Ирэх Даваа гаригаас хэрэгжиж эхлэх хуулиуд
2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх хуулиудыг танилцуулъя. Жишээ нь, шинэ он гарснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянган төгрөг болох юм.
Мөн иргэн бүрд хамааралтай зохицуулалт бол Нийгмийн даатгалын багц хууль. Тус хуулийн дагуу 60 сарын дунджаар тэтгэвэр тогтоох бөгөөд нийгмийн даатгалын шимтгэлийн хоёр хувийг дансанд байршуулна. Үүнээс гадна олон нийтийн дунд маргаан дагуулаад байсан малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төр хариуцна.
ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧ ХХОАТ 1 ХУВЬ ТӨЛНӨ
Татварын тухай хуулиар хувиараа хөдөлмөр эрхлэгчид хувь хүний орлогын албан татварын нэг хувийг төлөх боломжтой. Өнгөрсөн сард Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал, ирэх оноос хэрэгжиж эхлэх ХХОАТ-ын хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр хувь хүний орлогын албан татварын 10 хувь нэг хувь болж байна. Энэ зохицуулалт 2024 оноос хэрэгжинэ.
Өмнө нь байгууллага олсон орлогоосоо зардлаа хасаад үлдсэн дүнгийн 10 хувийг татварт төлдөг байсан бол шинэ хуулиар заавал зарлагын баримт цуглуулахгүй нийт орлогынхоо нэг хувийг татварт төлөх боломжтой гэж байь.
СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА 14 ХОНОГ БАЙНА
Энэ онд батлагдсан ирэх жилээс хэрэгжиж эхлэх хуулиудад улс төрийн нам болоод сонгуультай холбоотой заалтууд багтсан. Тухайлбал, намын бодлого тодорхойлох түвшинд нэг хүйсийн төлөөлөл 40 хувь байна. Мөн санхүүгийн ил тод байдлыг тайлагнахыг Улс төрийн намын тухай хуульд тусгасан. Харин УИХ-ын Сонгуулийн тухай хуульд сонгуулийн сурталчилгаа 14 хоног байна гэж заасан.
Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы хурлаар сонгуулийн тойргийг томсгох асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Энгийн логикоор тойргийг дураараа зарж байна. Тойрог томсоно гэдэг нь ЖДҮ, Хөгжлийн банкны бүх хулгай луйварт орчихсон олигархуудын том зодоон болох нь гэж харагдаж байна. Яагаад гэхээр нэг намаас 10 хүн дэвшье гэхэд 10 мандатад 10 намаас 100 хүн 14 хоногт багтааж намынхаа бодлого шийдвэр, өөрийнхөө мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжгүй. Үүнээс юу гарах вэ гэхээр хор хохирол нь эрэгтэйчүүд бид нар тойроод тойроод бардаггүй юмыг энэ 4-5 аймгийг дамжаад бүсгүйчүүд явж дийлэх үү? Тэрийг дагасан санхүү гаргаж чадах уу? Нөгөө эрдэмтэн, докторууд маань тэгэж явж чадах уу? Би мэргэн хүн шиг хэлье. Үндсэн хуулийг хэлэлцэж байхад парламентад суудалгүй бүх нам орж ирнэ гээд шилний цаанаас чихэр долоолгосон. Одоо ийм том тойрогт парламентад суудалгүй намаас нэг ч хүн, бие даагчдаас хэн ч цухуйхгүй. Залуучууд, эмэгтэйчүүд яаж ч үзээд тамираа тасалсан ийм л сонгууль болно. Хувь хүний бие ч дийлэхгүй шүү дээ. 14 хоногт Монголын ийм том, улс орнуудыг нийлүүлсэн юм шиг нутаг дэвсгэрт 100 хүн тойрч тэр ард түмнийг залхаана гэж байх уу? гэсэн юм.