2023 оны тойм: “Аутист” улстөрч

0

Үгийн тайлбар: Сүүлийн жилүүдэд улстөрд аутист гэдэг нэр томъёо хэрэглэгдэх болсон талаар судлаач Рубин Кэшэрин бичжээ. Олон нийтэд ойлгогдох чадвар сул ч бие даасан, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг, аль ч талд хэтийдэн нэгдэж давхидаггүй зэрэг онцлогтой улстөрчдийг ингэж тодорхойлох болжээ.

Сонгуулийн жилийг угтсан оны төгсгөл улс төрийн олон халуун үйл явдал дунд буцалж байна. Өвөлдөө хүнд Монголын амьдрал хийгээд иргэдийн уур бухимдал, сошиал шүүмжлэл ч дээд цэгтээ тулаад буй эдгээр өдрүүдэд гал алдах өндөр эрсдэл дунд мэрийж, мачийж явах нигууртай нь улстөрчид, тэр дундаа эрх баригч намынхан. Тэр тусмаа төрийн гурван өндөрлөг.

Өнөө цагийн улс төрд нэг бол хэт мандан бадардаг. Эсвэл муулуулж, чичлүүлсээр сандал суудлаа өгдөг, бүр намын гишүүнчлэлийн асуудал нь ч хөндөгддөг. Ийм хоёр туйлт гэмээр ертөнцөд дундыг баримтална, гал алдахгүй байна гэдэг анхаарал татахаас аргагүй дүрийн үүтгэл. Харин дээхэн чуулганы хуралдааны үеэр цаасан дээр буу зурж зүггүйтсэн, сүүлийн үед сахал тавьж дэгжирхсэн, “Инстаграм” орчинд рийлс бичлэг хийж “Хон Гил Дон”-дсон зэргээс бусдаар асар гүнзгий нюансууд дунд чимээ имээгүй оршиж, ажлаа явуулж, улс төрд нэгэн шинэ “аутист” зангарга бүтээж буй нь УИХ-ын дарга Г.Занданшатар юм.

Харин мөр хөөж үзвэл өнгөрч буй 2023 оны хамгийн бүдэг хийгээд тод дүр бүхий улстөрч нь тэр байв. Хөгжлийн банкны, нүүрсний сонсголын гол суурь, сонгуулийн холимог тогтолцоо, 126 гишүүнтэй парламент, дижитал шилжилтүүд гээд онцлох үйл явдал, улс төрийн шийдвэр, системийн шинжтэй өөрчлөлтүүдэд тэр оролцов. Нөгөө талаар, гүн ойлголцолтой юм шиг мөртлөө нэг нэгийнхээ хаяаг хадрах Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын дунд тэр яг нэг цэгт зогсов. Нөгөө хоёр өндөрлөгөө дунд нь чигч холбож байв. Энэ утгаар нь 2023 оны онцлох улстөрчөөр Eguur агентлаг Г.Занданшатарыг нэрлэж байна.

Хөгжлийн банк, нүүрсний сонсголын хуулийн автор

Тэр бусад шиг сошиалд пост тавиад байхгүй, аливаа асуудалд өөрийгөө хамгаалах гэж улайран зүтгэхгүй. Тэгж хэлсэн үгэндээ ороогдохгүй. Харин алх цохидог ширээнийхээ ард суух үедээ “Угтаа наадах чинь ийм байсан шүү. Автор нь тэндээс эхтэй. Зорилго нь тийш чиглэж байгаа. Эргээд нэг бодоорой, бодолтой байгаарай” гэсэн үг чангахан бувтначихдаг.

Ийм үгсээс нь сая нүүрсний хулгайн гэх хэрэг дээр “ажилласан” сонсгол нь Г.Занданшатарын үед хийсэн УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд суурилдгийг, олон нийтийн оролцоог цахим хэлбэрээр хангах дижитал парламентын шинэчлэл бас эхэлснийг, энэ парламентын нэгэн зорилго, зорилт болсныг нэг үгээр мэдэж авдаг. Эсвэл эргэн санадаг.

2021 онд УИХ-ын дарга Г.Занданшатар санаачилснаар УИХ-ын хяналт, шалгалтын тухай хууль батлагдаж байв. Ард түмний төлөөлөл болсны хувьд парламентын гишүүд аливаа мэдээлэлд нэвтэрч чаддаггүй, гар хоосон, нүд сохор сууж болохгүй. Харин энэ хуулийн хүрээнд тодорхой сэдвээр хянан шалгах түр хороо байгуулагдаж, судалж, тайлангаа тавьдаг, түүнээс цаашид ажиллах зорилго, чиглэлээ тодорхойлдог болсон. Энэ суурин дээр хавар Хөгжлийн банкны, өвөл нүүрсний сонсгол боллоо. Сонсголыг удирдсан, зохион байгуулсан ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр, хуралдаан дээр үг хэлж, асуулт асуусан Т.Доржханд, Д.Ганбат нарын сулдаа ганхах гишүүдийн нэр нүүр энд яригдаад өнгөрнө. Харин Г.Занданшатар “Миний хуулиар сонсгол болсон. Сонсголыг сайн хий, үр дүнтэй болго” ч юм уу, “Сонсголоор олон нууц ил боллоо, бид чадлаа” мэтийн пиар хийгээд байсангүй.

Хүний эрх, жендерийн мэдрэмжийг манлайлах дүр

Нүүрсний сонсголын өмнө Г.Занданшатар бас иргэн Д.Мөнх-Эрдэнийг хорих ангид эргэж очив. “Д.Мөнх-Эрдэнийг сулла”, эсвэл “Тэр худал мэдээлэл зориуд түгээж байна. Эдлэх ялаа эдлээд гараг” гэсэн олон талын яриан дунд тэр зүгээр л очоод эргэчихэж байгаа юм. Ингэснээрээ, хүн нь хэн байхаас, юу хийснээс эс хамааран, хүн л бол хүн юм, хүний эрхийг дээдлэх ёстой юм гэдгийг парламентын тэргүүний хувьд хялбархан илэрхийлчихсэн.

Хүний эрхийн Үндэсний комисс бол Г.Занданшатарын харьяа байгууллага. Байн байн хүний эрхийн тайланг хэлэлцүүлж, даргын томилгоонд нь бас анхаарч, чуулганы хуралдаанууд дээр хүний эрхийг дээдлэх бол хөлбөрөлтгүй чухал зорилт гэж дуугарсаар ирэв.

Хүний эрх гэснээс, тэр бас жендерийн мэдрэмжтэй улс төрч. Эмэгтэй парламентчдын чуулга уулзалтыг зохион байгуулж, энэ агуулгаар гадаадын зочид төлөөлөгчдийг урьсан. Цаашид дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монголд зохион байгуулагдахаар болоод байна.

E биш D тодотголтой шинэчлэлд анхаарсан улстөрч

Бас нэг анзаарууштай юм. Бид нар “Цахим шилжилт” гэж л яриад байдаг. Угтаа E тодотголтой шилжилт гэж дэлхийд байхгүй гэдгийг эрдэмтэд хэлж байгаа. Учир нь E буюу электроник гэдэг тодотгол 2000-аад оны эхэн үед хэрэглэгдээд дууссан. Одоо бүх юм электрон буюу цахим хэлбэрт шилжчихээд байна. Харин дижитал шилжилт гэж ярьж, бичиж, тодорхойлох ёстойг салбарын учир мэдэх хүмүүс ярьдаг. “E-Mongolia” гэсэн давлагаан дунд харин “D-Parliament” гэсэн нэр томъёо гарч ирсэн. Тэр нь чуулганы нээлт, хаалт бүрд Г.Занданшатарын онцолдог, иргэдийн оролцоог хангасан дижитал парламентын систем юм. Энэ системээр саяхан даа, НӨАТ-ын буцаан олголтын хэмжээг 5 хувь болгох санал асуулга эхлүүлсэнд зургаан хоногийн дотор 100 мянган иргэн оролцсон.

“D-Parliament”-ийн хүрээнд бас өргөн барьсан ба боловсруулж байгаа хуулийн төслүүдтэй хэн ч ороод танилцах боломж бүрдсэн. Тэнд л хэдэн хүмүүс хууль батлаад суудаг, өөрсдийг нь сонгосон иргэд нь болохоор батлагдсан хойно нь л дуулдаг тэр дүр зургийг энэ шинэчлэл өөрчлөх юм. Хэн, ямар хууль өргөн барьсан, тэр нь өдгөө ямар шатанд явааг “D-Parliament”-аас харж болохоос гадна санал өгч болно. Иргэдийг мэдээллээр  хангана, эргээд өөрсдийнх нь санал бодлыг тусгана гэдэг концепцыг УИХ-ын даргын хувьд тэр голчлон бүрдүүлэв.

Гурван удаа Үндсэн хууль өөрчлөхөд гол холбогч

Хяналт, шалгалтын тухай хуулиар сонсголууд болоод л, “D-Parliament” буй байдлаараа тогтолцооны болоод хандлагын өөрчлөлт рүү чиглүүлээд л, хүний эрхийг хамгаалах агуулга спикерээр дамжин мессеж болж түгээд л байвч өнөө цагийн улс төрд хөлөг онгоц нь болох гол суурь бол Үндсэн хуулийн өөрчлөлт байв.

Угтаа Үндсэн хуульд, Г.Занданшатарын үед гурван удаа өөрчлөгдөөд байна.

Эхний, 2019 оны өөрчлөлтийн гол авторын нэг нь тэр. Үүндээ дахин тодорхой хугацаанд өөрчлөлт оруулж болохгүй хаалтыг хийж өгсөн. Парламентыг ахалж буйн  хувьд тэр эцэг хуулиа хамгаалж, өөрчлөлтийнх нь үзэл санааны гол илэрхийлэл нь болох ёстой. Гэвч улс төр амар байгаагүй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө МАН-ын дарга болсноор дахин тогтолцооны шинжтэй өөрчлөлтийг хугацаа алдалгүй хийх зорилго өвөртөлсөн. Түүндээ Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох, парламентыг хоёр танхимтай болгох зэрэг том өөрчлөлтүүд төлөвлөн зурсан гэгддэг. Үүнд нь Ерөнхийлөгчийн ашиг сонирхол хөндөгдөх нь ч тодорхой байсан бөгөөд асуудал удаан яригдсан. Явж явж косметик шинжтэй засвар орсон ч тэр дунд улстөрчдийн ашиг сонирхол, ирээдүйн зорилго зорилтоос гарах давлагааг аятайхан газардуулж чадсан нь Г.Занданшатар.

Харин сүүлд сонгуулийн тогтолцоог өөрчилж, парламентыг 126 гишүүнтэй болгох дахин нэг өөрчлөлт Үндсэн хуульд орлоо. Зарчмын хувьд ийшээ явах ёстой гэдэг үнэн байсан. 3.5 сая иргэдэд 76 гишүүн цөөндөж буй, сонгуулийн тогтолцоо иргэдийн төлөөллийг эрх тэгш хангаж чаддаггүй гэсэн яриа зөвхөн яриа төдий биш асуудал болон ужгираад байв. Одоо ирэх сонгууль найман тойрогтой, 126 мандаттай, холимог тогтолцоогоор явагдана. Эдгээр бүгдийн ард УИХ-ын дарга Г.Занданшатарын үзэл санааны зорилго хийгээд бусад эрх мэдлүүдийн эрх ашгийг тэнцвэржүүлсэн чадмаг арга барил мөрөө үлдээсэн.

Дунд оршигч-холбогч

Эцийн эцэст Монгол бол парламентын засаглалтай орон бөгөөд тэр ч утгаар аль ч эрх мэдэл элдвийг санаачилсан бай, тэр нь хууль, тогтоол болж УИХ-аар л орох ёстой. Ийм ч болохоор иргэдийн төлөөллүүдийн дарга гэдгээрээ УИХ-ын дарга бол цаасан дээр боловсруулагдсан төслүүдийн давах нэгэн босго нь юм, критерээрээ.

Гэхдээ нөгөө талаас харвал Монгол яах аргагүй хагас Ерөнхийлөгчийн засаглалтай гэж тодотгогддог. Үе үеийн Ерөнхийлөгч нарын түүхийг харахад ч тэд ерөнхийдөө л “эзэн хаан” сууж байв. Улсынх нь ганц саалийн болдог “Эрдэнэт үйлдвэр” улсын Ерөнхийлөгчийн гарт орчихдгоос өгсүүлээд Засгийн газар нь төрийн тэргүүнтэйгээ эвээ олохгүй л асуудал нь хад мөргөөд салдаггүй. Ийм инстүтиц хоорондын мөргөлдөөнтэй.

Одоогийн онцлогоор харахад, нэг аймгийн тодотголтой, МАН-ын үе солигдлын хоёр том дүр, хуурай ах дүүс гэгддэг У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар Засгийн газар, Төрийн тэргүүний суудал суугаа ч салхи нэг л өдөр ширүүсвээс шуудхан гарч мэдэхээр далд нүргээнтэй явж байна. Тэдний дунд спикер зогсоод, “Байзаарай” гэсэн туг өргөж явна. Тэр У.Хүрэлсүхтэй МАН доторх Зүүний хүчний холбоонд эртнээс нэгдэж, анд нөхөд болцгоосон. Гэвч өнөөгийн парламент түүнд таалагдах гэхээс илүү Засгийн газрын, МАН-ын даргын үзэл санаанд нийцсэн агуулгуудыг машинддаг бүтэц болчхоод байна.

Эцсийн чанартаа түүнд бас парламентын амин чанрыг хадгалах, тээх, хамгаалах үүрэг нь бий. Ийм нөхцөлд хааяа аутист мэт царайлж, тэдэндээ манан будан, ойлгоогүй дүр үзүүлж байгаад өөрийнхөөрөө дундуур нь явсан нь ч их харагддаг. Жишээ нь, НӨАТ 5 хувь агуулга.

Парламент шат ахисан, Г.Занданшатар аутист байдлаар ажилласан жилүүд

Г.Занданшатарын амнаас үе үе “УИХ-ын онцгой бүрэн эрх” гэдэг үг унана. УИХ-ыг олонхын саналаар кноп дарж, эрх баригчдын бодсон санасныг цаасан дээр албажуулдаг маягийн байгууллага байх ёсгүйг, зарчмын дагуу хөгжих ёстойг тэр үлгэрлэж буй.

Адаглаад Үндсэн хуулийг өөрчлөхөд том хэмжээний зөвлөлдөх санал асуулга явуулсныг дурдаж болно. Амжиттай болсон эсэхийг нь биш, ямартай ч зохион байгуулсныг нь. “Олноороо хэлэлцвэл буруугүй” зарчим л парламентад хэрэгжих ёстой. Тэр ч утгаар, олон нийтийн санал, хараа хяналтыг бэхжүүлэх бөгөөд эргээд сонгогчдодоо нээлттэй ил тод байх, үүндээ бас хүний эрхийг хамгаалах, жендерийн тэгш байдлыг хангах, нийгмийн төлөөлөл бүрийн дуу хоолойг багтаах орчин цагийн “трэнд”-ийг алдахгүй авч явах өндөр дүүжлүүр шаардлагатай.

Ерөнхийдөө ужгирсан Монголын улс төрөөс парламент гэдэг институц нь (гишүүд нь биш байгууллага нь) арай нэг цэгцтэй, орчин үеийн, үзэмж төдий бус, агуулгын шинжтэй болж өөрчлөгдөж байна. Г.Занданшатар “Би явж байна, Бээжин сууж байна” гэгчээр УИХ-ын даргаар ажилласан таван жилийн хугацаандаа зурсан төлөвлөгөөгөө цэгцтэй урагшлуулсан дүр зурагтай. Юу юугүй шуударчихдаг, тэгээд гал авдаг, тийм зан чанар түүний улс төрөөч харагддаггүй.

Баянхонгор аймгийн Баацагаан сумын хүн эмнэлэгт төрсөн тэр дөрвөн настайдаа шатар нүүж сурч, залуудаа ХААН банкийг рэбрэндинг хийж, Стэнфордын их сургуульд суралцсан зэрэг цойлсон намтруудтай. Хоёр парламент дамнан удирдсан анхны УИХ-ын дарга юм.

Баруунд боловсрол эзэмшсэн гэдэг имижээр улс төр хийдэг, тэр нь нэг их хол явдаггүй ийм цаг үеийг бид туулж байна. Г.Занданшатарыг адаглаад англиар чөлөөтэй ярьдаг гэчихвэл нэг талаар зусар, нөгөө талаар доош нь хийчихэж мэдэхээр тэмдэглэл хэдий ч түүнд боловсрол бол бий.

Нийтлэлийн эхэнд аутист гэдэг үгийн утгыг онцгойлж тайлбарласан нь бас түүнийг буруу ойлголтод хөтлөх вий. Үнэндээ өнөө цагийн хагас галзуу гэмээр үзэгдлүүдийн дунд чимээгүй мөртлөө зөрүүд, алхам алхмаар урагшилдаг, тархинаас нь сайн санаа гардаг ийм хүмүүс эсрэгээрээ ойлгогдож магадгүй. Хэн чанга дуугарсан нь, хэн толгой дээрээ сэлэм эргүүлсэн нь биш, мэргэжлийн боловсон хүчний гол  шинж чанар уг нь тэр юм.

Аутист хүн өөрийгөө бусдад ойлгуулахдаа маруухан. Бусад нь ч түүнийг ойлгохдоо тааруу. Гэхдээ тэр чимээгүй хөдөлмөрлөдөг, зөрүүд гэмээр араншинтай ч бүтээгч нэгэн байж чаддаг. Энэ л утгаар нь УИХ-ын дарга Г.Занданшатарыг ажилд нь, улс төрийн халуун үйл явдлууд, эрх ашгууд дунд мэлгэр, гүлдгэр дүр төрхөөр чадмаг холбогч хийж, нюанс тааруулж явааг нь ийм тодотголоор зүйрлэн онцолж байгаа юм.


2023 ОНЫ ТОЙМ:

2023 онд улстөр, эдийн засагт өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. Үүнд төрийн тэргүүний гадаад харилцааны манлайлал болон ардчиллын үзүүлэлтээс ухрахад нэрмээс болох эрсдэл. Засгийн газрын тэргүүний хүч ах нараа задалж, заримыг нь явуулсан байдал. Том хэргүүдийн бантангийн учрыг олоогүй он дамнуулсан дүр төрх. Мөн энэ онд эдийн засагт том тоонууд өссөн ч, бодит амьдралд өгөөжгүй, иргэдийн хөргөгч хоосон, гэдэс өлсгөлөн хэвээр гэж ёжлол. Оны сүүлээр мега төслүүдээ хэдэн арван жилээр царцаачихсан монголчууд шатахуунгүй, цахилгаангүй зутруу төрх зэргийг онцлов.

-Сонсгол: Б.Энхбаяр хоёр сонсголын ард гарав-

Өнгөрөгч онд Хөгжлийн банкны болоод “Нүүрсний хулгай”-н сонсгол олны анхаарал татав. Сонсголын автор нь Б.Энхбаяр. Хоёуланг нь гардан гүйцэтгэж, ард нь гарав. Парламентын түүхэндээ анх удаа нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол хийсэн нь энэ хоёр. Парламентын хувьд эерэг зүйл, нийтийг хэрсүүжүүлэх том алхам болсон. Гэвч сонслоо, харлаа “хулгайч” нараа тэгээд хэрхэх вэ гэдэгт шийдэлгүй үлдсэн нь бухимдал төрүүлсэн.

Хөгжлийн банк: Хөгжлийн төсөл хөтөлбөр санхүүжүүлэх зорилгоор 2011 онд Хөгжлийн банк байгуулсан. Гэвч 10 жил улс төрийн элдэв нөлөөнд орж, улсыг дампууруулах нөхцөл байдалд хүргэсэн нь. Хяналтгүй тараасан мөнгөө эргүүлж олж авах нь чухал байсан. Хөгжлийн банк байх уу, хэрвээ байвал төсөл хөтөлбөрийн санхүүжилт нь үнэхээр улс төрийн нөлөөгүй явж чадах уу, Монгол Улсын гадаад зах зээл дэх баталгааг хангаж чадах уу гэсэн асуултууд үлдсэн.

“Нүүрсний хулгай”: Улсын хилээр 5.2 сая тонн нүүрс гаалийн бүрдүүлэлтгүй гарсан. Энэ нь 5 тэрбум ам.долларын нүүрсний асуудал. Нийт 3000 жолооч гаргаснаас хамгийн олон удаа гаалийн бүрдүүлэлтгүй хилээр гарсан 20 жолооч, 15 компани гэсэн тоо гарав.

Сонсголын эхний хэсгээр “Ажнай” Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй Өмнөговийн бүлэглэл орон нутгийн жижиг Тавантолгойг цөлмөсөн байдал. ЭТТ ХК-ийн баруун зүүн цанхийн нүүрс олборлолт, хөрс хуулалтад гуравхан том компани их наядаар туйлдаг. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай монгол дахь захирал Э.Оюутцэцэнгийн “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК 3.7 их наядыг, Б.Хишигдоржийн “Хишиг арвин индустриал” 1.4 их наядыг, Б.Чулаанбаатарын “Моннис” нар.

Мөн ЭТТ ХК-ийн 404 их наядын нүүрсний үнэлгээтэй Бортээгийн уурхайг МТАС нэгдэл доорх дөрөвхөн компани 700 тэрбумын тендерээр авчихсан байгаа нь сөхөгдөв.

Нөгөө талаар Б.Ганхуягийг оролцуулсангүй. Харин Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ж.Батбаясгалан, Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат, А.Амундра гэсэн чухал гэрчүүд ирсэнгүй. Тэд сонсголд ирээгүй байдлаараа ялсан баатрууд шиг, нөгөө талаараа толгойг нь илээд хаацайлаад өнгөрч байгаа хэлбэр болон үлдэв.

-Том хэргүүд: Т.Бадамжунайг авч ирсэн ч шүүгээгүй, Н.Удаанжаргал Ч.Сайханбилэг нарыг авлаагүй, Х.Баттулгыг шалгаж чадаагүй-

1. “Нүүрсний хулгай” гэх хэрэгт хамруулан шалгасан албан тушаалтнуудын хэргээс Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарт хамаарах хэрэг л шүүх рүү шилжээд байна. Хэргийн мөрдөн байцаах явцууд маш удаан үргэлжилж, зориуд царцаах чиглэл “дээрээс” өгөгдсөн.

2. Сүр дуулиантайгаар авч ирсэн Т.Бадамжунайн хэрэг нам гацав. Хөшигний ард түүнийг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, “Ажнай” Х.Бат-Эрдэнэ нартай хамтатган шалгах нөхцөл үүссэн гэгдэж байсан. Гэвч Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хамгаалалтад орж, хүн нэрлэлгүй асар удсан. Эрүүгийн хуулийн ЗУРГААН зүйл ангиар ялласнаас ДӨРӨВ нь Ц.Анандбазар гишүүнтэй холбоотой. Т.Бадамжунайн амнаас түүний нэр гарсан гэсэн үг. Хэргийг яаравчлан шийдэж, “Шувуу” ажиллагааны үр дүнг харуулах амбицаас үүдэн Ц.Анандбазарынхыг тусгаарласан. Үүнийг шүүх буруу гэж үзэж, прокурорт буцаагаад буй.

3. “Тавантолгой төмөр зам”-ын захирал асан Н.Удаанжаргалыг олон улс дамнуулан хайж буй ч, ҮАБЗ-өөр нууцын тамга даруулсан Х.Баттулгыг шалгадаггүй нь анхаарал татдаг. Хөшигний ард “ҮАБЗ гэж ярихад хүрвэл тэр үед Ерөнхий сайд байсан У.Хүрэлсүх, спикер Г.Занданшатар нар ч орооцолдож таарна” гэх. Иймд “Голомт”-ын Н.Баясгаланг “шалгахгүй байгаа” гэгдэж буй. Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар хуулийн байгууллагаа “атгаж” байгаа дээрээ ах нараа “шоглох” ажиллагаанууд явуулаад өнгөрөх үү гэдэг асуулт.

4. “Монголын Эль Чапо” хэмээн цоллогдсон “Сахал” Д.Эрдэнэбилэг гадаадад буй. Өдгөө түүний Орхон, Э.Шижир тэргүүтэй залуусыг нь “Дарханы  төмөрлөгийн үйлдвэр”, “Хөтөлийн цемент шохой”, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувиар шүүх гэж буй ч, урьдчилсан хэлэлцүүлгийн шатандаа гацсан. Эрх баригчдад авлигын дагнасан шүүх байгуулж байгаад Д.Эрдэнэбилэг, Т.Бадамжунай, Б.Ганхуяг нарыг шүүх нь сонирхол бий ч, он дамнахаар болов.

5. Хөгжлийн банкны нээлттэй сонсгол УИХ дээрх явагдсаны дараа шүүх хурал нь монголд бараг анхны тохиолдол гэмээр тайзнаас нээлттэй зохион байгуулагдаж байна. Авлигын хэргээ монгол улс хоёр сар гаруй хугацаанд заалнаас шүүсэн удаагүй. 80 хүн шүүгдсэн ч 40 гаруй нь цагаадсан. Үлдсэн нь бага сагахан торгуультай. Б.Мөнхбат, Ч.Отгочулуу нарыг яллаж туг тахиснаас бусад нь амар жимэр өнгөрөв.

Ерөнхийлбөл, том хэргүүд энэ онд шийдэгдсэнгүй. Дараачийн сонгуулийг хүлээх, бүр шалгагдахгүй өнгөрч мэдэхээр. Ногоон автобусны хэрэг, нүүрсний акци, Хөгжлийн банкны зээл, БЗС-гийн зээл, ЖДҮХС-гийн зээл, 60 тэрбумын хэрэг МАН-ыг засаглах хугацаанд сүртэй нэртэй, авлигатай тэмцэх бүлэг хэргүүдийг нээж, хамтарсан ажлын хэсэг гаргаж байгаад пижигнэтэл шалгадаг хэвшил тогтов.

-Төрийн тэргүүний манлайлал: Гадаад харилцаагаа тэлсэн ч, “хаанчлах” замаа сунгах хүслээр ардчиллаас ухрав-

Төрийн тэргүүний манлайлал ямар байв.

Манлайлал: Ямартай ч том гүрнүүдтэй томоохон айлчлалууд тасралтгүй хийж гадаад харилцаагаа үлэмж тэлсэн Ерөнхийлөгч боллоо. ҮАБЗ-ийн тэргүүний хувиар үе үеийн Ерөнхийлөгч нартай уулзаж, ҮАБ, эв нэгдэл, гадаад, дотоод бодлогын асуудлаар үе үеийн Төрийн тэргүүдтэй хамтран ажиллах, зөвлөлдөх механизмыг байгуулсан. Ерөнхийлөгч болсон даруйдаа 2021 онд ОХУ-аас эхэлж байсан гадаад харилцаагаа том гүрнүүдээр тасралтгүй үргэлжилжлүүлсэн. Францыг Ерөнхийлөгч Макроныг урьж, уригдаж, НҮБ-ын индэр дээрх үг хэлж, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францисыг урьсан гэхчлэн ач холбогдол өндөртэй айлчлалууд түүний үед хийгдэв. Улмаар манай улсын нэр хүнд олон улсын тавцанд өсч, байр суурь бэхжиж байгааг айлчлалуудаас харж болно.

Зүтгүүр: Нөгөө талаар У.Хүрэлсүх 2027 онд төрийн тэргүүнээс бууна. Энэ замаа тэгшитгэх, цаашлаад эцэг хууль хөндөх замаар дахин сонгогдох боломжоо олох нюансууд нь 2024 оны сонгуулиар бүрдэх парламентаас шалтгаална. Эрх хэмжээгээ өргөхийн тулд одоогоор ойр дотныхноо улстөрд оруулах. Зөвлөх Б.Даваадалайгаа Баянхонгорт, дүү У.Отгонбаярыгаа Сүхбаатарт, зөвлөх С.Лүндэг, хүргэн Б.Пүрэвдагва зэрэг ойрын садан төрлүүдээ эрэмбэлэн бэлтгэж суугаа юм.

Ухралт: Энэ оны төгсгөлд онцлохгүй орхихын аргагүй нэг өнцөг бол сэтгүүлчийн цагдан хорьсон явдал. Түүний ангийн найз Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг цэргүүдийн үхэлтэй холбох буруутгал хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр чамгүй хөвөрсөн. Улмаар ШЕЗ-ийн гомдлоор дамжуулан хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөнд халдаж сэтгүүлчийг хорьсон нь ардчиллын индекст асар сөрөг нөлөөг авч ирэх эрсдэл үүсгээд буй.

Засгийн газрын тэргүүний манлайлал: Ах нарынхаа заримд дөнгө тавьж, заримыг нь айлгаж чадав-

Засгийн газрын дундаж нас 1.5 жил байв. Энэ нь авлигын системтэй шууд холбоотой. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 3 гаруй наслаад байна. Тэрбээр 2021.01.29-нд Засгийн газрын тэргүүн болж үгээ хэлж байв. Өдгөө гурван жил болоход ганцхан сар үлдлээ. Таавчигтай эхээс болж У.Хүрэлсүхийг огцорсны дараа МАН-ын зүрхтэй, хийтэй, хийх гэж муйхарладаг залуу үеийнхэн засгаа ах нараасаа өвлөж авсан.

Томилогдсон цагаасаа дүржин байдал үзүүлсэн. “5Ш” гэх сүржин нэртэй ажиллагаа явуулж, Т.Бадамжунайг авч ирсэн ч, өнөөх нь шүүгдээгүй хэвээр. “30 жилийн нийгэм, эдийн засгийн явцад үнэлэлт дүгнэлт өгч, шинэ

30 жилийн эхлэлийг зөв тавих суурь реформд анхаарлаа хандуулсан” гэж ярьсан. Өнгөрсөн 30 жил хэдхэн ах нар улс орноо хувааж идэж суусан гэдгийг олон нийтэд ойлгуулав.

М.Энхболдыг суудлаас нь буулгаж чадсан шигээ хүүд нь гишүүний суудал өгснөөс бусдаар Н.Энхбаярыг намаасаа, Н.Багабандийг Оюутолгойн ТУЗ-өөс, Л.Бямбасүрэнг ИНЕГ-аас, Х.Бадамсүрэнг “Эрдэнэт үйлдвэр”-ээс зэргээр явуулж арга эвийг нь олсоор л сууна. МАН-ын үе солигдох процесст тэр тодорхой нөлөөлөл үзүүлж, тамга дарж чадсан юм.

-Том тоо өссөн ч хөргөгч хоосон, гэдэс өлсгөлөн…

Эдийн засгийн хувьд том тоо өссөн жил байв.

Эдийн засаг 4.8 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан билээ. 2023 онд дотоодын нийт бүтээгдэхүүн 62.4 их наядад хүрч, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 5000 ам.долларт хүрсэн. Төлбөрийн тэнцэл анх удаа 538 сая доллароор эерэг гарч, төсвийн орлого түүхэндээ 1.8 их наядаар давж биелэв. Үүнийгээ ашиглан цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлсэн төсвийн тодотголыг хийсэн.

Мөн Хөгжлийн банкны эргэн төлөлт 1.4 их наяд давж, “Мазаалай бонд”-ын 500 сая ам.доллар, “Гэрэгэ бонд”-ын 800 сая ам.доллар, “Чингис бонд”-ын 1.5 тэрбум ам.долларын өр бүрэн төлөгдөв. “Оюутолгой”-н 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэж, гүний уурхай ашиглалтад орсон.

Харин ЭТТ ХК-ийн хувьд биржээр нүүрсээ борлуулдаг болсноор олон эдийн засгийн эерэг нөлөө олон гарсан юм. 2019 онд 15.5 сая тонн нүүрс борлуулж байсан бол аравдугаар сард түүхэндээ анх удаа 20 сая тонн нүүрс борлуулсан. Онцгой дэглэм тогтоосон хугацаанд 2.4 тэрбум ам.долларын орлоготой ажилласан гэж БЭТ Ж.Ганбат тайлагнасан.

Улс орны хэмжээнд том тоонууд ингэж эерүү өссөн. Гэсэн хэдий ч энэ тоонууд иргэний халаас руу үр өгөөж болж орж чадсангүй. Хөргөгч рүү хүнс, ходоод руу хоол, хэтэвч рүү цалин болж орсонгүй. Цалин мөнгө нэмэгдсэн ч инфляц болоод суурь үнийн өсөлтүүдэд сөхөрч байна. Мөн шатахуун, цахилгаан зэрэг бодлогоор зохицуулах учиртай зүйлс иргэдийн амжиргаанд хүндээр нөлөөлөв.

-МЕГА төслүүдээ царцааж, шатахуун цахилгаангүй зутрагсад-

Оны төгсгөлд, хөхөө өвлийн хүйтэнд монголчууд шатахуунгүй, дээр нь нэмээд цахилгаангүй зутруухан дүр төрхтэй байна.

ОХУ-аас нийлүүлэлт хэвийн хийгдэж буй ч манай хэрэглээ хэт өссөнөөс шатахууны хомсдол үүссэнээс өөр асуудалгүй гэх боловч арванхоёрдугаар сард нөхцөл байдал хүндрэв.

Орой үдшийн цагаар хэсэг бусаг байршлуудад цахилгаан хязгаарлаж эхлэв.

Чухам ийм үед “мега төслүүдээ хөдөлгөж байсан бол” гэх хоосон харуусал нөмөрч байх шиг. Уг нь бид “Эрдэнэбүрэнгийн УЦС”, “Эгийн голын УЦС”, “Багануур ЦС”, “ДЦС-5”, “Тавантолгойн ЦС” гэхчлэн гацсан төслүүд олон бий. Газрын тос боловсруулах үйлдвэр ямар шатандаа яваа нь өнөөдөр бас л таг чиг. Дээр нь нэмээд баяжуулах үйлдвэр, гангийн үйлдвэр, алт цэвэршүүлэх үйлдвэр гээд яриагүй үйлдвэр гэж үгүй. 

“Оюутолгой”-н хөрөнгө оруулагчидтай учраа олж, 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдсэн гэх хэдий ч үүнтэй зэрэгцэх хэмжээний том төслүүдээ хөдөлгөх зайлшгүй шаардлагатай гэдэг гашуун сургамж үргэлжилж байна.

Эх сурвалж: Eguur.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *