Сонгуулиас сүрдсэн Б.Пүрэвдорж гишүүн нүхээ ухаж, тойргоо услаад эхэлжээ

0

Сонгуулийн томсгосон тойргийг УИХ-аар баталж, 21 аймгийг нийт долоон тойрог болгон 54 мандат, хотын зургаан тойрогт 24 мандат ногдуулсан. Тиймээс энэ сонгуулиар нэг сонгогч саналын хуудсанд 5-10 нэр дэвшигч дугуйлах шаардлагатай болоод буй.

Тодруулбал, хотын нэр дэвшигчдийн хувьд сонгуульд нэг их өөрчлөлт ажиглагдахгүй хуучнаараа явахаар байгаа ч орон нутгаас нэр дэвшигчид томоохон сорилттой тулгарч байгаа юм. Учир нь Баян-Өлгий аймгаас бусад аймгуудын хувьд 3-4 аймгийн дунд 7-10 мандат олгогдож байгаа. Өөрөөр хэлбэл өмнө нь нэр дэвшигчид өсөж төрсөн аймаг, орон нутагтаа л сурталчилгаагаа хангалттай сайхан хийчихэд болоод явчихдаг байсан бол энэ удаад өөрийнхөөсөө гадна өөр бусад 2-3 аймгийн 40-60 суманд сурталчилгаа хийх шаардлагатай болов.

Үүнээс сүрдсэн үү, эртхэн нүхээ ухаад бэлдэж л байя гэж ширлэсэн үү Ховд аймгаас хоёр дахиа сонгогдсон Б.Пүрэвдорж гишүүн сонгуулийн сурталчилгаагаа хэдийн эхлүүлжээ. Тодруулбал энэ удаагийн томсгосон тойргоор Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймгуудыг нэг тойрог болгож дунд нь 10 мандат хуваарилсан. Б.Пүрэвдорж гишүүн хуучнаар бол Ховд аймгийн 14 сумандаа, тэр дундаа төрөлх, аав, ээжийнхээ сумыг онцгойлон халамжлахад л саналаа авчихдаг байсан бол энэ удаагийн томсгосон тойргоор дөрвөн аймгийн 60 орчим суманд ажиллахаар таарч буй. Тиймээс зунжингаа тойргоо усалсан Б.Пүрэвдорж мэтийн гишүүдэд нэмж тойрог услах шаардлага үүсэж, өөрийнхөө сонгогдоогүй тойргийг сонгуулиас урьтаж услах гэж элдэв арга саам хэрэглэж, үйлээ үзэж явна. Тухайлбал тэрбээр саяхан Увс аймгийн Улаангом сумын иргэдтэй уулзсан тухайгаа цахим хаягтаа нийтэлжээ.

Нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авсан өдрөөс сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлж, санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсоодог. Сонгуулийн сурталчилгааны хуулийн хугацаа 14 хоног. Энэ 14 хоногт баруун дөрвөн аймгийн 60 сумыг Б.Пүрэвдорж гишүүн тойрох боломжгүй. Тойрлоо ч нэг удаагийн уулзалтаар сонгогчдын итгэлийг хүлээх магадлал маш бага тул тэрбээр ийнхүү хууль зөрчөөд ч хамаагүй бэлтгэлээ эртнээс базаахаар сэтгэл шулуудсан бололтой.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *