О.Цогтгэрэл: УИХ-ын сонгуулийн санал авах өдөр нь баасан гараг байгааг дэмжихгүй
“Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг чуулганаар хэлэлцэв. Чуулганы Пүрэв гарагийн (2023.12.21) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын тус тогтоолын төслийг хэлэлцэх үеэр Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг нэг хоногийн завсарлага авсан юм.
Завсарлагын хугацаа дууссан бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Хуралдаанаас завсарлага авах” гэсэн 15 дугаар зүйлийн 15.2-т “Нам, эвслийн бүлгийн дарга, эсхүл түүнийг албан ёсоор орлож байгаа гишүүн энэ хуулийн 15.1-д заасны дагуу завсарлага авахдаа завсарлага авах үндэслэл, хугацааг тодорхой хэлж, энэ талаар хуралдааны тэмдэглэлд тусгуулна” хэмээн заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл санал хэллээ.
Тэрбээр “Улсын Их Хурлын сонгуулийн санал авах өдөр нь баасан гараг байгааг дэмжихгүй байгаа учраас зөвшилцөхөөр завсарлага авсан. Улсын Их Хурлын сонгуулийг шинэ тогтолцоогоор явуулах гэж байна. Иргэд төрөө сонгон байгуулах үйл хэрэгтээ оролцох бололцоог бүрдүүлэх үүднээс санал өгөх өдрийг баасан гаргаас өөр ажлын аль нэг өдөрт шилжүүлэх нь зүйтэй. Төр барих эрхээ шилжүүлэх сонгуульдаа иргэд оролцох, иргэдийн сонгуулийн ирц өндөр байх нь зүй ёсных гэж үзсэн. Тиймээс холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн завсарлагын хугацааг гурав хоногоор сунгуулах хүсэлтэй байна” гэв.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Хуралдаанаас завсарлага авах” гэсэн 15 дугаар зүйлийг үндэслэн завсарлагын хугацааг гурав хоногоор сунгахаар Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар шийдвэрлэв.