа нэмэх боломжгүй байлаа. Тиймээс “Эрдэнэт” үйлдвэр, “Эрдэнэс Тавантолгой” зэрэг стратегийн ордуудыг иргэдэд эзэмшүүлэх асуудал байж болохгүй. Харин хувьцаа өгөх асуудал байж болно. Гэхдээ тэр хувьцаа нь хаалттай байх ёстой. Ногдол ашиг өгдөг, арилжаалагддаггүй хаалттай хувьцаа байх хэрэгтэй. Тэгэхгүй бол нөгөө орлого багатай иргэд маань явц дундаа хувьцаагаа зардаг байвал, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцаа хэнд ч очиж мэдэх юм.
Манай улсын эдийн засаг жижиг. Стратегийн ордууд төрийн өмчит байх ёстой. Эрдэнэтийн 49 хувийг алдчих шахсан. Тиймээс маш болгоомжтой хандах ёстой шүү.