“Хахууль авсан“ гэх “Монголын төмөр зам” ХК-ийн газрын дарга Д.Банзрагчийг 30 хоног ХОРИНО
Төрийн өмчит “Монголын төмөр зам” ХК-ийн Эдийн засаг, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Банзрагчийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. “Зүүнбаян төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал асан түүнийг энэ сарын 21-нд болсон “Нүүрсний” хэргийн сонсголд гэрчээр дуудаж байв.
Д.Банзрагчийг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Дуньрихуй” ХХК-ийн менежер Л.Түвшинбаатараас 37 сая төгрөгийн хахууль авсан хэмээн буруутгаж буй юм. Бидний авсан мэдээллээр “Монголын төмөр зам” ХК-иас зарласан 9.8 тэрбум төгрөгийн өртөгтэй тендерт өмнөд хөршийн иргэн Ли гэх захиралтай дээрх гадаадын аж ахуйн нэгжийг шалгаруулсан аж. Ингэхдээ Д.Банзрагч уг компанид давуу байдал олгохын тулд “Монголын төмөр зам”-ын ерөнхий инженер Т.Батзоригт нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэж буй юм билээ.
“Дуньрихуй” ХХК-д давуу байдал олгосныхоо хариуд Д.Банзрагч хамаарал бүхий хүмүүсийнхээ данс, аж ахуйн нэгжийг ашиглан 37 сая төгрөг шилжүүлүүлж “Тоёота корпорац”-ын албан ёсны борлуулагчдын нэг “Топ моторс” ХХК-иас авсан “Ланд круйзер-300” загварын автомашиныхаа урьдчилгаанд төлсөн гэнэ.
Тиймээс “Монголын төмөр зам” ХК-ийн Эдийн засаг, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Банзрагчийг Эрүүгийн хуулийн 22.4-2-т заасан их хэмжээний хахууль авсан гэх үндэслэлээр яллагдагчаар тооцсон байна. Улмаар НПГ-аас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах санал хүргүүлснээр өнгөрсөн баасан гарагт хэлэлцэж, 30 хоногийн хугацаагаар цагдан хорих захирамж шүүгч гаргажээ.