Сангийн сайд Б.Жавхлан Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

0

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийг төслийг өнөөдөр (2023.12.22) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв.


Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо хариуцсан боловсруулахаар тусгасан байдаг.

Иргэдэд өмчийн хуваарилалтыг оновчтой хийх тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Улсын Их Хурал 1994 онд Үнэт цаасны тухай анхны хуулийг баталж, зах зээлийг зохицуулж, хяналт тавих Үнэт цаасны хороог байгуулсан. Хөрөнгийн зах зээл дэх олон улсын болон дотоод орчны хурдацтай өөрчлөлтийн улмаас шинээр хөгжиж буй санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх, хэрэглэхтэй холбогдсон харилцааг зохицуулах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх үүднээс 2002, 2013 онд хуулийг шинэчлэн баталжээ.

Хуулийн төсөлд, 

-Хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх, түүний эрх зүйн орчныг бий болгох зорилгоор үнэт цаасны зах зээлийн зохицуулалтын хүрээг өргөтгөж, биржийн болон биржийн бус зах зээлийг ялгаатайгаар тодорхойлох,

-Мэргэжлийн, урт хугацаат хөрөнгө оруулагчдыг хөрөнгийн зах зээл дээр бий болгох, тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хамтын болон хувийн хөрөнгө оруулалтын сангийн зохицуулалтыг ялгаатай тогтоох, хувийн хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааг дэмжих орчныг бүрдүүлэх,

-Олон улсын жишгийн дагуу үнэт цаас гаргагчийн нийтэд санал болгон анх удаа болон нэмж үнэт цаас гаргах ажиллагааг андеррайтерын компаниар дамжуулан зохион байгуулах замаар нийтэд санал болгон үнэт цаас гаргах ажиллагааг хялбар болгох, зардал, өртгийг бууруулах, анхдагч зах зээлийн арилжааны шимтгэлгүй болгох, андеррайтерын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, хөрөнгийн зах зээлд чанартай бүтээгдэхүүний тоог өсгөх,

-Монгол Улсын хөрөнгийн зах зээлд үнэт цаасны арилжааны дараа төлбөрт горим, төлбөрийн эсрэг нийлүүлэлтийн зарчмыг нэвтрүүлсэнтэй холбоотойгоор төлбөрийн чадваргүйдлийн эрсдэлийг удирдах, зах зээл дээр шинээр бий болох клирингийн гишүүн, төлбөрийн баталгааны сан, төлбөр тооцоог эцэслэх, үнэт цаасны болон мөнгөн хөрөнгийн номинал данстай холбогдох зохицуулалтыг тусгах,

-Хөрөнгийн зах зээл дээр технологийн дэвшилд суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх, энэ хүрээнд зохицуулалтын туршилтын орчин үүсгэх эрх зүйн орчныг нээлттэй болгох,

-Хөрөнгийн зах зээл дээрх кастодиан банкнуудын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, номинал дансанд өмчлөх эрхийн бүртгэлийн баталгаажуулалт харилцагчийн хөрөнгийг хадгалах, хамгаалахтай холбоотой зохицуулалтыг тодорхой тусгах,

-Хөрөнгийн зах зээл дэх өөрийгөө зохицуулах байгууллагуудын төрлийг ялган тэдгээрийн эрх, үүргийн хүрээг тодорхой болгож, чиг үүргийн давхардлыг арилгах,

-Хувьцаат компаниудын мэдээллийн ил тод байдал, компанийн засаглалыг сайжруулах, хувьцаа эзэмшигчдийн эрхийг эдлүүлэх, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зохицуулалтыг нэмж тусгах,

-Хувьцаат компаниудын гаргасан шийдвэрийн дагуу хийгдэх компанийн үйл ажиллагааны мэдээллийн урсгалыг тодорхой болгож, хувьцаа эзэмшигчдийг тэдгээрийн шийдвэрт нөлөө бүхий мэдээллээр цаг тухай бүр хангах нөхцөлийг бүрдүүлэх, 

-Хөрөнгийн зах зээлтэй холбоотой харилцааг зохицуулсан хууль хоорондын уялдаа холбоог сайжруулж, шаардлагатай зарим давхардал, зөрчил, хийдлийг арилгах зэрэг нарийвчилсан зохицуулалтыг тусгасан байна.

Хуулийн төсөлд холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудаас 300 гаруй саналыг бичгээр ирүүлсэн бөгөөд 90 орчим хувийг нь хуулийн төсөлд тусгажээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.  

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *