Өмнөговийн ИТХ-ын дарга асан Б.Бадрааг Монгол Улсын хилээр орж ирсэн даруйд нь цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргалаа
Өмнөговийн газрыг Хятадын компаниудад хууль бусаар эзэмшүүлсэн гэх Ханбогд сумын Засаг дарга асан Х.Нэхийт, Ш.Энхжаргал нарыг цагдан хорих прокурорын саналаас шүүх татгалзсан талаар бид мэдээлсэн.
Тэгвэл Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга асан Б.Бадрааг Монгол Улсын хилээр орж ирсэн даруйд нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахыг шүүхээс шийдвэрлэжээ.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т /Мөнгө угаах/ заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татагдсан Б.Бадраад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн. Тус шүүх прокурорын саналыг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцэж, яллагдагч Б.Бадраад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.1, 1.3-д заасан үндэслэлээр Монгол Улсын хилээр орж ирсэн даруйд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.