“Манай банкны хамгийн бага цалин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 үржүүлсэнтэй тэнцэнэ”
Энэ оны эхээр ХХБ, ТУЗ-ийнхөө шийдвэрээр нийт ажилтнуудынхаа цалингийн хэмжээг жил бүр 25 хүртэлх хувиар нэмэх болсноо нийтэд зарлаж, тус хөтөлбөр дөрвөн жил тасралтгүй үргэлжлэхийг мэдэгдсэн. Инфляцийн өсөлт хэвээр үргэлжилж, иргэдийн амьжиргааны түвшин буурсаар байгаа энэ цаг үед цалин хөлсний хэмжээ нэмэгдэх нь өрхийн амьдралын чанарт шууд хамаарах чухал асуудал. Хүндхэн цаг энэ үед ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэж, хүн төвтэй хүний нөөцийн бодлого баримталж буй ХХБ-ны үйл ажиллагаа хариуцсан Гүйцэтгэх захирлын Тэргүүн орлогч, хатагтай А.Энхмэндтэй дахин ярилцлаа.
Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Сүүлийн жилүүдэд төр, хувийн гэж ялгалгүй хүний нөөцийн эргэцийн асуудал маш хурдацтай нэмэгдлээ. Энэ нь зөвхөн байгууллагуудын хүний нөөц биш, улсын хэмжээний тулгамдсан асуудал болохуйц байна. Монгол улсын ТОП ажил олгогч байгууллагын хувьд Худалдаа Хөгжлийн Банк хүний нөөцийн ямар бодлого баримтлан ажиллаж байна вэ?
Сайн байна уу? Баярлалаа, Танд болон уншигч олон нийт, харилцагч нартаа мөн мэнд дэвшүүлье. Сэтгүүлч таны хэлсэнчлэн хүний нөөцийн гадагш чиглэх урсгал маш хурдацтай нэмэгдэж байгаа. Энэ нь зөвхөн банкны салбарт төдийгүй бизнесийн бүх салбар, төрийн нэгжүүдэд ч үүсэж буй асуудал. Нэг талаас залуучуудыг буруутгах аргагүй. Эрүүл сайхан орчин, чанартай амьдрал хүсэх нь хүний ёс, бас хүний эрх шүү дээ. Гадагшаа чиглэсэн энэ их урсгалаа зогсоож, барьж авахын тулд Монгол Улсдаа сайхан амьдрах боломжийг л бүрдүүлэх ёстой. Уг нь маш энгийн ойлголт. Банк бол хувийн аж ахуйн нэгж. Тиймээс өөрсдийн чадах, өөрсдийн мэдлийн хүрээндээ бодлого стратегиа боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлдэг. Хамгийн чухал асуудлууд болох байгууллагын соёл, дотоод уур амьсгал, ажилтны дасан зохицох хөтөлбөрүүдэд анхаарч ажиллаж байна. Мөн дараагийн нэг асуудал бол цалин. Тухайн хүн ажиллаж л байгаа бол цалин нь амьдралынхаа хэрэгцээг хангаж чадахуйц байх ёстой.
Гэтэл ид хөдөлмөрлөх насны залуучууд нь сарын цалиндаа нэг сая хүрэхгүй төгрөг авахаар яаж амьдрах вэ? Түүний оронд гадаадад ажиллаад, ар гэрээ хангалттай амьдруулахыг бодох нь зүйн асуудал болчхож байгаа юм.
Худалдаа, хөгжлийн банк сүүлийн 10 гаруй жилийн турш жил бүр цалингийн хэмжээгээ 10-30% тогтмол өсгөж, секторын хамгийн өндөр цалинтай банк болох зорилгодоо хүрсэн. Түүнчлэн 2023 оноос жил бүр ажилтнуудынхаа цалинг нэмэх хөтөлбөр эхлүүлсэн. Цалингийн хөтөлбөр 4 жилийн хугацаатай үргэлжилнэ. Сая 2023 он эхлэхэд цалингаа 25 хүртэлх хувиар нэмсэн. Тэгвэл ТУЗ-ийн шийдвэрээр энэ удаад дахин 25 хүртэлх хувиар нэмж байна. Дөрөвхөн жилийн хугацаанд бүтэн цалингаа нугалаад өсгөх боломжтой байна гэдэг банкны ТУЗ-өөс ажилтнууд, залуучууддаа өгч буй том дэмжлэг. Залуучууд маань олон улстай зэрэгцэх цалин хөлстэй байх нь эх орондоо ажиллаж, амьдрах итгэлийг нь төрүүлэх чухал хөшүүрэг болно.
Ялангуяа шинэ үеийн залуучуудын үзэл бодол, итгэл үнэмшил илүү нээлттэй, зоригтой зорилготой болсон анзаарагддаг. Залуусын зан төлөвийн өөрчлөлтийг байгууллагын хүний нөөц хамгийн сэргэг мэдэрдэг байх. Юу хамгийн өөрчлөлттэй мэдрэгдэж байна вэ?
Залуу үе үргэлж өмнөх үеэсээ илүү ухаалаг, бас хүчтэй. Гэхдээ өмнөх үе нь ямар ч нийгэмд залуу үедээ сэтгэл хангалуун бус байдаг гэдэг үг байдаг даа. Залуу хүний эрч хүч, урам зориг, санал санаачилга бол үнэхээр магтууштай. Нөгөө талд ахмад ажилтны заавар зөвлөгөө, сайн муугийн туршлага, алдаа онооны дүгнэлт гэдэг маш чухал. Нэг нэгнийгээ нөхөж гүйцээж, цул баг болж ажиллах нь хамгийн өгөөжтэй байдаг. Хэн хэнээсээ сурах зүйл их. Хүн ер нь аливаа нэг зүйлд байнга суралцаж, мотивацтай байвал ажлаасаа уйдах, шантрах, залхах асуудлаас ангид байна. Манай банк нийт ажилтнуудынхаа дунд сургалт арга хэмжээнүүд тогтмол зохион байгуулдаг.
Сүүлийн жилүүдэд сургалт хөгжлийн тоогоо ч эрчимтэй нэмж байна. Зөвхөн 2023 оны эхний хагаст давхардсан тоогоор 13 мянга гаруй ажилтан 350 удаагийн сургалтад хамрагдсан. Манай банк 2200 ажилтантай гээд бодоход нэг хүн жилд дунджаар 7-8 удаа тодорхой ямар нэгэн сургалтад хамрагджээ.
Энэ тоо нь 2019 буюу ковид-19 цар тахлын өмнөх жилтэй харьцуулахад 3 дахин нэмэгдсэн тоо юм. Товчхондоо, Бид банкны стратеги, сургалт хөгжлийн бодит хэрэгцээнд үндэслэн гадаад, дотоодын сургалтад ажилтнуудаа тогтмол хамруулж, мэдлэг ур чадварыг нь хөгжүүлэхэд ихээхэн анхаарч байна. Мөн гадаад, дотоодын их дээд сургуульд суралцахад нь зориулж банкнаас тэтгэлэг олгож, илүү чадварлаг, илүү мэргэшсэн хүний нөөцөөр багаа бүрдүүлэхийг зорьж байна. Залуучууд маань ч боломжийг нь олгочихвол суралцах, сурангаа хөдөлмөрлөх, карьерын өсөлт хийх хүсэл тэмүүлэл ихтэй болсон байна.
Залуучуудын хувьд гадаад явж үзэх, гадаадад суралцах, гадаадад амьдрах гэсэн нийтлэг хүсэл мөрөөдөл байдаг. Банканд ажилладаг залуучуудын ихэнх нь ч бас тийм хүсэлтэй байх?
Ярилцлага эхлэхэд хэлсэнчлэн энэ бол зөвхөн банкны хүний нөөцийн сэдэв биш. Нийтээрээ л гадаадад очихыг, ажиллаж амьдрахыг, сурахыг хүсдэг. Бид ч залуу байсан бол хүсэх л байсан байх. Хамгийн гол нь эргээд эх орондоо ирэх хүсэл тэмүүлэл, итгэл найдвар, зорилго зорилт байх хэрэгтэй. Хэдхэн жилийн өмнө хүмүүс ганцаараа явдаг байсан. Тэд буцаж ирэх шалтгаантай. Харин сүүлийн үед залуучууд маань ам бүлээрээ, тэр ч бүү хэл ах дүү хамаатан саднаараа олуулаа явж байна. Энэ л их санааг маань зовоодог. Гэхдээ юм бүхэн сайн муу хоёр талтай. Жишээ нь, Миний өрсөлдөж болохуйц 10 хүний 5 нь гадаад явчихлаа. Надад 5 өрсөлдөгч үлдлээ. Миний өрсөлдөөнд ялах боломж 50 хувиар нэмэгдлээ гэсэн үг. Залуучууд маань яг ингэж бодож, хараасай гэж хүсэж байна.
Бүх хүн гадаад яваад байна, би бас явъя биш, миний боломж нэмэгдлээ гэж бодоорой. Харин тэр боломжийг банк бодитоор хэрэгжүүлэхэд нь тусална. Мэдээж залуу хүн юм үзэж, нүд тайлах ёстой.
Бусад орны сайн соёл, жишгийг эх орондоо суулгах ёстой. Тиймээс ч бид улирал бүр шилдэг 30 ажилтан шалгаруулж гадаад улсаар аялуулдаг. Сүүлийн 2 жилийн хугацаанд гэхэд 200 орчим ажилтнаа Вьетнам, Турк, Араб, Тайланд, Солонгос, Хятад улсуудаар аялууллаа. Хоёрхон жилийн хугацаанд нийт ажилтны 10 хувь нь гадаадад аялаад ирсэн гэхээр манай банканд ямар их боломж байдаг нь ойлгогдож байгаа байх. Цаашид бид энэ тоог өсгөж, илүү олон ажилтнаа бусад орнуудын соёлтой танилцуулж, бизнес болон чөлөөт аялалд хамруулахаар төлөвлөж байна.
Худалдаа Хөгжлийн Банкийг дэлхийн түвшинд харилцаа, хамтын ажиллагаа сайтай, олон улсад танигдсан банк гэдгээр нь бид мэддэг. Тэгвэл банканд ажиллаж байгаа залуучууд албан томилолтоор гадаадад ажиллах, банкаараа дамжуулан гадаад зах зээлд танигдах боломжууд байдаг уу?
Тийм боломж маш их. Та бүхний мэдэж байгаачлан бид энэ онд IPO хийж олон нийтэд нээлттэй хувьцаат компани болсон. Бидний IPO маш амжилттай болсон бөгөөд гаднын хөрөнгө оруулагч нар манай хувьцааг нэлээд сонирхсон, худалдаж авсан. Банк яаж амжилттай IPO хийв? Цаад шалтгаан нь ерөөсөө л олон улсын туршлага шүү дээ. Манай банк 2007 – 2015 оны хооронд 1.14 тэрбум ам.долларын бондыг олон улсын хөрөнгийн зах зээл дээр босгож, өөрийн эх үүсвэрээр эргүүлэн амжилттай төлсөн цорын ганц арилжааны банк. Бидний дараагийн зогсоол бол олон улсын хөрөнгийн бирж.
Олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани болох. Үүнийг дагаад банк олон улсын харилцаанд маш их орно. Тэр бүхний ард чадварлаг ажилтан хэрэгтэй. Монголоосоо л олон улсын түвшинд ажиллана гэсэн үг. Манай банкны залуус бизнес аяллын томилолтоор Япон, Сингапур, Солонгос, Энэтхэг, Герман, Хонгконг зэрэг олон орноор ажиллаж, туршлага судалдаг.
Мөн бид Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага, элчин сайдуудтай маш өргөн хүрээний хамтын ажиллагаатай. Энэ оны шинэхэн жишээнүүдээс дурдахад,
- Бид Монгол, Хятад хоёр орны худалдаа, санхүү, эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой Монгол, Хятад хоёр орны санхүүгийн хамтын ажиллагааны форумд оролцож, Bank of China -тай “Стратегийн хамтын ажиллагааны санамж бичиг” зурлаа.
- Монгол Улсаас анх удаа Дэлхийн эдийн засгийн форумтай албан ёсны түншлэлийн гэрээ байгууллаа. Гэрээг ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхон болон Дэлхийн эдийн засгийн форумын үүсгэн байгуулагч, доктор Клаус Шваб нар үзэглэсэн юм.
- Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтад орсноос хойш анх удаа АНУ-д ностро данстай боллоо. 2019 онд Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтад орсноор Монголын банкнуудын ам.долларын гадаад төлбөр тооцоог хийх АНУ-ын банкгүй болсон. Үүнээс хойш одоог хүртэл Монголын ихэнх банкнууд Сингапур улсын банкаар ам.долларын гадаад төлбөр тооцоогоо хийж ирсэн. Тэгвэл энэ нөхцөл байдлыг манай банк өөрчиллөө.
гэх мэт олон улсын түвшний асуудал их бий. Энэ бүх амжилттай харилцаа нь манай чадварлаг залуусын шаргуу хөдөлмөр, хичээнгүй зүтгэлийн үр дүн дээр тогтож байгаа юм.
Баярлалаа, Сүүлийн асуултыг танд үлдээе?
Эхлэлээрээ төгсгөе гэж бодлоо. Бид цалин урамшуулал, ур чадварын үнэлгээгээр шатлан дэвших мерит тогтолцоо буюу бүтээмжид чиглэсэн багц хөтөлбөрийг тогтвортой хэрэгжүүлсний үр дүнд хүний нөөцийн хүндрэлийг амжилттай даван туулах боломжтой гэж хувь хүнийхээ хувьд боддог. Монгол залуус маань тив дэлхийг шуугиулсан амжилтууд олон гаргаж байна. Саяхны жишээнээс дурдахад,
- Сингапурт болсон “2023 FIBA 3×3 Asia cup” тэмцээнд манай эрэгтэй шигшээ баг түрүүлж, Азийн аварга боллоо.
- PUBG Mobile-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай “IHC Esports” баг түрүүллээ.
Товчхондоо, Бидэнд маш их ирээдүй байна. Гадаад улсыг зорьсон залуус минь сайн яваад, тэмүүлсэндээ хүрээд, итгэл сэтгэлээр дүүрэн эх орондоо эргэж ирээрэй. Үлдэж байгаа залуус нь өөртөө итгэлтэйгээр урагшилж, боломжоо тултал ашиглаж өсөн дэвжээрэй. Монгол Улсын ирээдүй залуусынхаа зүтгэлээр гэрэлтэнэ гэдэгт итгэлтэй байна.
Мөн банкныхаа үнэ цэнтэй ажилтнууд, эрхэм хүндэт харилцагч, хамтрагч байгууллагууд, бизнесийн түншүүд, хувьцаа эзэмшигч нартаа ирж буй шинэ оны баярын мэндийг дэвшүүлж, 2024 ондоо азтай одтой байж, инээд жаргалаар дүүрэн явахыг хүсэн ерөөе. Баярлалаа